Д.Далайжаргал: Уран бол шинжлэх ухааны гайхалтай ололт юм
- 3 цаг 24 мин
- Улс төр
- 0
“Мон атом” компанийн уди
рдлагууд болон эрдэмтэдийн төлөөлөл Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын “Орано майнинг” компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2025.01.16/ мэдээлэл хийлээ.
“Мон атом” компанийн захирал Д.Далайжаргал:
-Сүүлийн хоёр сар бид УИХ дээр уг гэрээний талаар дөрвөн удаа орж ярьсан байгаа. Энэ талаар сайн, муу бүх ойлголтыг та бүхэн авсан байх. Маргааш албан ёсоор гарын үсэг зурна. Энэ гэрээний 50-иас илүү хувийг ард иргэд хүртэнэ. Монголоос авсан шар нунтаг ойрын 50 жил европын орнуудын цахилгааны эрчим хүч болж явна. Европын холбоо цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүч хэмээн зарласан. Тэгэхээр бидний гаргаж байгаа шар нунтаг цөмийн эрчим хүчний түлш болно гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол Оюутолгойн араас орж ирж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Уран бол шинжлэх ухааны гайхамшигт ололт.
Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр:
-Миний бие энэ төсөлд мэргэжлийн шинжээчээр ажилласан. Олон нийтийн дунд уран олборлохтой холбоотой буруу ойлголт үүссэн байна. Ураныг олборлож байгаа газарт нь хэн нэгэн ирээд тарьчхаагүй юм аа. Анх хорвоо ертөнц үүсэхэд газрын гүнд байсан зүйл шүү дээ. Түүнчлэн тэр хавийн усыг уран олборлохоос өөр юунд ч ашиглах боломжгүй. Энгийнээр бол бохир ус мэргэжлийн хэллэгээр бол техникийн орчин гэж нэрлэж байгаа. Тэнд ундны ус байхгүй ээ. Уран бол цацрагт идэвхит ашигт малтмал. Тиймээс ус нь ч гэсэн хоруу чанартай. Тиймээс цэвэр усыг бохирдуулаад байгаа мэт ойлгож болохгүй. Түүнчлэн уран олборлохдоо баталсан олон улсын дүрэм журмыг дагаж, ажиллана. Хөрөнгө оруулалтын гэрээнд мөн тусгасан байгаа.
Баталсан стандарт, дүрмийн дагуу ажиллаж байна уу гэдэгт 3-4 жилд нэг удаа шинжээчдийн баг ирж, төсөл хэрэгжүүлэгч компанид шаардлага, зөвлөмж өгнө.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс газар доор уусан баяжуулах аргаар, технологийн туршилт хийж 10 мянган тонн уран олборлосон. Дэлхий нийтэд мөн энэ аргаар олборлодог жишиг бий. Гэхдээ уран олборлосноос болж цацрагын хордлого үүссэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ аливаа уул уурхай ямарч нөхцөлд өөрөө стандартыг дагаж мөрдөх шаардлагатай байдаг. Мэргэжлийн хүний хувьд энэ төслийг дуустал шинжлэх ухааны ямар ч талаас нь зөв ойлголт өгөхөд бэлэн.
Мон атом" ХХК-ийн эксперт, Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооны эрдмийн зөвлөлийн дарга, зөвлөх Я.Ганболд:
-Малын өвчин эмгэг, эрүүл мэндийн асуудлыг олон жил ярьж байгаа. Түүнээс хойш найман удаагийн судалгаа шинжилгээ хийсэн. Үүнээс бүхэлд нь дүгнээд үзэх юм бол ураны хайгуулын явц малын өвний шалтгаан болж байна гэсэн дүнгэлт гараагүй. Өнөөдөр олборлож байгаа шар нунтаг нь технологийн процесст ороогүй зөвхөн хайгуулаас олборлож байгаа химийн элемент юм. Энэ утгаараа орчин тойрон ялангуяа малд үзүүлэх нөлөө одоогоор илрээгүй байна. Ураны хайгуулын улмаас мал үхсэн нь тогтоогдлоо гэсэн дүгнэлт байхгүй. Бид 3 сумын 57 айлд 397 малд үзлэг шинжилгээ хийсэн. Харьцуулах байдлаар 3 сумыг сонгосон.
Улаанбадрах сумын малын 37.8 хувь нь тэжээл боловсруулах замын өвчинтэй. 29.7 хувь нь амьсгалын замын эмгэг өвчинтэй. Үлдсэн нь бусад төрлийн өвчин эзэлж байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар цацрагын нөлөөлөл байхгүй.
Цацраг нөлөөлөл гэдэг тэнд байгаа малын арьс, үсэнд хамгийн түрүүнд сөрөг нөлөө үзүүлэх ёстой. Гэтэл бид 10 мянган малд хоёр жилийн хугацаанд үзлэг хийхэд нэг ч арьсны өвчтэй мал илрээгүй. Мөн бид бүх шинжилгээний дүнг дээр дурдсан 57 айл нэг бүрчлэн танилцуулсан. Бүх айлууд мэдэж байгаа. Түүнчлэн ураны олборлолтын талаар Улаанбадрах сумын иргэд маш сайн ойлгож байгаа. Учир нь бид сүүлийн жилүүдэд энэ ажлын талаар иргэдтэй уулзаж, ярилцсан. Тэр байтугай хурдхан шиг үйлдвэрийн ажил эхлээсэй, ажлын байртай болох юм байна гэдэг байдлаар хандаж байна. Тэгэхээр дүгнэж хэлэхэд, мал аж ахуй, мал эмнэлгийн тал дээр ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй гэв.
Сэтгэгдэл (0)