Клубүүдийн ДАШТ-нд оролцогч багуудад нэг тэрбумын шагнал олгоно
- 6 цаг 45 мин
- Спорт
- 0
Энэ оны зун болох клубүүдийн ДАШТ-нд оролцох багуудад нийт 1 тэрбум гаруй долларын шагнал олгоно гэж ФИФА мэдэгджээ. Тэмцээн анх удаагаа шинэчилсэн хэлбэрээр 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 13 хүртэл АНУ-д болох бөгөөд түүнд нийт 32 клуб /Европын 12 клуб/ оролцоно. Хэсгийн шатанд тоглосон болон плей-оффт шалгарсан бүх баг гаргасан амжилтаасаа хамааран мөнгөн шагнал хүртэх ажээ.
Нэг тэрбум ам.доллар гэдэг бол клубүүдийн ДАШТ-ний хувьд түүхэнд үзэгдээгүй өндөр шагнал юм.
Түүнээс гадна, тус ДАШТ-нд орж чадаагүй клубүүдэд “эв санааны нэгдлийн төлбөр” олгох тухай асуудлыг ФИФА ба Европын клубүүдийн холбоо /ECA/ хэлэлцэж байгаа ажээ. Мөн ойрын үед Африк, Ази, Америк тивүүдийн клубүүдэд ийм төрлийн төлбөр олгож магадгүй тухай мэдээлэл цацагдсан байна. Гэхдээ энэ талаар албан ёсоор зарлаагүй юм.
Дээрх хэмжээний мөнгийг ФИФА өөрийн нөөц хөрөнгөнөөс гаргахгүй бөгөөд DAZN гэдэг дэлхийн спортын стриминг платформтой нэг тэрбумын гэрээ байгуулжээ. Энэ мөнгөнөөс нэг ч доллар авахгүй гэдгээ ФИФА мэдэгдсэн байна.
Энэ зун болох клубүүдийн ДАШТ шинэ форматаар явагдах юм. Өмнө нь шилдэг 7 клубийн дунд жил бүр болдог байсан бол одоо дөрвөн жил тутамд зохион байгуулагдаж, 32 баг оролцоно. Эдгээр баг 8 хэсэгт хуваагдаж, хэсэгтээ эхний хоёр байрт шалгарсан багууд плей-оффын шатанд өрсөлдөнө. Шигшээ багуудын ДАШТ-нээс ялгаатай нь гэвэл, гуравдугаар байрын төлөөх тоглолт болохгүй.
Сэтгэгдэл (0)