З.Төрмандахад хилээр гарах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоов
- 7 цаг 12 мин
- Нийгэм
- 0
MCS группийн харьяаны "М Армор" компанийн Хамгаалалтын хэлтсийн дарга З.Төрмандахыг өнгөрсөн хоёрдугаар сард саатуулж, цагдан хорьсон.
Түүний саатуулагдсан шалтгааныг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс /2025.02.19 / сэтгүүлчид тодруулахад, Хувийн аж ахуй нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар олж авсан, хувийн аж ахуйн нэгж дэргэдээ тусгай байгууллагатай байсан” гэх асуудал яригдаж, үүнд сэжиглэгдэн тодорхой хүмүүс саатуулагдан шалгагдаж байгаа. Мөнгөтэй байлаа гээд Монгол Улсад хувийн ямар ч ААН гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Төрийн нууц хуулиар хамгаалагдана” гэж хариулсан билээ.
З.Төрмандахын өмгөөлөгч нар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандан хүсэлт гаргасныг шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрт:
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд яллагдагч З.Төрмандахын өмгөөлөгч Х.Баатарбилэг, Э.Билэгсайхан нар “Яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрчлүүлэх тухай” хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг шүүх хүлээн авч 2025 оны 3-р сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгч нарын хүсэлт, прокурорын тайлбар, яллагдагчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд зэрэгтэй Шүүхээс танилцахад,
Яллагдагч нь Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэл, чихрийн шижин хэв шинж 2 оноштойгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс Улсын Нэгдүгээр эмнэлгийн хяналтад мэс заслын хагалгаанд орох заалттайгаар шилжсэн байв.
Энэ нөхцөл байдлуудыг харгалзан яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг харгалзан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв гэж Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Санжидмаа мэдээллээ.
Сэтгэгдэл (0)