Монсертф байгууллага БНХАУ-ын хамгийн том баталгаажуулалтын байгууллагын салбар CCIC MN HK байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын үндэсний итгэмжлэлтэй баталгаажуулалтын байгууллага МОНСЕРТФ, БНХАУ-ын тэргүүлэгч баталгаажуулалтын байгууллагын монгол дахь салбар СИ СИ АЙ СИ ЭМ ЭН ЭЙЧ КЭЙ (CCIC MN HK) -тэй хамтран ажиллана. 

Үндэсний болон Олон улсын итгэмжлэлтэйгээр менежментийн тогтолцоо, бүтээгдэхүүн үйлчилгээ, ажилтны баталгаажуулалтын үйл ажиллагаг 10 дахь жилдээ эрхэлж буй Монсертф тохирлын үнэлгээний байгууллага БНХАУ-ын хамгийн том баталгаажуулалтын байгууллагын салбар CCIC MN HK байгууллагатай тохирлын үнэлгээний салбарт “ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ”-т 2025 оны 01 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа баталгаажууллаа.

Монгол Улсын шадар сайд С.Амарсайханы удирдамжаар 2024 оны 8 сард Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын итгэмжлэлийн байгууллагууд санамж бичиг байгуулж лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллагын мэдээллийг солилцох, мэдлэг туршлага хуваалцах, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах талаар хамтран ажиллахаар тохиролцсон нь өнөөдөр ийнхүү хоёр орны тохирлын үнэлгээний байгууллагууд хамтран баталгаажуулалтын үйл ажиллагааг явуулах эхлэлийг тавьсан юм.

Баталгаажуулалтын байгууллагууд хамтран ажиллах нь хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, худалдааны саад тотгорыг арилгахад нэн чухал алхам болж байна. Тус санамж бичгийн зорилго нь Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагууд үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментдээ олон улсын менежментийн тогтолцоо, бүтээгдэхүүн, үйл явцын стандартуудыг хэрэгжүүлэн баталгаажуулалт авах, дэвшилтэт технологи, ноу-хау нэвтрүүлж хөгжингүй орнуудын жишигт нийцэхүйц хөгжилд хүрэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах зорилготой аж. Түүнчлэн олон улс, бүс нутгийн дэвшилтэт тогтвортой хөгжил, ногоон баталгаажуулалт, хүлэмжийн хийн магадалгаа, нотолгооны стандартуудыг Монгол Улсад нэвтрүүлэх, нутагшуулахад үндэсний чанарын дэд бүтцийн бүрэлдэхүүн хэсэг болох аж ахуйн нэгж, байгууллагуудад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм.

БНХАУ-ын төрийн өмчийн оролцоотой CCIC групп компани нь 1980 онд байгуулагдсан улсдаа лабораторийн тоо, үйл ажиллагаагаараа хамгийн томдоо ордог ба бизнесийн эрх ашиг, эрх тэгш байдлыг хангах, стандарт мөрдүүлэх, экспортын бүтээгдэхүүнд хяналт тавих гэх мэт үйл ажиллагааг явуулдаг. 

Монсертф тохирлын үнэлгээний байгууллага нь энэ жил 10 дахь жилдээ баталгаажуулалтын үйл ажиллагааг эрхэлж буй монголын анхны хувийн хэвшлийн тохирлын үнэлгээний байгууллага бөгөөд менежментийн 7 стандарт, 18 төрлийн үйлчилгээ, 400 гаруй бүтээгдэхүүний баталгаажуулалтыг хийж 500 гаруй байгууллагыг баталгаажуулж 700 гаруй гэрчилгээг олгосон салбарын тэргүүлэгч байгууллага юм.

 

Оролцогч талууд:

С.Ням-Эрдэнэ Монгол Улсын Үндэсний Итгэмжлэлийн Төвийн Дарга

Г.Билгүүн Тохирлын үнэлгээний байгууллага Монсертф ХХК-ийн Ерөнхий захирал

Бао Юнг Ган БНХАУ-ын Тохирлын үнэлгээний байгууллагын Монгол Улс дахь салбар Си Си Ай Си Эм Эн Эйч Кэй ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Н.Уранчимэг Олон Улсын Стандартын Академи ХХК-ийн Гүйцэтгэх захирал

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)