Т.Ганди ба "Улаан од"
- 2020-06-03
- Нийтлэл
- 0
1987 оны 7 дугаар сард би "Улаан од” сонинд дадлага хийхээр очлоо. Эхний өдрийн үдийн цайны цагаар гурван хүүхэнтэй хамт гарч хороололд нэгнийд нь очихоор троллейбусаар явав. "Од” кино театрын буудал өнгөрч явтал хоёр хүн зорчигчдын билет шалгалаа шүү. Тэр үед билетийг урьдчилж аваад зориулалтын хайрцагт шургуулж цоолдог байсан юм. Т.Ганди, Л.Туяагэрэл хоёр "Улаан од” сонины, Б.Энхтуяа "Залуучуудын үнэн” сонины сурвалжлагчийн үнэмлэх үзүүлээд урагш явлаа. Би билет аваагүй байсан юм, сонсогчийн үнэмлэхийг яаж тоох вэ, 30 төгрөгөөр торгуулж билээ. Т.Гандигийнд очиж, хүүхнүүдийг дайлаад буцахдаа би хүнээс билет худалдаж аваад явсан ч замд шалгагч таарсангүй. Үүнийг дурсдагийн учир би Т.Гандийг дурсаж байгаа ухаантай юм.
1980-аад оны сүүлийн хагасын "Улаан од” сонины содон сурвалжлагчийн нэг нь Т.Ганди байлаа. Цэргийн сонины хоёр дахь эмэгтэй сурвалжлагч. Түүнээс өмнө сэтгүүлч Д.Бямбасүрэн эгч цэргийн сонинд байсан, 27 жил ажиллахдаа ихэвчлэн захидал харилцааны албыг хариуцаж байлаа.
Т.Ганди яагаад содон сурвалжлагч байсан бэ, баахан эрчүүдийн дунд ганц эмэгтэй нь байсан учраас гэвэл эндүүрэл. Түүний бичлэгийн өнгө аяс, нэн ялангуяа эрчүүдийн нүдэнд төдийлөн өртдөггүй, байдаг л юм гэсэн жижиг атлаа алсдаа уршиг дагавартай жижиг биш алдаа, эндэгдэл бүр цаашилбал хэвшил дадал болсон цэргийн албаны гажуудлыг маш сайн бичдэгт байсан юм. Т.Ганди "Улаан од” сонинтой хэрхэн холбогдов. Тус сонины 60 жилийн ойгоор 1984 онд редакцынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ татуулсан гэрэл зурагт Т.Гандигийн зураг байдаггүй юм. Цэргийн сэтгүүлч Б.Цэдэн 1985 онд нийслэлийн 75 дугаар сургууль төгссөн хүн. Тэр бээр ярихдаа, Т.Ганди манай сургуульд Эвлэлийн хорооны дарга байсан гэсэн шүү. Хэзээ ажилд орсон нь чухал биш, хэрхэн бичсэн нь л чухал. 1986 оноос л "Улаан од”-ын хуудаснуудыг Т.Гандигийн өвөрмөц бичлэгүүд чимэглэж, цэргийн уншигчдын дунд мэргэжлийн ур чадварын шинэлэг агаарыг бий болгосон байдаг.
Сэтгүүлч гэдэг мэргэжлийн ард хэд хэдэн мэргэжил дагаж явдаг жамтай. Үнэнийг бичих, энэ бол хүн чанар, зориг зүрхтэй байхын оршин тогтнох тэнхлэг нь юм. Хэний ч өмнө үнэнийг хэлнэ гэдэг шударга шүүгчийн зан чанар. Хар, цагааныг дэнсэлж чадна гэдэг прокурорын ажил шүү дээ. Энэ бүхнийг нэгэн сэтгүүлч цогцоор нь хадгалж, илэрхийлж бичнэ гэдэг амаргүй, ховорхон юм. Т.Гандид эдгээр чанар цогцоороо шингэсэн учраас л мэргэжил нэгт нөхдөөсөө эрс ялгарч, үнэний дуу хоолой болон уншигчдад таашаагдаж байсан билээ. Сэтгүүлч хүнд өөр нэг чанар байж л гэмээ нь сонины хуудсанд, уншигчдын хүрээлэлд оршин тогтнодог. Энэ нь ямар ч тохиолдолд, хэнийг ч бичсэн зөвхөн үнэнийг л бичих, мэргэжлийнхээ өмнө эзэн байх чадвар юм. Бичсэнийхээ төлөө шоронд суух, бичсэнийхээ төлөө шороонд булагдах байсан ч гагцхүү үнэнийг л бичих. Ийм чанар тэр бүр захын сэтгүүлч гэгдэх мэдээ бичээчид байдаггүй юм. Ийм чанар хүн чанартай ихэр учраас цөөн сэтгүүлчдэд л байдаг юм. Энд би бичлэгийн ур чадварын тухай яриагүй байна. Үнэнийг бичихэд ур чадвар өөрөө дагалддаг. Хуурамч магтаал бичихэд ур чадвар гардаггүй. Т.Ганди бичлэгийн өндөр ур чадвартай сэтгүүлч, яагаад гэвэл тэр бээр үнэнийг л бичдэг учраас тэр. Бусдын таашаалд нийцүүлж бичих, хэн нэгэнд долигонож бялдуучлан бусдын үг, зааврыг биелүүлэн бичлэгтээ тусгах, захиалгаар бичих зэрэг нь сэтгүүлч хүний хувьд мөхөл юм. Ийм мөхлийн эсрэг дархлаа нь ердөө л үнэнийг бичих. Т.Ганди бид хоёрыг уншигчид сэтгүүлч гэж нэрлэдэг юм. Үнэнийг л бичдэг учраас тэр л дээ.
Анги, байгууллагад сониноос сурвалжлагч иржээ гэсэн яриа гарахад, өнөө Ганди нь ирсэн үү гэж эмээнгүй асуудаг дарга, офицер олон байсан даа. Ялангуяа дарга нар. Эмэгтэй хүнээс эмээдэг офицер гэж хаа байх вэ, харин хаанаас үнэнийг ухаж гаргаад дэлгэх бол л гэж бэргэдэг байв шүү дээ. Үнэний өмнө хэн хулчийдаг вэ гэвэл дарга нар. Т.Ганди нэг удаа, хамаг булхайг таригч нь дарга нар л байдаг гэж хэлсэн удаатай. Т.Гандиг би магтах гэж байгаа юм биш, надаар магтуулаад байх ч хүн биш. Үнэн ба Т.Ганди хоёрыг л бичиж байгаа царай минь энэ. Монголын уншигчдын өмнө танигдсан сэтгүүлч гэвэл би биш харин Т.Ганди маань. Би түүнийг улс төрчийнх нь хувьд бичээгүй сэтгүүлчийнх нь хувьд хэдэн үг хэлж байгаа юм. Надад ийм эрхийг нам, засаг биш, уншигчид өгсөн юм шүү. Төр, засаг түүний авьяас чадвар, үнэнч хөдөлмөрийг үнэлж шагнасан. Т.Гандигийн энгэр дэх Сүхбаатарын одон түүнд сайхан зохисон доо.
Аливаа сэтгүүлчид бичлэгийн онцлог гэж байх. Т.Гандигийн бичлэгийн онцлог нь ердөө л гарчиг. Сайн гарчиг өгүүлэмжийнхээ жаран хувийг даагаад гардаг гэх бичигдээгүй онолыг баталж чадсан цөөн сэтгүүлчийн нэг нь Т.Ганди юм. "Гараж нураасан ганц үсэг”, "Захирагчийн захирагч”, "Нударга зангидсан нуугдмал хурандаа”, "Буутай мөртөө хүлээтэй юм шиг зодуулдаг гэнэ”, "Хотоороо сүйрэх аюул”, "Хагацал буюу хаягдмал хүмүүс”, "Араншингийн өвчин аюултай”, "Накамура сан гэж хэн бэ”, "Мистер Флиний аялал өндөрлөв” зэрэг гарчигтай нийтлэлүүд цагтаа цэрэг арми, улс орон даяар дуулиан дэгдээж үнэнийг илчлэхийн үлгэр жишээ болж байсныг санах уншигчид элбэг шүү дээ. Т.Ганди "Ардын эрх” сонинд ажиллахаар явсны дараа л манай редакцын хэдэн хар юм түүнийг үгүйлж эхэлдэг байгаа. Цэргийн сонинд Т.Гандигийн орон зай үнэхээр үгүйлэгдэж, хэн маань яаж бичиж тэр орон зайг нөхөх вэ гэдэг том асуудалтай тулгарч байлаа. Биднээс түүний бичлэгийн орон зайг уншигчид нэхэж байсан тийм цаг үе бий юм шүү.
УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож Байнгын хорооны дарга, төрийн сайд, элчин сайдын алба хашиж явсан улс төрчийнх нь замналыг би бичиж чадахгүй ээ. Энэ нь над мэт тал бичээчид ахадсан ажил болох нь ойлгомжтой. Ийм өндөр алба хашиж, зав чөлөөгүй явсан үедээ Т.Ганди цэргийн сонин руу анхаарал хандуулж, бяцхан дурсамж бичиж байсныг 10-аад жилийн хойно уншигчдад толилуулж байна.
"Соёмбо” сониныхоо уншигчдад сонирхолтой байх болов уу гэж нэг хөгтэй юм дурсъя. Нэг үе манай сонины редакц БХЯ, Улс төрийн газартай хамтран "Жижүүр захирагчийг орлоно” гэдэг сэдвээр анги, салбарт шалгалт хийдэг байв. Би Хужирбулангийн нэг жижиг батальонд очлоо. Ангийн үүд хаалга "Тавтай морилно уу” гэсэн мэт нээлттэй, харуул, манаач ч харагдсангүй. Хамт явсан яамны офицер намайг цэргийн байр руу оруулж өгөөд, цэргийн гал тогоо, штаб хавийг эргэхээр явав. Цэргийн байранд зурагт үзэж байсан хэдэн цэрэгтэй яриад сууж байтал жижүүрийн офицер ороод ирлээ. Энгийн хувцастай намайг танихгүй байна. Ингээд л нөгөө хуаран хэсэж явдаг хүүхнүүдийн нэг гэж бодсон юм байлгүй тачигнаж гардаг байгаа. Бараг заамдаж аваад гаргах нь ээ. Гэтэл ашгүй хамт явсан офицер маань ирж, жижүүр ч шалдаа бууж билээ. Шинэхэн сурвалжлагч, залуухан охин явсан болоод ч тэр үү, их цочирдож, буруутай юм шиг таг дуугүй зогсож байсан маань санаанаас ер гардаггүй юм”
Тэр бээр ийм л сэтгүүлч явж, цэргийнхний дунд сэтгүүлчийн хөдөлмөрийг ангийн хашаанаас гаргаж чадсан нэгэн. Аливаа хүний үнэн мөр гэдэг цагийн салхинд элдэггүй бололтой. Өдгөө Т.Гандигийн тухай, түүний бичлэгт өртөж шийтгүүлж явсан тухайгаа, хээрийн салхинд хаяа нь дэрвэсэн ногоон майханд өвдөглөн суугаад, дарийн утаа үнэртсэн сурвалжилга бичихэд нь хамт байсан тухайгаа наяад оны офицерууд инээлдэж хөхрөлдөн ярьсаар л байдаг.
Т.Ганди УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа "Авьяас бол бурхны хишиг. Хэн ч уудлаад, булаагаад авчхаж чаддаггүй ганц зүйл. Сэтгүүлчээр ажиллахад авьяас мэдрэмж хоёр аав ээж шиг ойрхон байдаг зүйл дээ. Нэгэнт энэ мэдрэмжийг эзэмшиж чадсан юм хэзээ нэгэн цагт үргэлжлүүлээд уран бүтээлээ хийгээд явахад зүрх сэтгэл минь бэлэн байдаг болохоор улс төрд орсондоо нэг их харамсаад байдаггүй. Гэхдээ би сэтгүүл зүйд тууштай хүчин зүтгэсэн бол тэргүүлэгч нь байх л байсан” гэж хэлснийг нэрт сэтгүүлч, орчуулагч А.Баасандорж тэмдэглэн авчээ. Ирээгүй хэзээ нэгэн цагт биш ирээд буцсан хэзээ нэгэн цагт Т.Ганди манай сэтгүүл зүйн тэргүүлэгч, түүчээ нь байсан билээ.
Би Т.Гандигийн "Ягаан болорын хаан” тэмдэглэлийн номыг уншаад түүнийг арай л наахнуур ойлгож явсандаа хүлцэл өчмөөр санагдлаа. Чансаатай, чадварлаг сэтгүүлч, нийтлэлч гэдгийг нь мэднэ л дээ. Гэхдээ ингэж уран дэгжин, хуурамчгүй үнэн, үзтэл ил гоо сайхантай бичнэ гэж санасангүй. Амьдралын эрээн мяраан сүлжилдсэн олон өнгөнд үзгээ дүрээд авсан юм шиг тод томруун туурвина гэж яаж санах вэ.
Түүнийг сэтгүүлч, зохиолч биднийхээ дунд өнхөрч, босож явахгүй яагаа вэ дээ гэж жаахан ганасхийв. Гэвч тэр биднийхээ дунд л байж. Хэдийдээ Т.Ганди үндэснийхээ хэлний ааг амтлахуйг өөртөө хав халуунаар нь шингээчихсэн юм мэдэхгүй. Т.Гандигийн алтны "нинжа” шиг тоншуур ур хийц, олж хатгасан мэргэн саналга гайхалтай” гэж Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн шагналт зохиолч До.Цэнджавын бичсэнийг дамжуулсан нь би хэлэхээс илүү зохилтой хэмээн үзлээ. Бусдын үгээр хооллож байна гэж намайг зэмлэвэл зэмлэнэ л биз. Гар барьсных бугуй бариад өөр нэг сэтгүүлчийн бичсэнийг бас хавсаргая. Эмэгтэй хүний нүдээр түүний бичлэг хэрхэн харагдах нь вэ. "Т.Ганди улс төрд зоримог хөл тавьсан. Тэр угаасаа л аливаа шатан дээр дутуу, эсвэл хальт гишгэдэггүй хүн. Тууштай, аливаад амархан автдаггүй зантай Т.Ганди улс төрд ч гараар онгойдог цоож шиг дэл сул амьтан явсангүй. Би л лав үүнийг бардам хэлнэ. Тэр манай улс төрийн хүлээн зөвшөөрөгдсөн хатагтай. Хамгийн гол нь тэр ажлаа хаяагүй юм байна. Юун улс төрд булаагдах.
Улс төр түүний авьяасыг нь ч, мэргэжлийг нь ч булааж чадаагүй юм байна. Тэр парламентад ажилласан он жилүүддээ ч сэтгүүл зүйн "тэмдэглэл” хэмээх торгон зүйлийг тэрлэсээр, тээсээр ирсэн байна. Хамгийн сонин дүрүүдийг бүтээж, хамгийн анзаарагдамгүй юмыг ажиж, тэр бүртээ нээлт болгон бичиж ирснийг уншигчид мэдэрсээр байгаа юм.
Нийтлэлүүд нь үнэхээр "гаатай” бичлэгтэй юм, сурвалжилгууд нь хүний сэтгэлийг хөдөлгөсөн уртай, дүртэй, мэдрэмтгий, нарийн бичлэгтэй. Баримтыг бол авьяастай сэтгүүлч л баяжуулж чаддаг. Авьяасгүй, ердийн нэг гөлгөр, мөлгөр сэтгүүлчид бол юун хүний сэтгэлийг хөндөх байтугай хамаг урам хугалж, уур бухимдал л төрүүлээд дуусдаг шүү дээ” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Б.Ганчимэг бичсэн байгаа юм. Бусдын будаа амттай гэдэг энэ дээ. Одоо өөрийнхөө будааг нэмэрлэе. Т.Ганди маань уран зохиолын төрлөөр "Эрэл”, "Аянга” гэсэн уран сайхны хоёр кино бичиж дэлгэцэд гаргасан ч зохиолчдын хороо энэ, тэрээр гүйгээд байдаггүй даруухан зохиолч. "Ягаан болорын хаан”, европчууд аймхай хүмүүс” гэсэн сэтгүүл зүйн номууд нь гарчгийн хувьд ч, горь хувьтай гэгээн үнэнийг илчилсний хувьд ч нэн сонирхолтой бүтээлүүд юм. Цэргийн сэтгүүл зүйд нээлт болж бичсэн бүтээлүүд нь түүнийг цэргийн сонины хэдэн хар нөхдийн магнайд духдуулсан титэм мэт гэрэлтүүлсэн билээ.
Цэргийн мэргэжлийн сэтгүүлч П.БАТНАЙРАМДАЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин