Р.Батцэнгэл: “Монголын нууц товчоо”-г бүрэн эхээр нь дэлгэцийн бүтээл болгоно

Монголын нууц товчоо түгээмэл эх төслийг санааачлагч, “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийн удирдах зөвлөлийн дарга, зураач Р.БАТЦЭНГЭЛТЭЙ ярилцлаа.

- “Монголын нууц товчоо түгээмэл эх” дэлгэцийн бүтээлийг хийхэд хэр хугацаа зарцуулсан бэ?

-“Монголын нууц товчоо түгээмэл эх” номоо 2014 онд худалдаанд гаргаж байлаа. Үүнээс хойш номыг маань дэлхийн долоон орны хэлээр хэвлүүлсэн байна. Бас монгол бичгээр хэвлэсэн. Дэлгэцийн бүтээл болгох ажил 2016 оны сүүлчээр эхэлж өнгөрсөн хавар дууслаа. Гэхдээ дэлгэцийн бүтээл болгосны дараа засч сайжруулах зүйл байсан учир хойшлуулсаар өнөөдөр нээлтээ хийж байна.

-Дэлгэцийн бүтээл болгоход хамтарч ажилласан уран бүтээлчдээ танилцуулна уу?

-Олон уран бүтээлч бий. Тэдгээрээс миний ах хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнийн бүтээлүүд эгшиглэнэ. Ах минь өөд болчихсон л доо. Гэхдээ үзэгчдэд хүргэж чадаагүй бүтээлийг нь тус цувралдаа оруулсан. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва өгүүлэгчээр ажилласан. Түүний хувьд “Монголын нууц товчоо”-г дөрөв дэх удаагаа уншиж буй нь энэ юм.

-Та цаашид ямар төлөвлөгөөтэй байна. Энэхүү бүтээлийг хилийн чинадад байгаа үзэгчдэд хүргэх бодол бий юү?

-Нээлтээ хийж буй дэлгэцийн бүтээл бол “Монголын нууц товчоо”-ны тэргүүн бүлэг бөгөөд 25 ангитай. Нэг анги нь таван минут үргэлжилнэ. Цаашид “Монголын нууц товчоо”-г бүрэн эхээр нь хөдөлгөөнт цуврал болгон гаргах төлөвлөгөөтэй байна. Одоо дэд бүлгийн ажлаа хийж байна. Ирэх зургаадугаар сарын 1-нээс өмнө дуусгах зорилт тавьсан.

-“Монголын нууц товчоо”-г бүтээл болгох санааг та хэрхэн олсон бэ?

-9, 10 настай байхдаа “Монголын нууц товчоо”-г анх удаа уншсан. Тэр үед их өөр ертөнцөд хөл тавьж буй мэт сонин мэдрэмж төрж байлаа. Тэр үеэс л би зургаа зурж эхэлсэн. 2001 онд Чингис хааны мэндэлсэн ойгоор уран зургийн үзэсгэлэн гаргаж байсан. Тэр үед үзэсгэлэнг маш бага хүн үзсэн. Тэгээд л ном болгох хэрэгтэй гэсэн санаа төрсөн.

-Ер нь монгол дахь худалдан авалт хэр байдаг вэ?

-Монголчууд авалгүй яах вэ. Гэхдээ ном их өртөгтэй. 214 нүүр бүтэн өнгөтэй хатуу хавтастай ном гэхээр борлуулалтын үнэ өндөр гарч байна. Дэлгэцийн бүтээл болгож буй нэг шалтгаан нь энэ. Мөн гар утасны аппликейшнээр манай ном, дэлгэцийн бүтээлийг шинжлэх ухааны тайлбарын хамт хүлээн авах боломжтой.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (192.82.72.242)

    2019-12-19

    ном нь кинотойгоо адил уу,, номын дэлгүүр очвол байгаа юмуу...сэтгэл хөдөлж авахыг хүсч бна

  • сэлэнгээ (192.82.72.242)

    2019-12-19

    Их бүтээлч сайн БҮТЭЭЛ болжээ... Ийм хүнийг уран бүтээлч гэнэ гэж би бодоож бна.БАЯР ХҮРГЭЕ. Цаашдын ажилд нь амжилт аз жаргал хүсье