Улс, орон нутгийн төсөвт 5.6 тэрбум доллар төвлөрнө
- 17 цаг 50 мин
- Уул уурхай
- 0
Засгийн газраас Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү төсөл нь Франц улстай хийх ураны гэрээний төсөл бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр улсын хамтарсан ажлын хэсэг ажиллаж, гаргасан саналуудаа нэгтгэж албан ёсоор гэрээ байгуулах төслүүд юм. Тодруулбал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах MV-018915 дугаартай “Дулаан-Уул”, MV-018916 дугаартай “Зөөвч-Овоо”, MV-018914 дугаартай “Өмнөт” цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадрах Энержи” ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж, орлуулахаар тогтжээ.
Aшигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг ураны зах зээлийн үнийн түвшнээс хамаарч дараах байдлаар тогтоохоор төсөлд тусгажээ.
Ураны хүдрийн баяжмал (ураны исэл U3O8)-ын зах зээлийн үнэ (ам.доллар/фунт)
- 0-40 хүртэл
- 40-50 хүртэл
- 50-аас дээш
Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ
- 0.0%
- 0.5%
- 5.0%
УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан бодлогын үндсэн 4 чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг нь тус хөтөлбөрийн 3.3.1.11-д “Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулна” гэж заасан Монгол, Францын хамтарсан Ураны төсөл юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны аравдугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг САС хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр талууд гарын үсэг зурсан байдаг.
“Зөөвч-Овоо” төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Бадрах энержи” ХХК-ийн 34 хувийн энгийн хувьцааны ногдол ашигт 2,151 сая ам.доллар, АМНАТ-д 717 сая ам.доллар буюу нийт улс, орон нутгийн төсөвт 5.6 тэрбум ам.доллар төвлөрөх тооцоолол гарсан.
Харин 34 хувийн энгийн хувьцааг тус хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн тусгай АМНАТ-аар орлуулж, 14 хүртэлх хувийн суурь болон өсөн нэмэгдэх АМНАТ тооцоход давуу эрхийн хувьцаанд 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-д 2,007 сая ам.доллар (суурь АМНАТ-д 717 сая ам.доллар, тусгай АМНАТ-д 717 сая ам.доллар, өсөн нэмэгдэх АМНАТ-д 573 сая ам.доллар), нийт улс орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.доллар төвлөрөхөөр байна. Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсын Засгийн газрыг дараа дараагийн төслүүдээ хөдөлгөхдөө жижиг хувьцаа эзэмшигчээр оролцохоос зайлсхийж, төсөлд бүтээгдэхүүн хуваах гэрээ, эсхүл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр оролцох зөвлөмж болгосон байгааг харгалзах нь зүйтэй гэж дүгнэсэн. Түүнчлэн, төслөөс улс, орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, төлбөр, хураамжийн орлого нь ногдол ашгийн орлоготой харьцуулбал төслийн зардлын өсөлтөд сул мэдрэг буюу эрсдэлгүй орлогод тооцогддог.
Тогтоолын төсөл батлагдсанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.3.1.11-д заасан Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Монгол, Францын хамтарсан ураны төсөл үр ашигтай хэрэгжих боломж бүрдэнэ. Түүнчлэн, төслийн хүрээнд 34 хувийн энгийн хувьцааг хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж, 9 хүртэлх хувийн өсөн нэмэгдэх АМНАТ тооцож авах тохиолдолд давуу эрхийн хувьцаанд 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-д 2,007 сая ам.доллар нийт улс орон нутгийн төсөвт 5.1 тэрбум ам.доллар төвлөрөх боломжтой болно. Мөн Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг хуваарилах хугацааг хүлээлгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн 19 хүртэлх хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож, үр өгөөжөө шууд хүртэх боломжтой болно.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар 34 хувийн энгийн хувьцаа эзэмших тохиолдолд Монголын талд ногдох нийт 5.6 тэрбум ам.долларын орлогын 82 хувь нь зардлын өсөлтөд өртөмтгий буюу эрсдэлтэй орлого, үлдсэн 18 хувь нь зардлын өсөлтөөс үл хамаарах эрсдэлгүй, найдвартай орлого гэж урьдчилан тооцоолсон байна.
Харин Засгийн газар нь 10 хувийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулснаар эрсдэлгүй орлогын хувийг 18- 45 хувь хүртэл өсгөх боломжтой гэжээ. Тиймээс 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж, Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг хуваарилах хугацааг хүлээлгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн төслийн үр өгөөжийг шууд хүртэх боломжийг бүрдүүлэх зорилгоор тогтоолын төслийг боловсруулж, дээрх хувилбарыг сонгосноор төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох тооцоолол гарсан бөгөөд үүнийг хөрөнгө оруулагчтай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд баталгаажуулан тусгахаар талууд тохиролцжээ.
Тогтоолын төсөл нь 3 заалттай байх бөгөөд 1 дүгээр заалтад “Бадрах Энержи” ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж, орлуулах асуудлыг, 2 дугаар заалтад ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг тогтоох, 3 дугаар заалтад тус тогтоолыг дагаж мөрдөх хугацааг тогтоох аж.
Хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээний төсөл нь 18 бүлэг 86 зүйл 355 заалттай.
Энэхүү төсөл нь гуравдагч орны хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болох бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх улс орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17,1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61,5 тэрбум, төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөгийг төвлөрүүлж валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, 1600 орчим ажлын байр бий болгох ач холбогдолтой. Мөн шинэ технологи нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэр (хүхрийн хүчлийн үйлдвэр)-үүд баригдах боломжийг бүрдүүлэх юм. Мөн энэхүү төсөл хэрэгжсэнээр бүс, орон нутгийн хөгжлийн дэмжих, байгаль орчныг хамгаалах, олборлолт, үйлдвэрлэл технологийн чиглэл, татвар санхүү, эдийн засаг хөрөнгө оруулалтын чиглэлээр ямар нөхцөлөөр ажиллахаа харилцан ойлголцсон байна.
Энэ өдрүүдэд парламентаар хэлэлцэх гол хуулийн төслийн нэг бол ураны хөрөнгө оруулалтын гэрээ болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд. Оюутолгойн дараа орох хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээ учраас олон нийт ч анхаарлаа хандуулж, 126 гишүүн ч гэсэн төслийн заалт бүр дээр ач холбогдол өгч, хөрөнгө оруулалтын гэрээг батлах шаардлага үүсч байна.
Сэтгэгдэл (0)