АНУ-тай “ямар ч хэлбэрээр дайтахад” бэлэн байна гэв
- 6 цаг 53 мин
- Дэлхий
- 0
БЭЭЖИН, 2025 оны гуравдугаар сарын 6 /BBC/. Хятадын бараанд ногдуулах татварыг нэмэгдүүлэх тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын шийдвэрийн эсрэг хариу арга хэмжээ авсныхаа дараа Хятад улс “ямар ч хэлбэрийн дайнд” бэлэн гэдгээ анхааруулан мэдэгджээ.
Д.Трамп Хятадын бүх бараанд нэмэлт татвар ногдуулсны дараа дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай хоёр гүрний хооронд худалдааны дайн дэгдэхэд улам ойртлоо. Хятадын тал тэр даруй хариу арга хэмжээ авч, Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд 10-15 хувийн татвар ногдуулсан байна.
“Хэрэв АНУ-ын хүсэж байгаа зүйл нь дайн юм бол татварын дайн, худалдааны дайн эсвэл бусад төрлийн дайны аль нь ч байлаа гэсэн бид эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн байна” гэж АНУ-д суугаа Хятадын ЭСЯ мягмар гарагт X хуудсандаа засгийн газрын мэдэгдлийг эш татан нийтэлжээ.
Энэ нь Д.Трамп Ерөнхийлөгч болсноос хойш Хятадын зүгээс хийсэн хамгийн ширүүн мэдэгдэл бөгөөд Бээжинд жил тутам болдог Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал эхлэх гэж буй үед ийнхүү мэдэгдсэн байна.
Лхагва гарагт Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян мэдэгдэхдээ, Хятад улс энэ онд батлан хамгаалахын зардлаа дахин 7.2 хувиар нэмэгдүүлнэ гэдгийг зарлаад, дэлхий даяар сүүлийн 100 жилд үзэгдээгүй өөрчлөлтүүд болж байгааг анхааруулжээ. Цэргийн зардал ингэж өснө гэдгийг шинжээчид урьдчилан таамаглаж байсан бөгөөд өнгөрсөн онд мөн дээрх хувь хэмжээгээр өссөн юм.
Хятадын ард түмэнд худалдааны дайны аюул заналхийлсэн ч гэсэн тус улсын эдийн засаг өснө гэдэгт итгэлтэй байгаагаа Бээжингийн эрх баригчид илэрхийлэхийг оролдож байгаа бололтой. Ерөнхий сайд лхагва гарагт Бээжинд хэлсэн үгэндээ, Хятад улс нээлттэй байх бодлогоо үргэлжлүүлнэ гэдгийг онцлон тэмдэглээд, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Хятад улс дайнд бэлэн гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан удаатай. Өнгөрсөн 10 дугаар сард Ши Жиньпин дарга Тайвань арлын эргэн тойронд болсон цэргийн сургуулилалтын үеэр "дайнд бэлэн байхыг" цэргүүдэд уриалсан юм. Гэхдээ цэргийн бэлэн байдал, дайнд ороход бэлэн байхын хооронд ялгаа бий.
Вашингтонд суугаа Хятадын ЭСЯ мягмар гарагт Гадаад хэргийн яамнаас /ГХЯ/ хийсэн мэдэгдлийг эш татсан бөгөөд үүнд фентанил хар тамхины нийлүүлэлтэд АНУ-ын тал Хятадыг буруутгаж байгааг дурджээ. “Фентанилын асуудал бол Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй татварыг өсгөх гэсэн өчүүхэн муйхар шалтаг” гэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. “Айлган сүрдүүлэхээс бид айж эмээхгүй. Дээрэлхэлт бидэнд нөлөөлөхгүй. Дарамт шахалт үзүүлэх, албадах, заналхийлэх нь Хятадтай харилцах зөв арга биш” гэж тэрбээр нэмж хэлжээ.
АНУ-Хятадын харилцаа нь дэлхий даяар хамгийн маргаантай асуудлуудын нэг байсаар байна. Ши Жиньпинийг Д.Трамп тангараг өргөх ёслолдоо урьсны дараа "АНУ-Хятадын харилцаа илүү найрсаг болно" гэж Бээжингийн албаны хүмүүс найдаж байсан юм. Д.Трамп мөн Цагаан ордонд эргэн ирэхээсээ хэдхэн хоногийн өмнө Ши Жиньпинтэй “сайхан яриа өрнүүлсэн” гэж мэдэгдэж байв. Өнгөрсөн сард хоёр удирдагч дахин утсаар ярихаар тохиролцсон гэх мэдээлэл цацагдсан боловч одоогоор тэд ярилцаагүй байна.
Хятад улс 245 тэрбум ам.долларын батлан хамгаалахын төсөвтэйгээр дэлхийд хоёрдугаарт ордог боловч энэ нь АНУ-ынхаас хамаагүй бага юм. Стокхолмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, Бээжин ДНБ-ий 1.6 хувийг цэрэг армидаа зарцуулдаг нь АНУ, Оросынхоос илт бага тоо. Гэхдээ Хятад улс цэргийн зардлаа бууруулж мэдээлдэг гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл (0)