Л.Саруултөгс: “Шик хатагтайн зөвлөгөө” хэрхэн үнэ цэнэтэй эмэгтэй байх тухай өгүүлнэ
- 2018-08-25
- Энтертайнмент
- 0
Номд шимтэн дурлагсдад нэгэн шинэ томыг танилцуулж байна. Энэхүү ном таны амьдралд олон зүйлийг өөрчилж болох юм. Гэхдээ эерэг талаас нь гэдгийг онцолмоор байна. “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номыг уншигч олны хүртээл болгосон орчуулагч Л.САРУУЛТӨГС дахин нэг ном орчуулжээ. Түүний “Шик хатагтайн зөвлөгөө” шинэ номын нээлтэд оролцож, ярилцлага өрнүүллээ.
-“Шик” хатагтайн зөвлөгөө таны хоёр дахь ном. Анхны номтойгоо харьцуулахад орчуулга хийхэд хэр хүндрэлтэй байсан бэ?
-Маш хүнд байсан. Япон хэлнээс орчуулж, англи хэлтэй нь харьцуулсан. Ингэж орчуулахдаа долоон сарын хугацаа зарцуулсан байх. Анхны орчуулгын ном маань олон хүний амьдрах орчин төдийгүй амьдралыг өөрчилж чадсанд их баяртай байгаа. Энэ ном их өгөөжтэй сайхан болсон. Одоо ч дэлхийн олон улсад Мари Кондогийн заавар зөвлөгөө, лекцүүд улам бүр хүчээ авч өргөжсөөр байна. Миний дараагийн орчуулгын ном болох “Шик хатагтайн зөвлөгөө” ном бол эмх цэгцтэй, аз жаргалтай амьдралын хэв маягийн тухай юм. Өөрөөр хэлбэл, бид ахуйн эмх цэгцийг олсон бол харин “Шик хатагтайн зөвлөгөө” номоос цэгцтэй хувцаслаж, цэгцтэй хооллож, цэгцтэй биеэ авч явах тухай суралцаж болно. Анх японд “Парисчууд 10 хос хувцастай” гэсэн гарчигтайгаар олж харсан. Юу таарснаа өмсч, юу таарснаа идэж уудаг замбараагүй хэрэглээгээ цэгцлэх тухай, үнэ цэнэтэй, утга учиртай амьдарлын хэв маягийг ухуулсан час хийсэн зөвлөгөө, энгийн атлаа авууштай санаагаар баялаг ном байгаа юм. “Шик хатагтайн зөвлөгөө” АНУ-д анх хэвлэгдэн гараад төд удалгүй дэлхийн бэстселлер болж, бас шуугиан тарьсан бүтээл л дээ.
Энэ номд дэлхийн хамгийн чамин хээнцэр хот Парист оюутан солилцоогоор очсон америк оюутан охины (номын зохиогч) бодит амьдралын туршлага, алдаа оноо, хөгтэй явдал болон франц хатагтайгаас суралцсан гоо зүй, загвар, эрүүл хооллолт, өдөр тутмын зохистой хэмнэл, гэр бүлийн уур амьсгалыг хэрхэн эерэг авч явах ёстой гээд эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих ном сурах бичгээс суралцах боломжгүй үнэт зөвлөгөөг нэг бүрчлэн багтаасан байгаа.
-Шик хатагтай гэж чухам ямар хүнийг хэлээд байна вэ?
-Номын зохиогч Женнифер Скотт гэх америк эмэгтэй байдаг. Тэрбээр “Daily connoisseur” блогоо хөтөлж эхэлснээр нэлээд олон уншигчтай болж, олонд танигдан улмаар энэ номоо гаргасан. Франц хэлний Шик гэдэг үг нь дэгжин хээнцэр, эрхэмсэг хэмээх өргөн утгыг агуулах ба номын зохиогч өөрийн үлгэр дуурайл болсон франц хатагтайг (Madame) номдоо ийн нэрийдсэн. Энэ номыг уншсанаар хэрхэн үнэ цэнэтэй амьдрах тухай бүх насныхан олж авах боломжтой.
-Яагаад энэ номыг орчуулах болсон бэ. Монголчуудын амьдралын хэв маягт хэр тохиромжтой арга хэлбэрийг тусгасан бол?
-Хүн амьдралдаа аз жаргалыг их зүйлээс хайлгүй өдөр тутмын өчүүхэн баяр баяслаас олж авч болдог гэдэгт энэ номын гол санаа оршино. Тийм ч учраас өдөр бүр дахин давтан хийдэг залхуутай гэмээр хоол хийх, гэр цэвэрлэх зэрэг гэрийн ажлаас эхлээд хувцаслах, гоёж гоодох, бусадтай харилцах байдал тань хүртэл таны хувьд утга учиртай, аз жаргалыг мэдрүүлдэг байх ёстой ба хэрхэн эдгээрийг баяр баясал эрч хүчтэйгээр хийж болох тухай зөвлөдөг. Энэ номыг уншсаны дараа таны амьдралыг харах өнцөг илүү эерэг болно гэдэгт итгэлтэй байна. Бид одоогийн амьдралын төвшин, амжилтаа чамлаж эсвэл энэ байдлаа хэн нэгний буруу мэт бодож гомдол тээж явах, сайн яваа нэгнээ үгүйсгэж атаархах, барьцах зэрэг сөрөг хандлагаа гээж, энэ мэт хэрэгцээгүй зүйлд анхаарлаа хандуулахын оронд өөрийн амьдралын хором мөч бүрээс яг одоо таныг тойрон хүрээлж буй зүйлсээс аз жаргалыг мэдэрч амьдрах хэрэгтэй биш гэж үү? Мөн хэрхэн амжилттай яваа эмэгтэйчүүд шиг биеэ сайхан авч явж, амьдралдаа сэтгэл хангалуун бүсгүй, эзэгтэй, ээж байх тухай эндээс мэдэж болно.
-Энэ ном таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Ном бүхэлдээ амьдралдаа хэрэгжүүлж болох санаагаар дүүрэн байсан. Орчуулгын явцад сурч мэдсэн зүйл ч их байлаа. Хоолны соёл, хувцас загвар, гоо сайхан, урлаг, харилцаа, гэр бүл гээд маш өргөн сэдвийг хамарсан бүлэгтэй бөгөөд мэргэжлийн үг хэллэг, нэршил ихтэй болохоор орчуулгад судлах зүйл цөөнгүй байснаас их цаг хугацаа орсон. Тэр хэмжээгээрээ их өгөөжтэй байсан даа. Яг өнөөдрийн монголчууд бидний суралцах цаг нь ирсэн сэдэв гэж бодсон. Энэ ном энгийн хэрнээ чухал агуулгатай, хүн бүрт хүлээн зөвшөөрөгдөж чадахуйц ном шиг санагдсан.
-Парисчууд 10 хувцастай гэхээр сонин сонсогдож байна. Энэ нь яг юуг илэрхийлж байна вэ?
-Хувцас загвар, хувцаслалтын тухайд нэлээд дэлгэрэнгүй зөвлөгөө орсон байгаа. Товчхондоо өөрийн хэв маягаа олж, өөртөө тохирсон таалагдсан цөөн тооны чанартай хувцастай байх гэсэн санаа юм. Өөрийн хэв маягаа олоогүй хүн төрөл бүрийн стиль загварын хувцсыг хольсон байдаг. Энэ ном уншигчийг загварлаг дэгжин парис бүсгүйчүүдийн шүүгээнд хөтлөн оруулна. Улиралдаа арван хувцсаар л гоёж чаддаг жинхэнэ франц хатагтайн шүүгээнд юу юу байдгийг бүгд л мэдэхийг хүсэж байгаа байх. Номд ямар 10 хувцас байж болох тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байгаа. 10 хувцастай болно гэхээр нэг өмссөн хувцсаа их ойр ойрхон өмсөнө гэсэн үг. Энэ бол европынход тийм ч сонин содон зүйл биш. Өөрийгөө илэрхийлэх хэв маягтай хувцастай байх нь таныг илүү үнэ цэнэтэй харагдуулна.
-Нүүр будалтын хувьд эмэгтэйчүүд их анхаардаг. Энэ тухай номд хэрхэн өгүүлэх бол?
-Нүүр будалт бол арьс арчилгаанаас эхэлдэг. Өөгөө дарж, өөр хүн болох гэж будах хэрэггүй. Товчхондоо хэтрүүлэх хэрэггүй гэсэн үг. Өөрийнхөө төрөлх гоо үзэсгэлэнг тодруулахын тулд будгийг ашигладаг. Эрэгтэй хүн бол хэтрүүлэгдсэн гоёл чимэглэл будагтай эмэгтэйг таашаахгүй шүү дээ. Өөрийнхөө арьсны онцлогийг тодорхойлж, түүндээ тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй. Арчилж тордож буй бүх зүйл өнгө зүс орж сайжирдаг. Тиймээс бүсгүйчүүд бид байгалиас заяасан гоо сайхнаа маш сайн арчилж тордох арьсаа байнга чийгшүүлж байх хэрэгтэй.
-Өнөөдөр бидний дунд байгаа сэдэвтэй номын агуулгыг холбож зарим зүйлийг тодруулах хэрэгтэй байх гэж бодож байна. Тухайлбал зөв, эрүүл хооллолт өнөөдөр маш чухал сэдэв болжээ. Хүмүүс хоол сойх, мацаг барих, цагаан хоолтон болох зэргээр олон янзын амьдралын хэв маягийг сонгож байна. Тэгвэл номд энэ талаар хэр нарийн тусгасан байгаа вэ?
-Өнөөдрийн монголчууд бид хооллолтоо эргэн харах зайлшгүй хэрэгтэй болсон гэж би хувьдаа боддог. Арай дэндүү замбараагүй хооллолттой байна. Тиймээс таргалалт, эрүүл мэндийн асуудал тулгамдаж байна. Гэтэл эрт дээр үеэс монгол хүн жилийн дөрвөн улирал, уур амьсгал, амьдралын хэмнэлдээ тохирсон эрүүл хоололттой байсан гэдгийг бид санах хэрэгтэй. Харин одоогийн бидний хооллолт төдийгүй биеэ авч яваа байдал нүүдэлчдийнх ч биш, хотын суурьшмал иргэдийнх ч биш, нэг тийм холион бантан болоод байх шиг. Эрүүл зөв хооллолт гэдгийг мацаг барих эсвэл цагаан, ногоон хоол төдийгөөр төсөөлөөд байдаг л даа. Эрүүл хооллолт бол тэнцвэртэй хооллолт юм. “Шик хатагтайн зөвлөгөө” номд юу таарснаа цаг наргүй идэж, аар саархан амттан чипсээр гэдсээ дүүргэх бус өдөрт гурван удаа бүрэн хооллож, чанартай хоол хүнс хэрэглэхийн чухлыг тайлбарласан байдаг. Хүмүүс чанартай хоол гэхээр үнэтэй хүнс гэж төөрөлддөг тухай ч бичсэн байгаа. Гэтэл хүнсээ зөв сонгож, замбараатай хооллох нь харин ч санхүүд хэмнэлттэй байдаг байна. Мөн идэж буй хоолондоо эерэг хандлагатай байх хэрэгтэй төдийгүй үргэлж хүссэн зүйлээ идэж чадахгүй тэвчиж, идсэнийхээ дараа жин нэмэхдээ харамсах хэт туйлширсан сөрөг хандлага нь зөв зүйл биш гэдгийг сануулдаг. Ер нь хүн юуны тулд идэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Цадахын тулд уу, эрүүл байхын тулд уу. Гэтэл хүн бүр эрүүл эрч хүчтэй амьдрахын төлөө л идэж байгаагаа ойлговол таргалалт илүүдэл жингээс үүдэлтэй өвчин багасах болно. Монголчууд бидэнд уламжлалт хоолны соёл бий. Миний хувьд цагаан талх, нарийн боов худалдаж авахаа больсон. Бүхэл үрийн гурил авч талх барьж идэж байна. Гэр бүлээрээ эрүүл зөв хооллож эхэлж байгаа.
-Хооллоход орчин хэр чухал вэ?
-Хүн өдөр бүр заавал гурван удаа эрүүл зөв хооллох хэрэгтэй. Ингэж хооллохдоо аль болох тухтай цэвэрхэн орчинд байх нь илүү тохиромжтой. Орчин үеийн орон сууц голдуу гал тогоо том өрөө нийлчихсэн байдаг болж. Том өрөөнд сууж байхад амттан шимтэн харагдвал идмээр санагдаад зохистой хооллож чаддаггүй. Гэтэл хуучны байшингууд гал тогоо, зочны өрөө тусдаа байдаг. Энэ нь илүү тохиромжтой гэж үздэг. Хоолоо идэхдээ гэр бүлээрээ эмх цэгцтэй суугаад идэх зэрэг оновчтой санаанууд номонд гардаг.
-Минимал амьдралын хэв маягыг сонирхож эхлүүлэх хүсэлтэй хүн юунаас эхлэх хэрэгтэй вэ?
-Энэ тийм хэцүү зүйл биш. Харин ч амархан. Ямар нэгэн үнэтэй эд хэрэглэл худалдаж авах бус хэрэггүй зүйлээсээ салах гэж байгаа болохоор тэр. Өөрт байгаа хэрэггүй олон зүйлийг цөөлөх тухай минимал хэв маяг онцолдог.
-Энэ амьдралын хэв маяг хаанаас үүдэлтэй вэ?
-Аль нэг орноос үүдэлтэй гэсэн зүйл сайн хэлж мэдэхгүй байна. Магадгүй судлаад явбал Монголоос эхлэлтэй байж болох юм. Монголчуудын ахуйн аж төрөх ёс нь тэр чигтээ минимал аж төрөх хэв маяг байсан гэж боддог. Нүүдэлчин амьдралын хэв маягт Орчин үед минимал байж чаддаг орон бол Япон. Минимал хэв маяг таны амьдралыг илүү хялбар болгоно.
-Дараагийн орчуулах бүтээлээ сонгосон уу?
-Сайн хэлж мэдэхгүй байна. Одоохондоо энэ талаар бодсон зүйл алга. Шик хатагтайн зөвлөгөө ном маань дахин нэг боть бий. Тэрхүү ботид гэртээ хэрхэн тав тухтай байх вэ гэсэн интерьер засал, чимэглэл тал руугаа бичигдсэн байдаг. Магадгүй энэ номыг орчуулж болох юм.
Женнифер Л.Скотт “Шик хатагтайн зөвлөгөө” номын тухай товч
Парис бол “Гэрлийн хот”, гэхдээ магадгүй ихэнх хүмүүсийн хувьд энэ хот “Шилжилтийн хот” байж болох юм. Калифорнийн оюутан Женнифер Скотт Парист солилцоогоор ирээд франц дэгжин загвар, амьдралын хэв маяг, чамин тансаг байдлаас суралцана гэсэн бодолтой байв. Түүнийг анх Парист хөл тавихад арван зургаадугаар дүүргийн нэгэн байрны Шик хэмээх хатагтай угтан авчээ. Гэвч Скоттын бодсоноос тэс өөр байсан учир тэрээр франц философиор амьдрах урлагт суралцдаг. Цэмцгэр сайхан хувцасласан Шик хатагтай иж бүрэн үдийн зоог бэлдэж, (цэмцгэр хувцасныхаа гадуур мэдээж хормогч зүүсэн) Женниферийг элдэв амттан, түргэн хоол, бэлтгэлийн өмд, зурагт зэрэг хэрэггүй зуршлуудаас нь холдуулна. Францыг сайн мэддэг хүмүүс залуу эмэгтэйн Францаар аялсан тэмдэглэлийг шимтэн унших бол Францыг тийм ч сайн мэддэггүйчүүд нь цаг гарздахааргүй үсний засалт, нүүр будах хичээл, арваас илүүгүй хувцсаа хэрхэн донжийг нь олж бүрдүүлэх вэ? зэрэг зөвлөгөөнүүдэд татагдаж болох юм. Бүлэг бүр Женниферийн Шик хатагтайгаас сурсан үнэтэй зөвлөгөөнүүдээс бүрдэнэ. Хаана амьдрах, хэр их орлого олохоос үл хамааран хэрэгжүүлж болох санаанууд бий. Тоо ширхгээс илүү чанарт анхаардаг франц гоо зүйн хэм хэмжээг сонгосноор хооллох урлаг (хоол сойх, амттан хивэх нь Шик биш), загвар (өөрийн төсөв мөнгөндөө тааруулан хамгийн чанартайг нь худалдан ав), арьс арчилгаа (будаагүй мэт харагдах) зэрэг зөвлөгөөнүүдийг авах болно. Цагийг зугаатай өнгөрүүлэхээс эхлээд гоёл чимэглэл, гэрийн дотоод зохион байгуулалтын тал дээр хүртэл хэрхэн хуучин хэв маягийг орчин үеийн идэвхтэй амьдралын хэв маягтай хослуулахыг сурна. Тиймээс Шик хатагтайн зөвлөгөө бол сайхан харагдаж, сайхан амьдарч, Парис амьдралын хэв маягаас суралцах гэсэн эмэгтэй хүн бүрийн гарын авлага билээ.
Г.НЯМСҮРЭН
Сэтгэгдэл (0)