Жолоочийн хариуцлагын даатгал 40 хувиар нэмэгджээ
- 14 цаг 18 мин
- Байгаль орчин
- 0
Жолоочийн хариуцлагын даатгалын хураамж 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 40 хувиар нэмэгдэх шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлжээ. Тодруулбал, жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлж, зам тээврийн осол гаргасан, замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио, зохицуулагчийн дохиог зөрчин осол гаргасан, замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн үедээ зам тээврийн осол гаргасан бол өндөр хэмжээний даатгалын хураамж төлөхийг албаныхан мэдээллээ.
Энэ талаар Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргалаас тодруулахад, жолооч бүрийн хариуцлагын даатгал харилцан адилгүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчин осол аваар хийсэн, торгуулиа төлдөггүй жолооч нарын хариуцлага нэмэгдэж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмыг баталдаг. Энэ журамд өөрчлөлт орж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд дүрэм зөрчиж, осол гаргасан дөрвөн тохиолдолд даатгалын хураамж 0.4 пунктээр буюу 40 хувиар нэмэгдэнэ. Зарим итгэлцүүр нь замын хөдөлгөөнд их оролцдог, зорчдог тээврийн хэрэгслийн километрийн заалтаас хамаарч, өндөр хураамж төлнө. Жишээлбэл, өмнө нь хуульд суурь хураамж В ангилал 33 мянга, D ангилал 53 мянган төгрөг гэх мэт байсан. Үүнийг итгэлцүүрээр нэмэгдүүлэн болон хорогдуулан тооцдог" гэв.
Даатгалын үнэлгээний хэмжээ, даатгалын суурь хураамж өмнө нь Жолоочийн даатгалын тухай хуульд ингэж тусгасан байсан юм.
Тээврийн хэрэгслийн ангилал | Даатгалын үнэлэгээ буюу нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ | Даатгалийн суурь хураамж | |
1 | “A” ангиллын тээврийн хэрэгсэл | 5 сая хүртэл | 12500 |
2 | “B” ангиллын тээврийн хэрэгсэл | 5 сая хүртэл | 33000 |
3 | “C” ангиллын тээврийн хэрэгсэл | 10 сая хүртэл | 42500 |
4 | “D” ангиллын тээврийн хэрэгсэл | 10 сая хүртэл | 53000 |
5 | “Mеханизм” ангиллын тээврийн хэрэгсэл | 5 сая хүртэл | 12500 |
Сэтгэгдэл (0)