Г.Занданшатар: Шударга бусын хонгилыг нураахад УИХ онцгой анхаарал хандуулна

Авлигалын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах талаар судалж, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар даалгав

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2021.08.20) Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хэлэлцүүлэг зохион байгууллаа.  Энэ үеэр тэрбээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлж, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаажуулан хангах ач холбогдолтой гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд "Энэ бол Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үндсэн зорилтуудын нэг" хэмээлээ. 

    Үргэлжлүүлэн тэрбээр "Хууль засагладаг эрх зүйт нийгмийг төлөвшүүлэхэд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилт онцгой, чухал ач холбогдолтой. Иймээс баталсан хуулийнхаа хэрэгжилтийг өнөөдөр хянан хэлэлцэж, учирч буй саад бэрхшээлийн талаар мэдээлэл сонслоо.  Нэн тэргүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулах шаардлагатай. Олон жилийн турш бид бүгдийн ярьж ирсэн “Шударга бусын хонгил”-ыг нураах зорилгоор, шүүх засаглалыг нэг албан тушаалаас хамааралтай байдаг байдлыг халах зорилготой заалтыг хэрэгжүүлэх ёстой. Тус зөвлөлийг олон улсын жишгээр нийтэд ил тодоор, нээлттэй, хараат бусаар сонгон шалгаруулж байгуулах юм. Хамгийн гол энэ заалт хэрэгжихгүй байгаа нь шүүхийн нэр хүндийг ч бууруулж байна. “Шударга бусын хонгил”-ыг нураах эл зохицуулалтыг хэрэгжүүлэхийн тулд Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулна" гэсэн юм. Уулзалтад оролцогчдын гаргаж буй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах нь саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Эдгээр хуулийн шинэчлэлийг Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэн, баталснаар Монгол Улсын шүүхийн тухай хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэх юм байна. 

    "Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ" гэж тусгасан. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газар олон улсын жишгийг судалсны үндсэн дээр Төрийн албаны сонгон шалгаруулалтын тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа бөгөөд төслийн сонгон шалгаруулах зарчмыг нийт төрийн алба баримтлах нь зүйтэй гэв. Одоогийн эрх зүйн зохицуулалтаар төрийн албанд шилдгүүдийг ШИЛЖ, СОНГОН ажиллуулах боломжгүй байгаа учраас дээрх хууль, журмыг гаргаж байгаа гэв. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон шүүгч нарын сонгон шалгаруулалтдаа ч дээрх зарчмыг баримтлах чиглэл өглөө.

Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгагдсан зохицуулалтуудыг хэрэгжүүлж, хэвшихийг сануулав. Тодорхой албан тушаалтнуудтай уулзахдаа нээлттэй, ил тодоор, албан ёсны тэмдэглэл хөтлүүлж, дараа нь түүнийгээ архивт хадгалуулах нь хараат бус байдлыг бэхжүүлэх, эрх зүйт төрийн үндэс гэдгийг онцолсон юм. Тиймээс ч энэ удаагийн уулзалтыг олон нийтэд нээлттэй, албан ёсны бүрэн тэмдэглэлтэй, хуулийн холбогдох заалтуудыг бүрэн хэрэгжүүлж зохион байгуулж буйгаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дурдлаа. Бүх шатны шүүгч нар эл зохицуулалтыг ягштал хэрэгжүүлж хэвших ёстой гэдгийг тэрбээр хэлсэн.

    Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүгчид таван төрлийн сахилгын шийтгэл оногдуулдаг болсон. Шүүгч нар санаатай болон санаандгүй байдлаар ямар нэг зөрчил гаргахгүй байхад онцгойлон анхаарч, дор бүрнээ хуулийг хэрэгжүүлж ажиллах ёстойг мөн сануулж байв. Улсын Их Хурлын дарга, нийт шүүгчдийн чуулганыг 2021 оны аравдугаар сарын эхээр Төрийн ордонд зохион байгуулах Б.Энхбаяр гишүүний санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

    Шүүх байгуулах асуудлыг нэн яаралтай Засгийн газраар дамжуулан Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхийг үүрэг болгов. Тэрбээр "Авлигалын асуудлыг таслан зогсоодог хамгийн сайн жишиг бол авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах юм. Авлигалын хэргүүдийг цэгцэлдэг олон улсын ийм туршлага байдаг, судлаач эрдэмтэд нь ч үүнийг зөвлөдөг" гээд авлигалын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах асуудлыг судалж, шаардлагатай бол эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шуурхай ажиллахыг Хууль зүйн байнгын хороонд чиглэл болголоо. 

Улсын Их Хурал онцгой нөхцөлд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд холбогдох хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн талаар дурдаад "Үндсэн хуулийн цэц цар тахлын нөхцөлд цахимаар хуралдах боломжгүй, эрх зүйн орчин байхгүй. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй" хэмээлээ.

    Төгсгөлд нь шүүх засаглал шинэтгэлийг бодитой хэрэгжүүлж, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг ханган баталгаажуулахад онцгой анхаарч ажиллахыг хүсээд "Төр цэгцэрвэл улс хөгжинө, шүүх цэгцэрвэл шударга ёс тогтоно. Ажлын амжилт хүсье" гэв. 


    Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Н.Цогтсайхан нарын албаны хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.126.89.29)

    2021-08-21

    тэгээд хулгайч нар нь зүгээр л явж байх юм байхдаа хараад байхад