“Орано Майнинг С.А.С” компани хооронд байгуулах уран олборлох төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр (2025.01.10)-ийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг С.А.С” компани хооронд байгуулах уран олборлох төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

Тус хөрөнгө оруулалтын гэрээний төслийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулсан.

Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах энэхүү төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг юм.

Гэрээг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байрыг бий болгох, шинэ технологи нутагшуулах, мөн олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтоох үр дагавартайг онцлоод буй.

 

Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 14 гишүүний 12 нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)