САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Т.ЖАМБААЖАМЦ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томиллоо. Үүнтэй холбогдуулж УИХ-ын тогтоолыг танилцуулж тамга гардуулах арга хэмжээ болж УИХ-ын ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат болон хорооны газар, хэлтсийн дарга нар оролцлоо.

УИХ-ын ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж энэ үеэр “Юуны өмнө санхүүгийн салбарыг бүхэлд нь зохицуулдаг энэ том байгууллагыг хариуцлагатай удирдаж, салбарын өсөлтийг үзүүлж чадсан Д.Баярсайхан даргадаа цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт хүсье. Мөн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар олонхийн саналаар дэмжиж баталсан Т.Жамбаажамц даргадаа УИХ-аас гаргасан зорилтууд, бодлогын ажлууд болон УИХ-аас өгсөн захиас даалгаврыг баг, хамт олонтойгоо амжилттай хэрэгжүүлж ажиллах их амжилтыг хүсье” гэсэн юм.

Ингээд СЗХ-ны дарга Т.Жамбаажамцад хорооны дарга асан Д.Баярсайхан тамгыг гардуулсан бөгөөд тэрбээр энэ үеэр “Өнгөрсөн таван жилийн хугацаанд ДНБ-д эзлэх хорооны зохицуулалтын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 3.5 дахин өсөж, 19.6 их наяд төгрөгт хүрсэн бол зөвхөн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 4.0 дахин нэмэгдэж, 12.1 их наяд төгрөгт хүрээд байна. Банкны салбарын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлснээр өнөөдөр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн гээд ололт, амжилт арвин байлаа. Зохицуулалтын салбаруудын эрх зүйн шинэчлэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тогтвортой, ногоон санхүүжилт, санхүүгийн технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажлууд ч ид хэрэгжиж байгаа бөгөөд энэ бүх ажлыг хамтдаа бүтээлцсэн хорооныхоо нийт хамт олондоо талархлаа илэрхийлэхийн сацуу Т.Жамбаажамц даргадаа ажлын амжилт хүсье” гэв.

Харин СЗХ-ны дарга Т.Жамбаажамц энэ үеэр “Санхүүгийн салбарын тогтвортой байдал, ирээдүйн өсөлт, хөгжлийн тулгуур болсон реформ, шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлыг цаашид үргэлжлүүлж, итгэл, хариуцлагыг дааж ажиллана. Мөн УИХ-ын дарга, гишүүдээс өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх,  салбарын өсөлтөө ахиулахын төлөө шинээр томилогдсон хорооны гишүүд болон нийт баг, хамт олонтойгоо хамтдаа хичээж ажиллана” гэдгийг онцолсон юм.   

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар хорооны орон тооны бус гишүүнээр Б.Саруул, Ш.Хандсүрэн нарыг, Хяналтын зөвлөлийн даргаар М.Буяндэлгэр, гишүүнээр О.Оч, Б.Энхбаяр, Ч.Сайнбилэг, С.Халиунаа нарыг тус тус томилсон УИХ-ын тогтоолыг СЗХ-ны хамт олонд танилцуулсан юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)