ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар: Ээлжит чуулганы хугацаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар Байнгын, дэд хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх, тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх харьяа байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх зэрэг ажлыг хэрэгжүүлэн ажилласан байна. Тус Байнгын хороо өнөөдөр (2025.01.29) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Д.Цогтбаатар дарга ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааныхаа тайланг танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Хууль зүйн байнгын хороо тайлант хугацаанд товын дагуу хуралдаануудаа зохион байгуулж байсныг тэрбээр дурдаад “Байнгын хороодоос энэ чуулганы хугацаанд хамгийн олон цаг хуралдсан үзүүлэлтээр манай Байнгын хороо гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, хамгийн идэвхтэй, төлөвлөсөн бүх асуудлаа цаг хугацаанд нь шийдвэрлэж ажилласан” гэв.

 

Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 11 удаа, бусад Байнгын хороотой хамтарсан 3 хуралдаан зохион байгуулжээ. Энэ хүрээнд нийт 29 асуудлын хүрээнд 10 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 5 тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг 1, Байнгын хорооны 11 тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 3 ажлын хэсэг байгуулсан гэв. Ажлын хэсгүүд 10 удаа хуралдаж, 4 танилцуулгыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.

 

сонин mn

Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиг үүргийн хүрээнд Хууль зүйн байнгын хороо 3 ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгүүд 10 удаа хуралдсан талаар мэдээллээ. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, намрын ээлжит чуулганы хугацаанд Үндсэн хуулийн цэцээс 2 дүгнэлт ирүүлснийг тухай бүрд нь шийдвэрлэсэн гэв. Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, “түр саатуулах” зохицуулалтыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болох бөгөөд ингэхдээ иргэнийг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн хугацааг тооцох зохицуулалттай байсан. Үүнийг хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэх эрсдэлтэй хэмээн үзэж, цагдаагийн албан хаагч иргэнийг саатуулсан цагаас нь эхлэн түр саатуулах 6 цагийн хугацааг тооцохоор хуульчилсан гэв.

 

сонин mn

Мөн цагдаагийн алба хаагчид үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглосон хуулийн талаарх Үндсэн хуулийн цэцийн холбогдох дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд, Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулсан гэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын дагуу иргэн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол-ын үүднээс олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг хангах эрхийг үүднээс холбогдох өөрчлөлтийг хуульд нь тусгахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.

 

Энэ удаагийн намрын ээлжит чуулган нь 126 гишүүнтэй, ес дэх удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын анхны ээлжит чуулган байсныг Д.Цогтбаатар дарга дурдаад “Улсын Их Хурлын дарга намрын ээлжит чуулган эхлэхэд л Монгол Улсын хууль, эрх зүйн орчныг хүн төвтэй болгож, төрийн аливаа үйл ажиллагаа хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байх зарчмыг баримталж ажиллана хэмээн бодлогоо тодорхойлсон. Энэ хүрээнд Хууль зүйн байнгын хорооны зүгээс хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах асуудалд онцгой анхаарч ажилласан” гээд энэ чиглэлээр зохион байгуулсан ажлуудынхаа талаар тайлагнав. Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор Байнгын хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран хүний эрхийн 100 сургагч багшаар бэлтгэх “Бидний эрх, Бидний оролцоо” сургалтыг зохион байгуулсан юм. “Хүний эрхийн 100 сургагч багш гэдэг яг энэ тоогоороо хэмжигдэх асуудал биш. 100 сургагч багш байгаа газар бүрдээ хүмүүст эрхийнх нь талаар мэдлэг, мэдээлэл, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх юм. Энэ тоо Улсын Их Хурлаас 100 хэмээн тоологдоэ эхлэх ч хүрээ тэлэхийн хэрээр олон арваар үржих үр дүн гарна. Хүний эрхийг хамгаалах нь гагц төрийн үүрэг биш, эрхээ мэддэг иргэн бол хүний эрхийг хангах, хамгаалах хамгийн гол баталгаа юм.

 

Тийм учраас эрхээ мэддэг, хамгаалдаг иргэнийг төлөвшүүлж, төр тантай зүй бусаар харилцах бүрд нь эрхээ хамгаалдаг иргэнтэй нийгмийг бий болгохын ач холбогдлыг нь тооцож, дээрх арга хэмжээг зохион байгуулсан” хэмээн тодотгов. “Бидний эрх, Бидний оролцоо” хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтад 11 их, дээд сургуулийн 100 оюутан хамрагдаж, хүний эрхийн сургагч багш болсон юм. 

 

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хэвлэлийн бага хурлын үеэр Улсын Их Хурлын ерөнхий хяналтын сонсголын талаар онцлон мэдээллээ. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцэн 2024 оны 07 дугаар сард Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байсан иргэний амь хохирсон харамсалтай хэрэг гарсан талаар тэрбээр дурдаж “Хууль зүйн байнгын хорооны гишүүд хүний эрх, эрх чөлөөг хангах асуудалд онцгой анхаарч, ийм төрлийн зөрчил дахин гаргуулахгүйн төлөө ажиллах ёстой хэмээн үзэж холбогдох талуудад чиглэл өгч, зарим байгууллагад биечлэн ажилласан” хэмээв. Тайлант хугацаанд “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг сонсголыг даргалж, иргэдийг өргөнөөр оролцуулан, нээлттэй зохион байгуулсан. Тус сонсголоос гарсан дүгнэлтүүдийг холбогдох байгууллагуудад нь уламжилж, түүний дагуу тодорхой арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлж байгаа талаараа Д.Цогтбаатар дарга мэдээллээд, зарим жишээ баримтыг дэлгэрэнгүй дурдлаа.

 

сонин mn

Ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо Шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасны дагуу 8 үе шаттайгаар зохион байгуулж, холбогдох томилгоог Улсын Их Хурлаар шийдвэрлүүлсэн. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж, холбогдох томилгоог Улсын Их Хурлаар шийдвэрлүүлсэн талаар мөн мэдээлсэн юм.

 

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын дарга тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хүрээнд харьяалагддаг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагад ажилласан болохыг тэрбээр дурдаад “Бид хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээрх үйл ажиллагаагаа нарийн төлөвлөн, ажиллаж байгаа. Хууль зүйн байнгын хорооны дарга, Хүний эрхийн дэд хорооны дарга болон УИХ-ын гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажилласны дараа шаардлагатай төсвийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулан, үр дүнтэй ажиллалаа. Мөн ирэх чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна” гэв.

 

сонин mn

Улсын Их Хурлын дарга 2024 оны 72 дугаар захирамжаараа Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан болохыг Д.Цогтбаатар гишүүн дурдаад “Миний ахалж ажилласан ажлын хэсэг ээлжит чуулган дуусахын өмнө ажлаа дуусгаж, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн” гэв. Төслийг баталснаар маш олон эерэг өөрчлөлт гарна хэмээн тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Төрийн байгууллага, агентлагууд хуулийг орлосон дүрэм, журам гаргаж, үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ зохицуулдаг байдлыг өөрчлөх нөхцөл бүрдэх юм байна. Улмаар энэ нь хүний эрхийг хангах, авлигалыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн тооцсон байна. Түүнчлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, хүний эрхийг хангах, хамгаалах зохицуулалт бүхий хууль, тогтоолын төслүүдийн талаар дурдаад “Энэ хугацаанд иргэний эрх ашгийг хангах, хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгын төлөө Хууль зүйн байнгын хороо ажиллалаа” хэмээв. Ийнхүү ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааны тайлангаа Д.Цогтбаатар дарга дэлгэрэнгүй танилцуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)