Мозамбекийн шоронгоос 1500 хоригдол оргожээ

Сонгуулийн маргаантай үр дүнгээс үүдэлтэй улс төрийн үймээн самууныг далимдуулан Мозамбекийн шоронгоос 1500 гаруй хоригдол оргожээ. Цагдаагийн дарга Бернардино Рафаэлийн мэдээлснээр хамгаалагч нартай мөргөлдсөний улмаас 33 хүн амиа алдаж, 15 хүн шархадсан байна. Оргон зайлсан этгээдүүдээс 150 орчимыг нь баривчилжээ.

Мозамбект Фрелимо нам 1975 оноос хойш эрх барьсан. Аравдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшигч Даниел Чапо ялалт байгуулсныг Дээд шүүхээс нотолжээ. Гэвч энэхүү нотолгоог эсэргүүцэн Даваа гаригт эсэргүүцлийн жагсаал болсон байна. Сонгуулийн дараахан аравдугаар сард эмх замбараагүй байдал хэдийнэ үүссэн байсан. Энэ удаад Дээд шүүх албан ёсоор Даниел Чапогийн ялалтыг баталгаажуулсан нь шинэ эмх замбараагүй байдлын эх үүсвэр болсон юм.

Засгийн газрын эсрэг жагсагчид Лхагва гаригт нийслэл Мапутогийн шоронд дөхөж очжээ. Улмаар эмх замбараагүй байдал үүссэнд хоригдлууд завшааныг ашиглан хана нурааж, зугтсан аж. Эмх замбараагүй байдлын уршигаар намын байрууд, цагдаагийн газар, банкууд болон үйлдвэрүүд дээрэм тонуулд өртөж, шатах нь шатжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулиар Даниел Чапо 71 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч Венансио Мондлейн 20 хувийн санал авчээ. Мондлейн өдгөө Мозамбект байхгүй ч өөрийн дэмжигчдээ жагсаал цуглаанд уриалан турхирч байсан аж. Дашрамд дурдахад, сонгуулиас хойш гурван сарын турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалд 150 орчим хүн амь үрэгдээд байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)