Б.Ууганбат: Цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам баталсан
- 2021-08-28
- Улаанбаатар
- 0
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь наймдугаар сарын 20-26-ны хооронд нийт 1108 дуудлагад хариу өгсөн байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.46 минут секунд байгаа юм. Мөн тус хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 96 иргэн хандаж, 29 иргэн автомат хариулагчаас, 67 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авчээ. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбаттай ярилцлаа.
-Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт хэдэн хувьтай байна вэ?
-Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.9 хувь, II тунгийн хамралт 68.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2635 (22.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 54.146 (60.9 хувь), 16-17 насны 22.816 (67.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. “АстраЗенека” вакцины III тунг наймдугаар сарын 16-наас зорилтот бүлгийн хүмүүст сайн дурын үндсэн дээр хийж байна. Наймдугаар сарын 25-ны байдлаар зорилтот бүлгийн 13.066 хүн вакцины III тунд хамрагдсан. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.
-Шинжилгээний хэдэн цэг ажиллаж байна вэ?
-Сургууль, цэцэрлэгийн байрыг чөлөөлж байгаатай холбоотой Баянгол дүүрэгт байрлах шинжилгээний цэгийн байршил өөрчлөгдсөн. Дараах зургаан байршилд 09:00-12:00 цагийн хооронд түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Үүнд:
- Баянгол дүүрэг- Эмүжин төв /Өргөө кинотеатрын урд Петровис ШТС-ын баруун урд талд/
- Сүхбаатар дүүрэг- Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэг цэгийн үйлчилгээ /100 айл “Жоби” төвийн зүүн талд/
- Чингэлтэй дүүрэг- Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлэг /СУИС-ийн замын урд ЧД-ийн нэгдсэн эмнэлгийн хашаан дотор/
- Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол
- Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
- Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
Харин амралтын өдөр гурван цэг ажиллаж байгаа. Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх болсонтой холбогдуулан наймдугаар сарын 19-ний Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Коронавируст халдварын үед цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журмыг баталсан.
-Журамд цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагааны талаар хэрхэн тусгасан бэ?
-Журмын дагуу цэцэрлэг, сургуулийн анги, бүлгийн өрөөний нэг хүүхдэд ногдох талбайг 1.5 ам метрээс доошгүй байхаар тооцож, 20+5 хүүхэд хүлээн авна. Танхимын сургалтад хамрагдах хүүхдийг тэдний эцэг эх, асран хамгаалагчийн саналыг харгалзан хүлээн авах юм. Цэцэрлэгт таван настай хүүхдийг бүрэн, өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан дөрвөн настай хүүхдийг үргэлжлүүлэн хүлээн авна.
Цэцэрлэгийн орчинд дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжинэ. Үүнд:
- Тухайн нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд тухайн бүлгийн
- Ангийн байрлалаас хамаарч тухайн давхар, жигүүрийн гурав хүртэл бүлэгт халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд тухайн давхар, жигүүрийн бүлгүүдийн
- Өөр хоорондоо хамааралгүй (нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй) гурав ба түүнээс дээш бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд цэцэрлэгийн бүх бүлгийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн хувьд коронавируст халдварын тархалтын ногоон болон шар түвшинд байгаа аймаг, сум, тосгон, багт байршилтай сургуулийн хичээлийг танхимаар зохион байгуулна. Халдварын тархалтын улбар шар болон улаан түвшинд байгаа аймаг, нийслэл, сум, дүүрэгт байршилтай сургуулийн суралцагч таван өдөр танхимаар, таван өдөр танхимын бус хэлбэр /зайн/-ээр хичээллэнэ.
Дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжинэ. Үүнд:
- Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэдтэй нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдах нөхцөлд тухайн бүлгийн
- Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 12 ба түүнээс дээш насны хүүхэдтэй нэг бүлгийн гурав ба түүнээс дээш хүүхэд халдвар авсан тохиолдолд тухайн бүлгийн
- Өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш анги, бүлэгт халдвар бүртгэгдсэн тохиолдолд тухайн давхар, хэсэг /жигүүр/ эсхүл хичээлийн байранд /өвчлөл гарсан анги, бүлгийн байршил болон хичээлийн байраас хамаарч корпусыг хаах/ хичээллэж байгаа анги бүлгийн
- Өөр хоорондоо хамааралгүй /нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй/ гурав ба түүнээс дээш анги, бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд сургуулийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлнэ.
-Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь ковидтой холбоотой мэдээллээс гадна нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд өгдөг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв нь 2016 оны нэгдүгээр сарын 14-нөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил, Баянгол, Баянхошуу гэсэн зургаан салбараар үйл ажиллагаа явуулж байна. Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хотын төвөөс алслагдсан дүүрэг, хорооны иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор иргэдийн хандалт ихтэй үйлчилгээ буюу улсын бүртгэл, газар, архив, нийгмийн даатгал, татварын чиглэлийн үйлчилгээнүүдийг нэг цэгт төвлөрүүлсэн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт “Бизнес инкубатор төв”-ийн I давхарт Баянхошуу салбар, Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт /3,4-р хорооллын эцэс/ и-март худалдааны төвийн IV давхарт Баянгол салбарын үйл ажиллагааг 2019 оны зургадугаар сараас эхлүүлээд байна. Тус салбарууд нийслэлийн нутгийн захиргааны 30 байгууллагын 290 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, иргэн болон эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээ болон жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, ахмад настны автобусны карт захиалах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл гаргах зэрэг үйлчилгээг авахын тулд Баянхошуунаас хотын төвийг чиглэх шаардлагагүй, тус салбараас авах боломжтой юм.
Сэтгэгдэл (0)