Б.Батдаваа: Инфляци буурлаа гэдэг нь үнийн өсөлтийн хурд удааширч байна гэсэн үг
- 2023-08-24
- Эдийн засаг
- 0
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваатай ярилцлаа.
-2023 оны долдугаар сард жилийн инфляци 9.2 хувь болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Ингэснээр инфляци 2021 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаа нэг оронтой тоонд орж байна. Үүнд юу, юу голчлон нөлөөлөв?
-Үнийн өсөлт сүүлийн 20 гаруй сарын хугацаанд хоёр оронтой тоотой байсан. Инфляци өндөр байх нь иргэдийн амьжиргаа, ААН-үүдийн үйл ажиллагаанд хүнд тусдаг. Тэгвэл өнгөрсөн долдугаар сард инфляцийн өсөлт буурч нэг оронтой тоонд орлоо. Инфляци буурлаа гэдэг нь үнийн өсөлтийн хурд удааширч байгааг илэрхийлж байгаа юм. Зүйрлэвэл өнгөрсөн оны өдийд үнэ жилийн 16 хувийн хурдтай өсч байсан бол одоо 9.2 хувийн хурдтай өсч байна гэсэн үг. Өнгөрсөн сарын хувьд улирлын онцлогоос шалтгаалж махны үнэ тогтворжиж ирсэнтэй холбоотойгоор үнийн өсөлт саарч, нэг оронтой тоонд орсон.
-Бараа, бүтээгдэхүүний үнэ буураагүй байхад инфляци буурсан гэх мэдээлэл гарахад олон нийт бухимддаг. Инфляци нэг оронтой тоонд орсон нь үнийн өсөлтийн хурд саарч байна гэсэн үг гэж та ярилаа?
-Тийм ээ. Инфляци буурлаа гэдгийг уншаад юмны үнэ буураагүй байхад статистикийн байгууллага буруу тооцоо гаргалаа гэж зарим хүн шүүмжилдэг. Инфляци бол иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг 411 бүтээгдэхүүний үнийн дундаж өсөлтийг илэрхийлдэг үзүүлэлт. Тухайлбал, зургадугаар сард инфляци жилийн 10.2 хувь байж байгаад долдугаар сард 9.2 хувь болж буурлаа гэдэг нь энэ оны зургадугаар сард өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2022 оны зургадугаар сартай харьцуулахад дунджаар 10.2 хувиар өсч байсан бол долдугаар сард өмнөх оны долдугаар сартай харьцуулахад 9.2 хувиар өссөнийг илтгээд байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл үнийн өсөлтийн хурд саарсан байна. Зах зээлд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт үнэ буурвал инфляци хасахтай гарна. Тэгэхээр үнийн өсөлтийн хурд буурсан гэж ойлгож болно.
-Монголтой эдийн засгаараа ойролцоо орнуудтай харьцуулахад манай инфляцийн өсөлт ямар түвшинд байна вэ?
-Цар тахлын нөлөөгөөр сүүлийн хоёр жил гаруй хугацаанд инфляци дэлхий нийтийн асуудал байсаар ирлээ. Цар тахлын хөл хорионоос шалтгаалан тээвэр логистик саатсан, мөн цар тахлын эсрэг төсөв, мөнгөний хэт тэлэх бодлоготой холбоотой. Инфляцийн түвшин улс орнуудад харилцан адилгүй байсан. Тухайлбал, АНУ болон Европын орнуудад үнийн өсөлт сүүлийн 40 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч нэмэгдсэн бол сүүлийн саруудад үнийн өсөлт саарч байна. Харин Азийн орнууд, тэр дундаа БНХАУ-ын хувьд инфляци төдийлөн өндөр байгаагүй. Харин хасахтай буюу дефляцийн шинж тэмдэгтэй болоод ирлээ. Энэ нь тус улсын эдийн засгийн онцлог, идэвхжил, үйлдвэрлэлийн чадавхтай холбоотой.
Манайтай ижил төстэй улсуудын хувьд гэвэл долдугаар сарын байдлаар Казахстан улсын инфляци 14 хувь, Киргизстан улсынх 10 орчим хувьтай байна. Гол нь БНХАУ тэг ковид бодлогоо цуцалсантай холбогдуулан чингэлэг тээврийн үнэ хэвийн түвшинд хүрч, тээвэр логистикийн үнийн өсөлтөд цар тахлаас шалтгаалсан нөлөө ерөнхийдөө арилж байна гэж хэлж болно.
-Сүүлийн 20 гаруй сар хоёр оронтой тоонд хадгалагдаж байсан үнийн өсөлт буурч байгаа нь сайн хэрэг. Тэгвэл цаашдаа яах бол. Энэ оны хувьд дунджаар 10 орчим хувьд байна гэж шинжээчид таамаглаж байгаа шүү дээ?
-Эдийн засгийн төсөөлөл хийдэг байгууллагуудын таамаглалд инфляци жилийн эцэст 10 орчим хувьтай байхаар төөсөөлсөн. Энэ нь үнийн өсөлт энэ жилдээ асуудал хэвээр байна гэдгийг илтгээд байна гэсэн үг. Манай улсын хувьд цар тахлаас шалтгаалсан тээвэр, логистикийн саатал инфляцид хүчтэй нөлөөлж байсан бол өнгөрсөн саруудад хаваржилт хүндэрснээс шалтгаалсан махны үнийн өсөлт гол нөлөө үзүүлж байсан. Харин ирэх саруудад төсөв, цалингийн өсөлт, эдийн засгийн идэвхжил инфляцид түлхүү нөлөөлөхөөр байна.
-Инфляцид нөлөөлөх гадаад хүчин зүйлсийг хэрхэн харж байна. АНУ-ын суурь инфляци хоёр дахь сардаа дараалан 0.2 хувиар өссөн нь сүүлийн хоёр жилийн хамгийн бага дүнд тооцогдож байна. БНХАУ-д инфляци долдугаар сард 2021 оны эхэн үеэс хойш анх удаа буурсан байх төлөвтэй байна. Эдгээр хүчин зүйл манайд хэрхэн нөлөөлөх бол?
-Холбооны нөөцийн банкнаас жил бүр дэлхийн Төв банкууд болон эдийн засагчдыг оролцуулж бага хурал зохион байгуулдаг.Энэ хурлын үеэр Холбооны нөөцийн банк бодлогын асуудлаа хөндөх байх. Ерөнхийдөө АНУ-ын инфляци саарч байгаа нь цаашид тус улсын мөнгөний бодлого хатуурахгүй буюу манай улсад орж ирэх зээл, санхүүжилтийн өртөг нэмэгдэхгүй, тогтворжиход эерэг нөлөө үзүүлнэ. Харин БНХАУ-ын хувьд инфляци нь хасах болж, экспортын хэмжээ буурч байгаа нь эдийн засгийн идэвхжил саарч байгааг нь илтгэж байна. Энэ нь удаан үргэлжилбэл манай улсын түүхий эдийн экспортын үнэ, хэмжээ буурах зэргээр эдийн засагт сөрөг үр нөлөө үзүүлж болзошгүй.
-Түүхий эд тэр дундаа нүүрс, зэсийн үнэ, төлөвийг та хэрхэн харж байна вэ?
-Оны эхэнд төсөөлөл хийдэг олон улсын байгууллагууд, шинжээчдийн дүгнэлтээр нүүрс, зэсийн үнэ харьцангуй тогтвортой байх төсөөлөл гарсан. Тэгэхдээ сүүлийн саруудад БНХАУ-ын эдийн засагт үл хөдлөх хөрөнгийн салбар, экспортын бууралт зэргээс шалтгаалан хүндрэлүүд гарч байна. Энэ хүндрэлүүд даамжирвал түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Учир нь БНХАУ бол түүхий эдийн гол хэрэглэгч улс.
-Намрын эдийн засгийг хэрхэн төсөөлж байна. Ямар төлөвтэй байх таамагтай байна вэ?
-Манай улсын эдийн засагт оны эхний хагасын байдлаар хэд, хэдэн эерэг үзүүлэлтүүд гарлаа. Тухайлбал, БНХАУ-д хийх экспорт хил, гаалийн саатал арилснаар нэмэгдэж, уул уурхайн олборлолт 45 хувиар өсч, энэ нь эдийн засгийн өсөлтөд голлох нөлөө буюу 3.9 нэгж хувиар нөлөөллөө. Уул уурхай, экспортын өсөлтийг дагаад тээврийн хэмжээ нэмэгдэж, энэ нь үйлчилгээний салбар эдийн засгийн өсөлтийг 3.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн. Цаашид оны эцэс хүртэл экспорт сайн гарвал эдийн засгийн өсөлт харьцангуй эерэг байх төлөвтэй байна.
Харин энэ оны хувьд хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор малын хорогдол 3.9 сая толгойд хүрч, өмнөх жилтэй харьцуулахад хорогдол 3.7 сая толгойгоор нэмэгдлээ. Үүнээс шалтгаалж хөдөө, аж ахуйн салбар 9.9 хувиар агшсан буюу өсөлтөд -1.7 нэгж хувийн сөрөг нөлөө үзүүлсэн. Энэ нь хөдөөгийн өрхийн орлогод ч гэсэн сөрөг нөлөө үзүүлж байна.
-ҮСХ-ны хувьд эдийн засгийн үзүүлэлтүүдээс гадна томоохон судалгаанууд хийдэг шүү дээ. Сүүлийн үед ямар судалгаанууд зохион байгуулж байна вэ?
-Үндэсний статистикийн хороо энэ жил нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа, Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа, Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн судалгаа зэрэг гурван судалгааг зохион байгуулж байна. Эдгээр судалгаагаар хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийн өсөлт, хөгжил, эрх хэрхэн хамгаалагдаж байгаа байдал мөн гэмт хэрэгт хохирох эрсдэл, хохирсон байдал зэрэг үзүүлэлтүүдийг шинээр тооцох юм.
Ингэснээр төрийн байгууллагуудаас боловсруулан хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн үр дүн, тэдгээрийг үнэлэх боломж бүрддэг. Эдгээр судалгааг бид НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Судалгааны үр дүнд Монгол Улсын нийгэмд тулгамдаад байгаа олон асуудал хөндөгдөнө гэдэгт итгэлтэй байна.
М.Мөнхцэцэг
Сэтгэгдэл (0)