Судлаач Ганаа: Шатахууны луйврын учгийг мөшгөхүй
- 17 цаг 16 мин
- Нийтлэл
- 0
Саяхан Bloomberg-т: “Монголд нефтийн бизнес эрхэлдэг “Trafigura” компани Монгол дахь оффисоосоо 1,1 миллиард доллар алдав” гэсэн мэдээ гарч үүнийг нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд давтан цацав. Миллиард гаруй доллар бол асар их мөнгө бөгөөд дэлхий даяар гайхан шагширч байхад “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” Монгол л ганцаараа таг чиг. Энэ тухай өгүүлсү…
Монгол ойлголт
Монголчууд шатахуунаа Оросоос авдаг, хааяа бензин дутвал Хятадаас авдаг гэж ойлгодог. Манайд үе үе шатахууны үнэ нэмдэг, үе үе шатахууны хомсдол үүсдэг зүй тогтлыг монголчууд бүгдээрээ мэднэ. Энэ үед чаддаг мэддэгээрээ оросуудыг хараана, гуйна.
- Яагаад бензингүй болчихов ?
- Оросууд үнээ нэмсэн. Эсвэл оросууд хязгаарлалт тавьсан.
Ойлгомжтой асуулт, ойлгомжтой хариулт. Ингээд орос руу гуйж гувчиж бензинтэй болж авна. Харин үүний дараа ёс мэт бензиний үнэ нэмнэ. Ийм орчлоор бид олон жил амьдарч иржээ. Монголчууд шатахууны компаниудыг хараана, оросыг хараана. Хараахаас өөр юм хийж чадахгүй учраас хэдэн компаниуд нь дураараа үнэ нэмнэ, мөн дураараа хуурамч шатахуун нийлүүлнэ. Монголчууд хулхи шатахуун байгаа гэдгийг мэддэг ч яаж ч чаддаггүй.
Мэдээллийг шинжихүй…
Bloomberg-т гарсан мэдээллийг үзээд би цочирдов. Мэдээнд өгүүлсэн хохирлын тоо хэмжээ 1,1 миллиард…,чингэхдээ бүр ганцхан жилийн дотор шүү дээ…Гадаад компани хохироо л биз, маньд ямар хамаа байна гэж бодож болох ч хохирол гээд байгаа нь “Монголд байгаа ажилтнуудын хууль бус ажиллагаанаас болсон” гэдэг хэсэг тун их анхаарал татав.
Уг мэдээнд: “Монгол Улс өдөр тутам 35 мянган баррель орчим, жилд 1 миллиард долларын нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг” гэж өгүүлжээ.
Ингээд бид жилд хэрэглэдэг шатахууны хэмжээ хийгээд түүний үнийг мэдэж авав.
Цаашаа бүр ч сонирхолтой:
“Trafigura” компани Монголын шатахууны импортын гуравны нэгийг нийлүүлдэг. “Trafigura” компанийн Монгол дахь салбар жил тутам хэдэн зуун сая доллар эргэлдүүлдэг ба ашгийнх нь хэмжээ хэдэн арван сая доллар. Энэ нь том биш боловч ашигтай бизнес, учир нь марж нь 1%-иас хэзээ ч хэтэрдэггүй.
Эндээс Монголын шатахууны импортын гуравны нэгийг “Trafigura” гаргадаг, харин үлдэх гуравны хоёрыг монголын компаниуд хийдэг, улмаар монголын нефтийн зах зээлийг “Trafigura” үндсэндээ атгаж байна гэж дүгнэж болно.
Уг мэдээнд цааш нь:
“Trafigura”-ын монгол ажилтнууд хугацаа хэтэрсэн өрийн хэмжээг нууж, гаалийн төлбөр, фрахтын тооцоог будлиулж, төлбөр тооцоог будлиулсны улмаас олон жилийн турш түгшүүрийн дохио өгөлгүйгээр хяналтаас гаргасан.
Эндээс“Trafigura”-ын монгол ажилтнууд олон жилийн турш данс тооцоо будлиулж, луйвар хийж байсан гэсэн дүгнэлт гарна.
Цааш нь уг мэдээнд:
“Энэ ноцтой асуудлыг 2023 оны сүүлээр мэдсэн бөгөөд Монгол дахь “Trafigura”-ын ерөнхий нефтетрейдер Эрдэнэсүрэнгийн Жононбаярыг ажлаас халсан, одоо мөрдөн шалгах ажиллагаа авагдаж байна гэжээ. Мөн “Trafigura” 1,1 миллиард $-ын хохирлын талаас илүүг эзэлж буй “Lex Oil”-оос мөнгөө нэхэж авахаар ажиллаж байна.”
Энд Монголын шатахуунтай холбоотой өөр нэг “Lex Oil” компани гарч ирж байгааг бид харж байна.
“Trafigura” гэж юу вэ ?
“Trafigura” бол1993 онд үүссэн сингапурын үндэстэн дамнасан трейдер компани бөгөөд металл, эрчим хүч, нүүрс устөрөгч, түүний дотор нефтийн бөөний худалдаагаар дагнасан аварга компани юм.
Дэлхийн нефть нийлүүлэгч компаниуд дунд 2-рт, металл нийлүүлэлтээр дэлхийд 1-рт ордог.
“Trafigura” групп 1400 хувь нийлүүлэгчтэй, дэлхийн 156 онд үйл ажиллагаа явуулдаг, 12.000 хүн ажилладаг. “Trafigura” бол аль нэг улсын өмч биш, дээрх 1400 хувь хүн өмчилдөг үндэстэн дамнасан компани юм.
“Trafigura” нефтийн бөөний худалдааны аварга том компани хэдий ч хэрүүл хэл амнаас салдаггүй.
- 2001 онд Иракт туслах хөтөлбөрийн хүрээнд 272 мянган баррель нефтийг хүнсний бараагаар солих нэрийн дор хуурамч бараа их хэмжээгээр Иракт нийлүүлсэн хэрэгт холбогдсон. Өөрөөр хэлбэл Садам Хуссейтэй наймаа хийсэн…
- 2006 онд “Trafigura” компани Кот-д”Ивуара-гийн усанд хортой хаягдал хаясан. Үүний улмаас 17 хүн үхэж, 30 мянган хүн хордсон, нийтдээ бараг 100 мянган хүн эмнэлэгт хандсан. Хожим нь “Trafigura” компани Кот-д”Ивуара-гийн ЗГ-т хохирлын нөхөн төлбөр болгож 198 сая ам.доллар өгсөн.
- 2007 онд Норвегэд нефть ачиж явсан “Trafigura”-ын цистерн дэлбэрсэн. Норвегийн цагдаа Trafigura-ны ажилтнуудын дуудсан боловч энэ асуудал намжсан.
- 2013 онд “Trafigura”-ын хэд хэдэн охин компани Мальти улсад нефтийн үнийг хөөрөгдсөн будлианд орооцолдсон.
- 2016 онд “Trafigura” Африк руу хүхрийн өндөр агууламжтай хортой дизель түлш нийлүүлсэн хэрэгт хутгалдсан. Үүнээс хойыш Африкийн улсууд дизель түлшин дэх хүхрийн хэмжээг хатуу хянах болсон.
Бяцхан арифметик
Уг мэдээнд:
“Trafigura” компани 2024 оны санхүүгийн жилд 2,8 миллиард долларын цэвэр ашигтай олно гэж мэдэгдэж байв. Гэтэл энэ ашиг гэв гэнэт 62%-иар буурсан. 1,1 миллиард долларын хохирлын 357,5 сая нь Монголд болсон луйвраас болсон, бусад нь өмнөх жилүүдийн хохирол юм. Монголд гарсан луйвар ойролцоогоор 5 жил үргэлжилсэн.
Монголын шатахууны импортын гуравны нэгийг “Trafigura” эзэмшиж, 2,8 миллиардын ашигтай байгаа юм бол үлдсэн гуравны хоёр буюу 2,8 х 2 = 5,6 миллиард $-ыг монгол компаниуд эзэмшдэг ба монголын нефтийн зах зээлээс нийтдээ 8,4 миллиард (5,6 + 2,8) долларын ашиг олдгийг хялбархан гаргаж болно.
Энэ тоо бага зэрэг наашаа цаашаа байж болох авч Монголын шатахууны зах зээлээс шатахуун нийлүүлэгч гадаад дотоод компаниуд ойролцоогоор 8 орчим миллиард долларын цэвэр ашиг олдог гэж бүрэн итгэлтэйгээр дүгнэж болно.
Монголчууд “хулхи бензин машин хөнөөж байна”, “бензинд юм хольж байна”, бензины чанар муу байна” гэж үглэн дуулсаар олон жил болж байна. Энийг үздэг шалгадаг газар Монголд байхгүй. Хэн бензинд юм хольж, хулхи бензин болгож хувиргадаг вэ ? Энд цорын ганц хариулт байгаа бөгөөд энэ нь шатахуун нийлүүлэгч компаниуд.
Шатахуун нийлүүлэгч компанийн 8 миллиард долларын цэвэр ашгийг хулхи шатахуунаас буюу Монголчуудыг шулан мөлжсөнөөс авдаг гэж дүгнэхэд эндүүрэл болохгүй нь лавтай.
Түүнээс гадна хулхи чанаргүй шатахуун УБ-ын утааны нэг том эх үүсвэр болж байгаа нь ямар ч эргэлзээгүй. Иймээс машинтай биш, хулхи шатахуунтай тэмцэх цаг болсон.
Бид ОХУ-тай шатахууны наймаа хийгээд 100 гаруй жил болж байна. Хамгийн ойрхон Эрхүүд байгаа оросын компанитай шууд гэрээ хийж шатахуун авахынхаа оронд дундуур нь заавал “Trafigura” мэтийн гаднын компани хавчуулан оруулж шатахууныхаа импортын гуравны нэгийг тэдэнд алдана гэдэг логик яав ч эрүүл биш…
Хэрэв би мэддэг байсан бол Эрхүү рүү давхиж очоод нефть нэрэх үйлдвэрийн дарга нартай хэдэн шил юм хувааж уугаад гаднын зуучлагч ямар ч компани оруулахгүйгээр хольцгүй цэвэр орос шатахуун оруулж ирнэ.
Монголын төр засагт монголыг хорлох гэсэн этгээдүүд цөөнгүй байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл (0)