2020 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж, бүртгүүлэх үйл ажиллагаа эхэллээ
- 2021-01-06
- Нийгэм
- 0
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй. АТГ-аас мэдүүлэг гаргагчдын 2020 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр meduuleg.iaac.mn цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхэллээ.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу 1769 салбар байгууллагын албан тушаалтнууд 2020 оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж бүртгүүлэх юм. Энэ онд Соёлын яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний геологийн алба, Биеийн тамир, спортын улсын хороо, Төрийн тусгай хамгаалалтын газар, Соёл, урлагийн газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг яам, агентлаг шинээр байгуулагдсан нь мэдүүлэг гаргагчдын тоонд өөрчлөлт орохоор байна.
Монгол Улсад бий болсон коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдуулан албан тушаалтнаас 2020 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааны бэлтгэлийг хангах чиглэлээр АТГ-аас уг мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулан сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгууллаа.
Энэ хугацаанд тус газраас төрийн байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад нэгдсэн заавар зөвлөмж өгч, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)