Д.Өлзий-Орших: 60 нас хүртлээ хөгжмийн ертөнцөд идэвхтэй амьдарна

Гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших буюу Өөжгий хэдхэн хоногийн дараа сүүлчийн тоглолтоо хийх гэж байна. Тайзан дээр хэдэн цагаар гитараа тоглох бүтэн тоглолтыг үүнээс хойш тэр дахин хийхгүй учраас сүүлчийн хэмээн тодотгож. Харин түүний оронд шинээр байгуулсан продакшныхаа ажилд шамдан, залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллахаар шийдсэн байна. Тоглолтын бэлтгэлийнх нь үеэр түүнтэй уулзахдаа шинэ дуунуудыг нь сонслоо. Дуучдыг бүтээсэн дууны автор болсон түүний шинэ дууг эхнэр нь дуулжээ. Өөжгийгөөс өөр хэн хайрыг, хаврыг сайртай зүрхлэх билээ.

 Хөгжмийн ертөнцөд арай өөрөөр байр сууриа эзэлмээр байна

-Хэсэг хугацаанд нам жим байсан таныг тоглолтоо хийхийг сонсоод ярил­ца­хаар  зорин ирлээ. Энэ тоглолтыг шинээр байгуулсан продакшнд хөрөнгө оруулалт босгохоор зохион байгуулж байгаа гэж сонссон. Одоо өөрөөс тань асууя? 

-Продакшн байгуулахад хөрөнгө мөн­гө­ний асуудал маш хүнд байдаг. Гэхдээ өчнөөн жил урлагаар явчихаад бадар барьж, гуйлга гуймааргүй байсан учраас тоглолтоо хийхээр боллоо. Манай про­дакшн таван дуучинтай. Тэдний эхний 10 клипийг санхүүжүүлэх нь  миний ажил. Бүх зүйлийн үнэ ханш нэмэгдсэн үед ийм том ажил эхлүүлэх амаргүй. Одоо нэг дуу хийхэд дунджаар 30 орчим сая төгрөг зарцуулж байна. Гэхдээ эхлүүлсэн бол үр дүнг нь үзнэ, продакшныхаа арын албыг авч явах ажилтай боллоо. 

-Тэгвэл энэ тоглолт  таны хувьд шинэ карьерын эхлэл байх нь. Тоглолтоо сүүлчийнх гээд байсан болохоор үнэнийг хэлэхэд тэс өөр зүйлийн талаар бодож байлаа.

-Тоглолтоо сүүлчийнх гэсэн нь олон  хүнд таалагдаагүй. Найзууд маань ч гэсэн “Чи маргааш үхэх гэж байгаа юм уу” гээд ингэж нэрлэхийг дэмжээгүй. Энэ тоглолт миний хувьд Өөжгий нэрээр зарлах хамгийн сүүлчийн тоглолт байна. Өөрөөр хэлбэл, би тоглолт эхлэхээс дуусах хүртэл тайзан дээр гитараа тоглоно. Түүнээс хойш тайзан дээр олон гарахгүй л гэсэн үг. Энэ тоглолт “Өөжгий мюзик рекордс” продакшны эхлэл болно.

-Юу таныг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн юм бэ?

-50 гарсан хүн тайзан дээр хөгжим тоглож удаан зогсох хэцүү. Гурван цаг гитараа үүрээд бүтэн концертод тоглох нь тийм ч хүсээд баймаар зүйл биш болдог юм байна. Дээр нь эрүүл мэндийн асуудал ч бий. Энэ тоглолтын дараа концертууд хийнэ. Тэр нь продакшны тоглолтууд байх болно. Одоо хөгжмийн ертөнцөд арай өөрөөр байр сууриа эзэлмээр байна. 

-Том зорилго тавьжээ. Продакшныхаа онцлогийг хэрхэн тодорхойлов?

-Би амьд хөгжмийн хүн. 1985 оноос өдийг хүртэл тайзан дээр, амьдаараа гитар тоглож ирлээ. Хүмүүсийн хэлдгээр хуруу гар барьж тоглож үзсэнгүй. Ам барих энэ тэрд маш дургүй, үзэн яддаг гэж хэлсэн ч буруудахгүй. Энэ байдлаараа продакшнаа авч явна.  Манай продакшн уран бүтээлдээ компьютерын  хөгжим оруулахгүй. Бүх зүйл нь амьд гэдгээрээ бусдаас ялгарна.  Дандаа Монголын шил­дэг хөгжимчидтэй хамтран ажиллана. Дууны бичлэг, тоглолтыг 100 хувь амь­даар хийнэ. Гаднын том продюсер “Ком­пьютероор хийсэн хөгжмийг сонсох тусам хүн залхдаг. Бүх дуугаралтыг амьд хөгжмөөр бичүүлсэн бол тухайн бүтээлийг сонсох тутам хүн шинэ юм олж сонсдог” гэж хэлсэн байдаг. 

-Таны автортай, хайрын дуунуудаар тодорсон дуучин олон байдаг. Уран бүтээлийн хувьд энэ сэдвээрээ үр­гэлж­лэх үү,  эсвэл өөр зүйлийн талаар бодож байна уу?

-Дуунуудыг урьдынхаас өөр хэмжээнд хийнэ. Яагаад гэвэл, дэлхий өөр болж байна. Сонсогчдын дуу хөгжим сонсдог чиг хандлага арай өөр болсон. Бид монгол хүмүүс ч гэсэн дэлхийтэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Мэдээж уламжлалаа хадгалж авч явна. Гэхдээ орчин үеийн үнэр ханхалсан дуунууд хийх нь миний одоогийн зорилго.

 

“Чоно өтлөвч ишгэндээ, цорж өтлөвч балиндаа зөв”

 

-Таныг гитартай харалгүй  удаж. Хэсэг хугацаанд завсарласны дараа гитараа олон цаг барихад ямар мэдрэмж төрж байна вэ?

-Би өнгөрсөн оны есдүгээр сараас хойш гитараа тоглосонгүй.  Гэхдээ “Чоно өтлөвч ишгэндээ, цорж өтлөвч балиндаа зөв” гэдэг шиг өөрийнхөө хэдэн дууг тоглочихно. Формоо айхавтар алдаагүй. Санаа зоволтгүй ээ.  

-Үнэнийг хэлэхэд таныг “Никитон”-оос гарахад урлагаа орхиж байна гэж бодсон. Хэцүү байгаа юм шиг санагдсан?

-Хүмүүст тэгж санагдсан байх. Надад бол тийм байгаагүй. “Никитон”-оос гарахаа зарласны  маргааш нь өдөр хоёр цаг болтол унтсан. Үнэндээ цээжин дотроос том ачаа аваад хаях шиг санагдсан. Дараа нь юу ч гэсэн продакшнаа хөл дээр нь босгоё гэж бодсон. Тэгээд ч надад залууст зайгаа тавьж өгөх хэрэгтэй гэж санагдсан юм. Илүү хүчтэй, залуу насны цог жавхаагаараа явж байгаа залуучууд тайзан дээр гялалзаж байвал гоё. Бидний үеийнхэн яах вэ. Дуу тухайн цаг хугацааны илэрхийлэл, дурсамж болон хүмүүсийн сэтгэл зүрхэнд үлддэг. Хуучин дуугаа сонсох дуртай хүмүүс байдаг. Би бол эсрэгээрээ одоо шинэ хөгжим хийхийг хүсэж байна. Санасандаа хүрч чадах болов уу гэсэн горьдлого надад бий. Санасандаа хүрэхгүй байлаа гэж бодоход надад санаагаар унаад байх зүйл байхгүй. Тэртээ, тэргүй би хийх юмаа хийсэн хүн. Ирэх 10 жилд би урлагтаа идэвхтэй байна.   

-Тайзаа, гитараа санахгүй юу?

-Алдартай рок хамтлагийн дуучин дүлийрээд хамтлагаасаа түр завсарлага авч. Тэр үед сурвалжлагч түүнээс “Танд маш хэцүү байна уу” гэж асуусан байна. Тэгэхэд дуучин хариуд нь “Ёстой хэцүү юм алга. Харин ч үүнээс амьддаа салсандаа баяртай байна” гэж хэлсэн байдаг. Ер нь хүн яг чадаж байгаа цагтаа орхидог байх хэрэгтэй. Ийм шийдвэр гаргахад хүнээс зориг шаардана.  Гэхдээ зөв цагтаа орхиж чаддаг байх нь тун сайн хэрэг гэж би хувьдаа боддог. Яагаад гэвэл, чадахгүй хүний элэг доог болохын оронд чадаж байгаа үедээ зоригтойгоор орхих юм бол гоё биш гэж үү. Ингэж асуухаар чамд утгагүй сонсогдож байна уу?

-Таслал биш, цэг тавих гээд байгаа юм шиг л сонсогдож байна.

-Би юу гэж дуусдаг юм бэ. Тайзны карьертаа л цэг тавьж байна. Дахиж концертод миний нэрийг зарлахгүй. Үхэхийн өмнө, эсвэл үхсэний дараа миний концерт болж магадгүй юм.

-Үхлийн талаар арай эрт бодоод байна уу?

-Чи үхэхийг зовлон гэж бодож байна уу. Үхнэ гэдэг нэг бодлын жаргал. Энэ бүх сэтгэл зовоосон ядаргаатай бодлоос салаад тайван  нэг газар хэвтэх нь хамаа­гүй гоё биш гэж үү.

-Юунд яарч, яагаад ингэж цаг хугацаатай уралдаад байгаа юм бэ?

-Дэндүү ихийг үзлээ шүү дээ, энэ амьдралд. Одоо үзээд байх зүйл үлдсэнгүй. Насны хувьд би 80 хүрнэ. Гэхдээ 60 нас хүртлээ хөгжмийн ертөнцөд идэвхтэй амьдарна. Харин түүнээс хойш шууд амарна. Эхнэртэйгээ энэ тэрүүгээр явна, аялна.

-Яагаад, залхсан юм уу. Амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлсэн тайзан дээ­рээ байхад гоё биз дээ?

-Эрүүл мэндийн хувьд асуудалтай, чих дүлийрэх гээд байна. Гитарчдыг тайзны урдаас харахад зүүний магнайд зогсдог. Тайзны баруун талд зогсдог байхгүй юу, би. Тэгэхээр бүх чанга яригч миний хажууд байдаг. Тэр аймар чимээн дунд 1990 оноос хойш амьдарлаа шүү дээ. 33 жил болсон байна. 

 

Миний дууг хэн ч дуулсан хүмүүст таалагдана гэдэгт итгэлтэй байна

 

-Эмчид үзүүлсэн үү, эмчилгээ хийлгэж байгаа юу?

-Эмчлээд ямар ч нэмэргүй гэсэн. Чих­ний мэдрэлийн эсүүд гэмтсэн. Түүнийг нь сэргээх ямар ч арга байдаггүй гэсэн. Тэгэхээр сүүлдээ чихний аппараттай л болох юм шиг байна. Гэхдээ би дүлий боллоо гээд дуу зохиож чадахаа болино гэсэн үг биш. 1995 оноос  2022 оны есдүгээр сар хүртэл зөвхөн бааранд л гитараа тоглосон. Амьдралаа тэжээх орлого тэр байсан юм. Харин одоо би дуу чухал гэдгийг нотолмоор байна. Миний дууг хэн ч дуулсан хүмүүст таалагдана гэдэгт итгэлтэй байна.  

-Хэзээ ч моодноос гардаггүй дууг та хийсэн, хийсээр ч байх болно. Гэтэл сүүлийн үеийн дуунууд хэдхэн хоноод л мартагддаг. Үүнийг та юутай холбон тайлбарлах вэ?

-Тийм дуунууд хийсэн гээд надад үлдсэн нь юу байгаа юм бэ. Барууны оронд ямар бай­даг гээч. Зохиолчдын үнэлэмж өөр. Оюу­ны өмчийг нь үнэлсэн шиг үнэлж чаддаг.

-Та тэгээд үүнээс өмнө энэ талаар бодож, үйлдэл хийж болоогүй юм уу?

-Би энэ талаар боддог байсан. Гэхдээ тэр үед Монголд хууль, эрх зүйн систем нь байгаагүй. Оюуны өмчийг зөрчих юм бол ийм хэмжээний торгууль төлнө гэдэг. Би олон удаа  интернэтээс “Дуу хөгжмийг ямар юмны баялаг гэдэг юм бэ. Жинхэнэ баялгийг инженер, малчин, жижиг дунд үйлдвэрийнхэн бүтээдэг” гэж бичсэнийг уншсан. Гэтэл дуу хөгжим ямар үнэ цэнтэйг харуулсан үйл явдал олон бий. 1984 онд Майкл Жексон “Битлз”-ийн Пол Маккартнигаас  бүх дууных нь онцгой эрхийг 40 сая доллароор худалдаж авсан байдаг юм. Тэгэхээр дуу хөгжим баялаг мөн үү. Саяхан Жастин Бибер өөрийнхөө бүх дууны онцгой эрхийг 200 сая ам.доллароор бизнесийн компанид зарлаа. Тэд зүгээр л дууны ноотыг л худалдаж  авсан. Барууны орнуудад дуу хөгжмийн үнэлгээ ийм байдаг. Харин манайд ямар ч үнэлгээ байхгүй. Гэхдээ Соёлын яам арай өөрөөр ажиллаад эхэлсэн. Тэгэхээр хоёр жилийн дараа гэхэд оюуны өмчийн асуудал асар өндөр шаардлагатай болох байх.  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдахаар хянал­тын систем ажиллаж эхлэх юм шиг байна билээ.  

-Өнгөрсөн хэдэн сар танд өөртэйгөө чөлөөтэй ярилцах боломж олгосон юм шиг санагдлаа.

-Тийм зүйл ёстой байхгүй. Зүгээр л шинэ карьераа эхлүүлж байна. Бас залуучуудаа дэмжиж ажиллана. Би “Голомт” банк дөнгөж байгуулагдахад зургаан сарын хугацаатай зээл авч анхныхаа гитарыг Сингапураас  3000 ам.доллароор худал­дан авч байлаа.  Бааранд зургаан сар өдөр шөнөгүй тоглож зээлээ дарсан.

Харин өнөөдөр хөгжим тоглож суръя гэж байгаа залууст боломж их байна. Youtube-ээр дүүрэн үнэгүй сургалтууд бий. Бид бүх зүйлийг сонсголоороо сурдаг байсан. Гаднын бичлэгүүд олдохгүй. Гэртээ  бичлэг тавьснаа сонсголоороо дуурайж тоглож сурсан. Хамгийн гол нь бидэнд хүсэл мөрөөдөл байсан юм. Өнөөдрийн залууст цаг зарцуулах зүйл дэндүү олон байна. Тийм болохоор хөсөр хаяад байдаг байж магадгүй юм. Ийм үед нь бид тэдгээр залууст туслах ёстой. Миний продакшн байгуулж байгаа зорилгуудын нэг нь энэ. Залуучуудаа дэмжинэ ээ.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)