ОХУ-тай агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр хийнэ, хийхгүй

Дэлхийн эдийн засаг хямарсан ч, Монголд өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлт өсөлттэй гарсан. Түүнд эрэмшсэн үү, эсвэл өөр шалтгаантай юу, УИХ-ын байнгын хороод төсөв хэмнэх, үнэ бууруулах боломжуудыг “ташиж унагаав”.

Эдийн засгийн хөшүүрэг болох эдгээр хуулийн төслүүдийг Засгийн газраас оруулж ирсэн ч засагт хамтарсан АН-ынхан завсарлага авах зэргээр эсэргүүцэж байгаа нь хачирхмаар. Тухайлбал, Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороод  Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэхэд АН завсарлага авсан. Ерөнхийдөө дээрх хэлэлцээрийг хийнэ, хийхгүй гэх талцал өрнөж буй.

Уг нь дээрх хэлэлцээрт тусгаснаар Монгол, Оросын хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулах тухай заажээ.

Үүнийг Монголын талаас “Эрчис Ойл” ХХК,  түүний хамаарал бүхий байгууллагууд, Оросын талаас НК Роснефть НХН болон түүний хамаарал бүхий байгууллага хариуцах аж. Хуулийн төсөл өргөн барьсан хамтарсан  Засгийн газрын зүгээс хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн боломжит доод үнээр нийлүүлснээр хангамж нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалахаас гадна тийзний үнэ буурахад нөлөө үзүүлэх боломжтой хэмээн зорилгоо тодотгожээ.

Уг нь асуудлыг улстөржилтөөр, эсвэл хэн нэгэн “поп” гишүүний олонд танигдаж “баатар” болох гэсэн дөвчигнөлөөр биш эдийн засгийн ач холбогдол, өгөөж, дотоод нөхцөл байдалдаа тулгуурлаж хэлэлцмээр. ШУА, эрдэмтэн судлаачдаа сонсдог баймаар.

Манай улс бензин, шатахууны хувьд  хойд хөршөөс бараг 100 хувь оруулж ирдэг. Тасалдсан үед дотооддоо тэг зогсолт хийхэд хүрдэг. Тэгвэл өнөөдөр хойд хөрштэй агаарын хөлгийн түлш нийлүүлэх  хэлэлцээр хийнэ, хийхгүй гэхийн өмнө  Монголын нөхцөл байдал ямар байгааг эргэж харах ёстой юм.

Баримт түшвэл:

1. Статистикаас харахад манай улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолж байгаа бөгөөд сүүлийн таван  жилд агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өсчээ. Үүнийг оноор нь авч үзвэл 2021 онд 27.879 тонн, 2022 онд 38.492 тонн, 2023 онд 61.719 тонн байсан бол 2024 онд 82.443 тонн хүрч, 2021 онтой харьцуулахад 66 хувиар өсжээ.

2. БНХАУ-аас онгоцны түлш худалдан авахад төмөр замын царигийн зөрүүтэй байдлаас шалтгаалан импортлох боломж, нөхцөл хязгаарлагдмал байгаа бөгөөд Замын-Үүд дэх шилжүүлэн ачих байгууламж нь одоогийн байдлаар онгоцны түлшийг хадгалах зориулалтын сав, насос станц, дотоодын тусгай вагонцистерн байхгүй.

3. БНХАУ-аас нийлүүлэгдэх онгоцны түлшний стандартын хувьд Жет-А түлш бөгөөд манай Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжид одоо ашиглаж буй агаарын хөлгийн түлшийг ашиглах технологийн шийдэл анхнаасаа төлөвлөгдөөгүй,

4. Хятад нь өөрөө импортлогч улс тул дотооддоо хомстол үүсэх магадлал өндөр, экспортын хориг тавьж, манайд хангамжийн эрсдэл үүсэх аюултай.

5. Аялал жуулчлал, эдийн засгийн идэвх нэмэгдэж байгаатай холбоотойгоор зорчигч, ачаа тээвэрлэлт тогтвортой өсөж, агаарын тээврийн зорчигч тээврийн тоо 2024 онд 2.2 сая байсан бол 2028 онд 2,55 сая хүрэх төлөвтэй байгаа.

6. Түүнчлэн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсад агаарын тээвэрлэлт хийж буй дотоод, гадаадын агаарын хөлөг болон дайран өнгөрч буй агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй шатахуунаар цэнэглэх нөхцөл, боломж бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч ирсэн.

7. Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ болон ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Засгийн газраас экспортын хязгаарлалт хийх, татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч болзошгүй бөгөөд энэ нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, тэр дундаа агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтэд нөлөөлж, хомсдол үүсэж болзошгүй.

8. “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улсын төрийн өмчит “Эрчис ойл” ХХК болон ОХУ-ын төрийн өмчит “РН Аеро” компаниуд хамтарсан компани байгуулна.

9. Хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улсын агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой, хямд үнээр нийлүүлэх боломж бүрдэх,

10. Тус хэлэлцээр нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний 96%-ийг нийлүүлэгч ОХУ-тай байгуулсан “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээртэй хамтдаа хүчин төгөлдөр үйлчлэх тул манай улсын газрын тосны бүтээгдэхүүн, шатахууны хангамжийн тогтвортой, найдвартай байдлыг хангах,

11. Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хамтын ажиллагаа газрын тосны хангамжийн салбарт өргөжих зэрэг эдийн засгийн болон стратегийн томоохон ач холбогдолтой.

12. Далайд гарцгүй орнууд дотор Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ Казакстан улсын дараа ордог бөгөөд агаарын тээврийн салбарын багтаамж сул, тийзийн олдоц бага, үнэ өндөр тул олон улсад өрсөлдөх чадвараар дутмаг, агаарын тээвэрлэгчдэд олон улсын шинэ чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээхэд хүндрэлтэй байдаг.

13. Дэлхий дахинд үүсдэг газрын тосны нийлүүлэлттэй холбоотой нөхцөл байдлын улмаас олон улсын зах зээлд газрын тосны үнийн өсөлтөөс хамаарсан агаарын хөлгийн түлшний үнэ эрс өсдөг бөгөөд хэвийн нөхцөлд түлшний зардал нь агаарын тээвэрлэгчийн нислэгтэй холбоотой зардлын 28 хувийг эзэлдэг бол зарим тохиолдолд 46-70 хувьд хүрч эрс өсдөг.

14. Агаарын тээврийн салбар нь манай улсын худалдаа, эдийн засаг болон гадаадын зах зээлд нэвтрэх чадварт нэн чухал үүрэгтэй салбар бөгөөд эдийн засгийн өсөлтөөс гадна, ажлын байр олноор бий болгох чадавхтай хүнс, хөдөө аж ахуй, ноос ноолуур, аялал жуулчлалын салбарын экспортыг урамшуулахад ч агаарын тээврийн салбарын хөгжил онцгой ач холбогдолтой гэсэн тооцоо судалгаа, баримт мэдээллүүд байна.

АНУ-ын Тарифын дайны үед БНХАУ хөрш зэргэлдээ орнуудтай харилцах дипломат бодлогоо “тодорхойлов”

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)