Хүндэтгэлийн чуулган зарлах уу

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын хаврын ээлжит чуулганыг энэ жил анх удаа гуравдугаар сарын 15-нд нээсэн. Түүнчлэн УИХ-ын ээлжит чуулганыг ажлын 75-аас доошгүй өдөр хуралдуулахаар хуульд тусгасан. Үүнээс өмнө хавар, намрын чуулганыг нээж хаах өдрийг тухайлан товлодог байсан юм. Үндсэн хуулийн дагуу ийнхүү өөрчилснөөр энэ удаагийн хаврын чуулганыг ирэх сарын эхээр хаахаар байна. УИХ-ын ээлжит чуулганыг нээж, хаахад амралт болон баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын дараагийн өдөрт шилжүүлэх хуультай. Энэ жилийн хувьд чуулганыг эхлүүлэх хуулийн хугацаат өдөр ажлынх байсан учраас гуравдугаар сарын 15-нд нээсэн юм. Хаврын чуулганаар нийт 50 хуулийг хэлэлцэхээр дараалал тогтоосон. Үүнд Ерөнхийлөгчөөс тав, УИХ дахь МАН-ын бүлгээс 81, АН-ын бүлгээс 17, Засгийн газраас 80, есөн Байнгын хорооноос 66, УИХ-ын гишүүн Т.Доржхандаас найм, УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тав буюу нийт 263 хууль, тогтоолын төслийг тусгуулах саналыг ирүүлсэн байдаг. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос давхардсан болон заавал хэлэлцэх шаардлагатай асуудлыг эрэмбэлэн нийт 50 төслийг хаврын чуулганы хугацаанд хэлэлцүүлэхээр тусгасан юм.

Одоогоор дээрх хуулиудын дийлэнхийг хэлэлцээд байгаа бөгөөд Улсын баяр наадмаас өмнө хаврын чуулганыг хаах товтой байна. Түүнчлэн энэ жил Хүндэтгэлийн чуулган хуралдуулж магадгүй байгаа юм. Учир нь, энэ жил Ардын хувьсгалын болон Ардын намын, Зэвсэгт хүчний 100 жилийн тэгш ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Хүндэтгэлийн чуулганыг зарлан хуралдуулах талаар яригдаж эхэлсэн гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Хүндэтгэлийн чуулганыг ямар тохиолдолд хуралдуулах талаар УИХ-ын тухай хуульд тусгайлан заасан байдаг.

Тодруулбал, Улсын их хурлын тухай хуулийн 21.1-д Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно хэмээн заасан байдаг. Улмаар тус хуулийн 21.2-т заасны дагуу УИХ-ын дарга хүндэтгэлийн хуралдаан хуралдуулах тухай захирамж гарах учиртай. Үүний дагуу манай улс өнгөрсөн хугацаанд Хүндэтгэлийн чуулганыг найман удаа зарлан хуралдуулж байсан юм. Тухайлбал, 2006 онд Их Монгол Улсаа байгуулсны 800 жилийн ойг орон даяар тэмдэглэсэн бөгөөд энэхүү ойг тохиолдуулан УИХ хүндэтгэлийн хуралдаан хийж байсан юм. Түүнчлэн Байнгын ажиллагаатай парламентын 20, 25 жилийн ойд зориулан 2010, 2015 онд хүндэтгэлийн хуралдаан хийж байв. Мөн 2011 он буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан тухайн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Энэхүү ойг тохиолдуулан 2011 оны арваннэгдүгээр сарын 28-нд УИХ хүндэтгэлийн хуралдаан хийсэн. Түүнээс гадна жил бүрийн долоодугаар сарын 10-ныг манай улс “Төрийн далбааны өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 2013 онд энэхүү өдрийг хоёр дахь удаагаа Төрийн тэргүүнээр сонгогдсон Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой хамтатган тэмдэглэж байлаа. Тухайн үед Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан УИХ Төрийн ордны гадаа, Чингис хааны хөшөөний өмнө хүндэтгэлийн хуралдаан хийж байсан юм. Манай улс гаднын зочдын айлчлалтай холбогдуулан хоёр ч удаа Хүндэтгэлийн чуулган зарлан хуралдуулж байсан удаатай. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны наймдугаар сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж байсан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан хийсэн бөгөөд БНХАУ-ын дарга хүндэтгэлийн чуулганд оролцож УИХ-ын гишүүд, Монголын ард түмэнд хандаж үг хэлж байсан удаатай. Дараагийнх нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн оролцсон УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан байсан юм. Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сарын 17-нд манай улсад албан ёсны айлчлал хийж байв. Энэхүү айлчлалтай холбогдуулан УИХ хүндэтгэлийн хуралдаан хийсэн бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд тус чуулганд оролцож үг хэлж байсан юм. Харин хамгийн сүүлд УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд хуралдуулж байв.

Ийнхүү манай улс Хүндэтгэлийн чуулганыг тухайн цаг үе, үйл явдалтай холбогдуулан хийж ирсэн. Энэ жил ч мөн Улсын их хурлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолтой салшгүй холбоотой түүхэн ой, тэмдэглэлт үйл явдал тохиож байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын дагуу МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулсан. Харин түүнийг тангараг өргүүлэн ёсчлох үйл ажиллагааг энэ сарын 25-нд зохион байгуулахаар болоод байгаа юм. Тодруулбал, УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Үндсэн хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын их хуралд тангараг өргөнө”. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг Улсын их хурал тогтооно” хэмээн заасан байдаг. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай тогтоолын төслийг санаачлан боловсруулсан. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11:40 цагт байхаар тогтсон юм.

Хэрвээ Хүндэтгэлийн чуулганыг зарлан хуралдуулахаар бол Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой хамтатгах хувилбар ч байж болох юм. Манай улсын дотоодод тархсан коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаа энэ үед аливаа баяр ёслолыг нийтээр буюу олноороо цугларан тэмдэглэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж эхэлсэн. Хэдийгээр түүхэн, тэгш ой тохиож байгаа ч УОК болон ЭМЯ-наас зөвлөсөн зөвлөмжийн дагуу аль болох цомхон тэмдэглэн өнгөрүүлэх, өөрсдийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх нь зүйтэй гэж УИХ, Засгийн газраас үзэж байгаа юм. Харин Хүндэтгэлийн чуулганы тухайд дээрх дүрэм, журмыг зөрчихгүй. Учир нь, өнгөрсөн оноос эхлэн УИХ-ын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн. Ингэснээр УИХ-ын нэгдсэн чуулган болон Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдааныг цахимаар хуралдуулж байгаа юм.

М.ӨНӨРЖАРГАЛ

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)