Ш.Одонтуяа: Урлагийн хоёр том байгууллага нэг тайзтайд харамсдаг
- 2018-08-26
- Энтертайнмент
- 0
Үндэсний урлагийн их театрын Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын дасгалжуулагч багш, гавьяат жүжигчин Ш.ОДОНТУЯАТАЙ ярилцлаа.
-Та Үндэсний урлагийн их театртай хэдийнээс ажил, амьдралаа холбосон бэ?
-Улсын ардын дуу бүжгийн чуулга гэдгээр нь хүмүүс манай Үндэсний урлагийн их театрыг сайн мэддэг. Бас Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга хэмээн нэрлэж байсан. Нийгмийн өөрчлөлт, хөгжлийн явцад нэр нь давхар өөрчлөгдөж байжээ. Миний хувьд 1988 оны долоодугаар сарын 1-нд Хөгжим бүжгийн дунд сургуулийг бүжигчин мэргэжлээр төгсөөд энэ театртаа анх ажилд орж байлаа. Тухайн үед Улсын ардын дуу бүжгийн чуулга гэх нэртэй байсан. Хүмүүс тэр үеийг дуучин, жүжигчдээр нь андахгүй сайн мэднэ. Би алтан үеийн уран бүтээлчидтэй хамтран тайзан дээр гарч байсан азтай хүн гэж өөрийгөө боддог. Тэр үед ардын жүжигчин Н.Норовбанзад, Д.Хоролсүрэн, Г.Түмэндэмбэрэл, Д.Банзрагч, Д.Самбуу зэрэг алдартай дуучин, гавьяат жүжигчин, бүжигчин Ц.Алтангэрэл, Г.Зоригт, Ч.Чимэдцэрэн зэрэг домог болсон уран бүтээлчтэй хамт ажиллаж байлаа. Театрт хөл тавьснаас хойш 30 жилийн хугацаа өнгөрсөн байна. Ингээд алтан тайзандаа хүндэтгэл үзүүлж, анхны тайлан тоглолтоо ард түмэндээ толилуулахаар ажил ихтэй, завгүй явна. 2010 онд гавьяаныхаа амралтыг авч, 2007 оноос Үндэсний урлагийн их театртаа эмэгтэй бүжигчдийн дасгалжуулагч багшаар ажиллаж байна. Манай бүжгийн урлагийнхан 20 жил ажиллаад гавьяаныхаа амралтад суудаг онцлогтой.
-Алтан үеийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан үеийн дурсамжаасаа хуваалцана уу?
-Аливаа урлаг их диктатуртай байдаг. Урлагт ардчилал байхгүй гэж ярьдаг шүү дээ. Тухайн үед дөнгөж сургуулиа төгссөн жаахан охин байлаа. Энэ театрт олон сайхан гавьяат ажиллаж байсан үе. Тэд тусдаа өрөөтэй. Жүжгийн хувцас хунарыг нь тусгайлан бэлдэж өгдөг байлаа. Тэр агуу уран бүтээлчдийн байр байдлыг ажиглаад тэдэнтэй адилхан их хүндлэлийг хүлээж авах юм байна гэж ойлгосон. Тэдний өрөөнд орох нь бүү хэл хажуугаар нь өнгөрөхдөө айж бэргэдэг, их сонирхож хардаг байлаа. Тийм л их хүндлэлийг өгдөг байжээ. Үндэсний урлагийн их театр бол үндэс сайтай модонд жимс сайн ургадагтай адил суурь нь их мундаг тавигдсан гэж боддог. Ийм нэр хүндтэй театрт сор болсон бүтээлүүдийг тавилгүй яахав.
-Театрынхаа тайзан дээр анх ямар уран бүтээлээр гарч байв?
-Намайг сургуулиа төгсөөд театрт ирэхэд миний багш С.Сүхбаатар ерөнхий бүжиг дэглээч, балетмейстрээр ажиллаж байсан. Багшийнхаа гарын шавь болж ажлын гараагаа эхэлж байлаа. Биднийг Хөгжим бүжгийн сургуулиас төгсч ирэнгүүт долоодугаар сарын 10-ны төрийн хүндэтгэлийн тоглолтод оролцуулахаар болсон. “Дамарт дудрын ай” гэх бүжгийг С.Сүхбаатар багш найруулан тавьж байлаа. Энэ бүжгээр миний урлагийн гараа эхэлсэн.
-С.Сүхбаатар гуайтай хамтран ажиллаж, багш шавийн барилдлагатай болсон дурсамжаасаа хуваалцаач?
-Сор авьяастай, содон хүмүүсийг хөндлөнгөөс ажиглахад их сонин зан ааштай байдаг шүү дээ. Тийм сонин, содон сэтгэлгээтэй хүмүүсээс агуу зүйл гарч байдаг юм. Одоо эргээд бодоход тухайн үед багш их зөрүүд байжээ. Зөрүүд байхаас ч өөр аргагүй байсан байх. Хийх гэсэн зүйлээ хийхийн төлөө их зүтгэдэг байлаа. Тухайн үед социалист нийгэм байсан болохоор тэр хүний бодсон бүхнийг нь яг хүссэнээр нь хийлгэдэггүй байжээ. Багш минь их холыг хардаг байж гэж би одоо боддог. Сонин содон зүйл сэдээд хийхээр тухайн үеийн шалгах комисс ирээд “Ийм зүйл хийхгүй” гэх зэргээр хааж боодог байсан. Бүжгийн урлагийн төлөө сөрж зогсохоос өөр арга багшид байгаагүй болов уу.
-Та анх хэдийд бүжигчин болохоор шийдсэн бэ. Таны аав бүжигчин байсан болохоор нөлөөлсөн болов уу?
-Миний аав цэргийн ансамблийн \Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга\ гавьяат жүжигчин Шагдар гэж хүн бий. Бүжигчин болсон нь миний их хувь заяа болов уу гэж боддог. Дөрөвдүгээр ангид ортлоо бүжигчин болно гэж огт бодож байгаагүй. Би их өөр зүйл хүсч мөрөөддөг байлаа. Дөрөвдүгээр ангидаа өвлийн улирлын амралтаар шугамын радио сонсч байтал “Хөгжим бүжгийн дунд сургуульд элсэлт авч байна” гэсэн зар явсныг их сонирхсон. Тэр үед Хөгжим бүжгийн дунд сургуульд ороход их шалгуур өндөртэй байжээ. Хүссэн болгон тэр сургуульд орж чаддаггүй байлаа. Цэдэнбал Филатова Монголын урлагийн төлөө их зүйл хийснийг өмнөх үеийнхэн сайн мэднэ. Тухайн үед урлаг ч их өндөр шалгууртай байж. Би 200 гаруй хүүхэдтэй шалгалтад орж олон ч шалгалт өгч байж тэнцэж байсан. Дуртай зүйлээ мэргэжил болгон хөгжүүлсэн хүн хамгийн аз жаргалтай болдгийг би мэдэрдэг. Театртаа хамт олонтойгоо байхдаа би их сайхан энерги авч чаддаг.
-Аав тань Монгол Улсын гавьяат жүжигчин. Та өөрөө гавьяат болохдоо хэдэн настай байв. Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байв?
-Аав, ээж “Эрүүл явж, ажлаа сайн хий” гэж захидаг байсан. Үр хүүхдүүд бидний хувьд эрүүл энх байж, ажил албаа сайн хийж байгаа нь аав, ээжийнхээ ачийг хариулж байгаа нэг хэлбэр юм даа. Тухайн үед би аав, ээжийгээ хамгийн их баярлуулсан байх гэж боддог.
-Ээж тань мөн л урлагийн хүн байсан гэдэг. Танд их зүйлийг зааж зөвлөдөг байсан уу?
-Миний ээж залуудаа Хүүхэд залуучуудын театр, Хүүхэлдэйн театрын жүжигчнээр ажиллаж байсан. Одоо гавьяаныхаа амралтад суугаа, урлагийн өндөр мэдрэмжтэй хүн бий. Би ээжээсээ олон зүйл сурсан. Ээж надад бүхий л цаг мөчид тусалж ирсэн. Бүжгийн урлагт бие сэтгэлээ тууштай зориулахад хамгийн их тусалсан хүн бол миний ижий. Бас хоёр хүүхдийг минь өдий зэрэгтэй сайхан өсгөж хүмүүжүүлсэнд үргэлж талархаж явдаг. Миний хийх гэж буй тоглолт бол ижийдээ барьж буй нэг бэлэг юм.
-Бүжигчин болоход гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Дургүй байсан. Аав намайг хэзээ ч бүжигчин болгоно гэж ярьдаггүй байлаа. Өөрийнхөө хүсэл сонирхол зурсан зургаараа явж байгаад л бүжигчин болчихсон. Шалгаруулалтад оролцож явсны эцэст тэнцсэнд аав юу ч хэлээгүй. Миний аав бурхан болсон. Ижийгээ нэг ч гэсэн өдөр баярлуулахыг хүсч явна. Аав, ээждээ зориулан энэ тоглолтоо хийж байна гэж ойлгож болно.
-Анх ямар бүжиг сурч байсан бэ?
-Би багадаа бүжгээр ерөөсөө оролдож хичээллэж байгаагүй. Хөгжим бүжгийн сургуулийг мэргэжлээрээ ганцаараа онцсайн гэсэн дүнтэй төгсч байлаа. Удам гэж яах аргагүй байдаг юм байна.
-Таны үр хүүхдээс авьяасыг тань өвлөсөн бүжигчин бий юү?
-Миний бага охин Хөгжим бүжгийн сургуулийн бүжгийн ангид суралцаж, гурав дахь үеийн бүжигчин гарч ирэх гэж байна. Том охин СУИС-ийн зураасан зургийн ангид суралцдаг. Миний нөхөр Монгол Улсын заан, гавьяат тамирчин бөх хүн бий. Манай охид өөрсдийн хүсэл сонирхлоороо урлагийн талын мэргэжил сонгосон доо.
-Нөхөр тань бас циркийн мэргэжилтэй хүн гэсэн үү?
-Тийм. Манай нөхөр Дамдин аваргын хүнд жингийн номерыг үзүүлдэг байсан.
-Таны тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ?
-Энэ бол миний анхны тайлан тоглолт. Манай хамт олон, шавь нар тайлан тоглолтоо хийх саналыг олон жилийн өмнөөс тавьж байсан. “Хийсэн бүтээсэн зүйл байгаа учир ард түмэндээ тайлан тоглолтоо тавиач” гэсэн. Дараа дараачийн уран бүтээлчид ч тайлан тоглолтоо хийх гээд хүлээж байгаа. Таны өмнө хийж чадахгүй байна. Салхийг нь хагалаад тайлан тоглолтоо хий” гэсэн хамт олон, шавь нарынхаа хүсэлтийн дагуу үзэгчдэдээ анхны тайлан тоглолтоо сонирхуулах болсондоо баяртай байна. Тоглолтод Үндэсний урлагийн их театрын бүх албаныхан оролцоно. 2010 оноос хойш театртаа багшилж, хааяа нэг бүжиглэдэг болсон. Хамт олныхоо итгэл сэтгэлийг дааж том зүйлийн ард гарахаар хичээж явна. Тоглолт маань ирэх сарын сүүлээр 29,30-нд болох болов уу. Амралтын өдөр тааруулна. Учир нь, манай Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театртай тайзаа хуваадаг. Энэ хоёр урлагийн улсын том байгууллага нэг тайзтай байгаад харамсч явдаг.
-Өнгөрсөн 30 жилд шантарч буцах үе гарч байсан уу?
-Байлгүй яахав. Мэргэжлийн бус хүмүүс бүжгийн урлагийг сонирхлынх гэж ойлгодог байх. Үгүй шүү. Энэ бол асар их хөдөлмөр шаарддаг урлаг бөгөөд үүнийг эзэмших нь их хувь заяа. Хэрвээ энэ мэргэжлийг эзэмшсэн бол өөрийнхөө авьяас чадварын эцсийг нь тултал гаргаж, богино хугацаанд өөрийгөө бусдад мэдрүүлэх шаардлагатай. Үгүй бол чи насаараа массын бүжигчин болно. Бүжгийн урлагийг амар хялбар мэт ойлгох хүн олон байдаг. Тухайлбал, надаар бүжиг заалгая, урлагийн үзлэгт орно гээд хүмүүс хүрээд ирдэг. Тэгээд ямар бүжиг вэ гэхээр их том том бүжгийн нэр хэлээд орж ирнэ. Тэр бүжгийг хоёр, гуравхан хоногт сурчих юм шиг боддог. За яахав гээд заахаар эхний хөдөлгөөнөө ч хийж чадахгүй зогсчихно.
-Театрын гоцлол бүжигчнээр хэзээнээс ажиллах болсон бэ?
-1995 оноос хойш гоцлол бүжигчин болсон.
-Анх хүүхдүүдэд багшлах ямар санагдаж байв. Шавь нартаа ямар зүйл зааж сургахыг хичээдэг вэ?
-Театрт ирж байгаа бүх уран бүтээлчтэй ажиллана. СУИС-ийн Бүжгийн урлагийн тэнхимд цагийн багшаар хоёр жил ажиллаж байлаа. Мэргэжлийн бүжигчин, оюутантай ажиллах гэдэг хоёр ондоо зүйл. Багш байна гэдэг бол их том хариуцлага гэж хардаг. Тухайн бүжигчнийхээ онцлогийг багш хүн их сайн мэдрэх ёстой. Энэ бүжигчин юунд илүү сайн, бусдаас ялгарах онцлогтой зэргийг сайтар судалж харах хэрэгтэй. Бүжигчин бүр өөр өөрйин онцлогтой. Жишээлбэл, тайзан дээр гараад амилдаг, зааландаа сайн бүжиглэдэг, дотоод сэтгэлийн, эрч хүчтэй бүжигчин гэх зэргээр ялгаа их бий.
Г.НЯМСҮРЭН
Сэтгэгдэл (0)