Цахимаар нүүрсээ арилжиж, Өр дарахаар Бонд гаргав
- 2023-01-16
- Эдийн засаг
- 2
Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн хэд хэдэн чухал үйл явдал болов. Засгийн газар таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргав. “Хөрөнгийн бирж”-ийн хувьцаа 75 хувиар өсөж нэг бүрийн үнэ нь 175 төгрөг боллоо. Мөн нүүрсээ цахимаар борлуулах туршилтыг амжилттай хийсэн юм. Тэгвэл дээрх үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ЗАСГИЙН ГАЗАР 650 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНД ГАРГАВ
Эдийн засаг хүндхэн үед Засгийн газар шинэ бонд гаргаж амжив. Тодруулбал, өнгөрсөн мягмар гаригт Засгийн газар 650 сая ам.долларын бонд босгох арилжааг олон улсын зах зээл дээр хийжээ. Бондын хүүг 11-12 хувь байхаар тооцож байсан ч 138 хөрөнгө оруулагчаас нийт дөрвөн тэрбум долларын захиалга ирсэн байна. Тиймээс бондын хүү 8.65 хувь болж буурчээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэх бондыг таван жилийн хугацаатай гаргаж, амжилттай арилжлаа. Өнөөдөр бүх хөрөнгө оруулалт, тэр дундаа Азийн хөрөнгө оруулалт АНУ-ын зах зээл рүү урсах чиглэлтэй байгаа үед манай улс бондуудаа зохих хүүгийн түвшинд гаргаж чадлаа. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагч нарын хувьд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд өгч буй эерэг дүгнэлт, хандлага, итгэл гэж үзэж болно” гэсэн юм.
Засгийн газар 2012 оноос хойш нийт 5.2 тэрбум ам:долларын дүн бүхий долоон бонд гаргасан. Үүнээс Чингис бонд л 1660 гаруй төслийг санхүүжүүлсэн. Харин 2016-2021 онд гарсан бондуудаар дандаа өмнөх өрийг төлсөн байдаг. Одоо ч бондын өрийг бондоор дарах гэж байна.
Сонирхуулахад манай улсын төсвийн тэнцэл сүүлийн 10 жилийн есөд нь алдагдалтай гарсан. Эдгээр жилийн алдагдал нь 17 их наяд буюу нэг жилийн төсвийн орлоготой тэнцэж байгаа юм. Мөн гадаад өр өнгөрсөн оны III улиралд 10 жилийн өмнөхөөс 2.2 дахин өсөж 32.4 тэрбум долларт хүрсэн. Үүнийг иргэн бүрт хуваавал иргэн 32.9 сая төгрөгийн өртэй болно гэсэн үг. Түүнчлэн гадаад валютын албан нөөц сүүлийн жилүүдэд огцом буурч, 2022 оны эцэст 3.4 тэрбум төгрөг болсон нь 2021 оныхоос 22.4 хувь буураад байгаа юм. Үүнээс харахад бид дотроо гадаад валютын нөөц багатай болж, төсвийн алдагдал нь ужгирч, өр нь нэмэгдэж, түүнийгээ төлж чадахгүй болохоороо дахиад л өр тавьж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ХК-ий ХУВЬЦААНЫ ХУВААРИЛАЛТ 50/50 БОЛЛОО
Монголын Хөрөнгийн бирж ХК олон нийтэд санал болгосон хувьцааны хуваарилалтаа 50/50 хувь болгон өөрчилж арилжсанаа ШӨХТГ-т мэдэгджээ.
Тодруулбал, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК нь өнгөрсөн оны эцэст олон нийтийн, нээлттэй компани болохоор үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлсэн. Ингэхдээ өөрийн эзэмшлийн 34 хувийг олон нийтэд санал болгохдоо 90 хувийг стратегийн хөрөнгө оруулагч нарт буюу 100 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр худалдан авахад зориулж, жижиглэнгийн хөрөнгө оруулагч нарт 10 хувийг хуваарилахаар төлөвлөж байсан. Гэвч хувьцааны арилжааг цөөн оролцогч нарт давуу байдал үүсгэн олгож өрсөлдөөнийг хязгаарлаж байна гэсэн гомдол санал ШӨХТГ-т зарим эдийн засагч болон иргэдээс ирүүлжээ. Үүний дагуу Монголын Хөрөнгийн бирж ХК хувьцааны хуваарилалтыг шинэчлэн жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын хувь хэмжээг 50 хувь болгон өсгөж, өрсөлдөөнийг чөлөөтэй болгох үйл ажиллагааг авч ажилласнаа мэдэгдлээ.
Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд 5800 гаруй жижиглэн хөрөнгө оруулагч нараас нийт 17.4 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах захиалга ирүүлж, жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын хувьд оролцоо, сонирхол өндөр байсан тул хуваарилалтыг дахин өөрчилжээ. Мөн Монголын Хөрөнгийн биржийн хувьцаа 75 хувиар өсөж нэг бүрийн үнэ нь 175 төгрөг болоод байгаа юм. Худалдан авах захиалга их хэвээр байгаа бол эсэргээрээ худалдах хүмүүс байхгүй байгаа юм.
12.8 ТОНН НҮҮРСийг ЦАХИМААР БОРЛУУЛАВ
Манай улс ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсний экспортын арилжааг нээлттэй, ил тод зарчмаар цахимаар хийж худалдахаар болсон. Бэлтгэл ажлын хүрээнд дээрх арилжааны туршилтыг “Энержи ресурс” ХХК анхлан хийжээ.
Тодруулбал, тус компани Монголын Хөрөнгийн биржийн цахим системээр дамжуулан 12.800 тонн баяжуулсан нүүрсийг хил нөхцөлөөр гаалийн терминал дээрээс нэг тонныг нь 187 ам.доллароор борлуулжээ. Туршилтыг спот гэрээний дуудлага арилжааны системээр хийж, дээрх хэмжээний нүүрс худалдах захиалгыг худалдагч талаас өгч, арилжаанд оролцогч этгээдүүдээс ирүүлсэн захиалгаас хамаарч анхны санал болгосон үнэ 12.2 хувь өсөж, арилжаа амжилттай явагджээ. УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан нүүрсний цахим арилжааг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан хийхийг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн Зохицуулах Хороонд даалгасан юм.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл (2)
Иргэн (103.57.94.208)
Төсвөө хянаач ээ! Гадаад руу томилолтоор явахыг багасга, элчингийн ажилтнуудын цалинг багасга, цэцэг тарихаа больцгоо гэх мэтээр зардлаа багасга!
Иргэн (64.119.25.17)
Ийм өрөвдөлтэй, импортын улс байж том хөршүүдийнхээ эсрэг цор цор гэдэг мал шигээ мангар монголчууд юм.