Б.Чагнаадорж: Гангийн үйлдвэрийн мега төслийг хэрэгжүүлэх чухал алхмыг хийлээ
- 2024-12-31
- Эдийн засаг
- 0
Монгол Улсын иргэддээ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын нийт ажилтан албан хаагчдадаа шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хамт олон 2024 оноо ажил үйлсийн өрнүүн амжилтаар үдэж, ирж буй 2025 оноо зорилго зорилт, их бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй угтаж байна.
Манай хамт олон өнгөрөгч онд ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр 34,9 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс 25,9 мянган тонныг борлуулан 85,1 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ. Харин уул уурхайн үйлдвэрлэлээр 2,1 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэснээс экспортод 1,1 сая тонныг нийлүүлэн 207,1 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж, нийтдээ 292,2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн ажиллалаа.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2024 онд улсын төсөвт 54,7 тэрбум төгрөг, үүнээс Дархан-Уул аймгийн төсөвт 31,5 тэрбум төгрөг, Үндэсний баялгийн санд 13,6 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлж Эрдэнэс Монгол нэгдлээс батлан хэрэгжүүлсэн зорилтот түвшний биелэлтээ бүрэн ханган ажиллалаа.
Компанийн удирдлага, менежментийн баг биржийн борлуулалтаа идэвхжүүлж, тээврийн эргэлтээ нэмэгдүүлснээр оны хоёрдугаар хагаст экспортын тээврийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлсэн төдийгүй үр дүнд нь цэвэр ашгаа 9,4 тэрбумаар өсгөж чадлаа. Энэ нь Гангийн үйлдвэр барих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал алхам болж байна.
Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг болох “Дархан ҮТП” төслийн бэлтгэл ажлын хүрээнд сратегийн орд болох Төмөртэйн уурхайн нөөцөө нэмэгдүүлж, Ган үйлдвэрлэлийн цогцолбор төсөл болон одоогийн гангийн үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах, нөөцөд байгаа ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг зорьж ажиллалаа.
Айлчлан ирж буй 2025 онд Та, бидний зорьсон ажил, түүхэн бүтээн байгуулалтын их үйлс амжилт бүтээлээр дүүрэн байж, Монгол Улсад Ган үйлдвэрлэлийн салбар шат ахин хөгжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЧАГНААДОРЖ
Сэтгэгдэл (0)