Хятадаас АНУ руу олон тооны хулсны баавгай илгээнэ
- 2023-11-17
- Дэлхий
- 0
САН-ФРАНЦИСКО, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /VOA/. Хятад улсаас АНУ руу хулсны баавгайнууд дахин илгээнэ гэдгийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлээд “тэдгээр баавгайг Хятад, Америкийн ард түмний найрамдлын элч” хэмээн нэрлэжээ.
“Бид хулсны баавгайг хамгаалах чиглэлээр АНУ-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, калифорничуудын хүслийг биелүүлэхийн сацуу хоёр ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэхийн тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна” гэж Ши Жиньпин бизнесийн салбарын манлайлагчидтай оройн зоог барих үеэрээ хэлсэн байна.
Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа нүүр тулан уулзаж, хурцадмал байдлыг намжаахыг амласан өдрийн орой Хятадын удирдагч ийнхүү ярьжээ. Ши Жиньпин баавгайнуудыг хэзээ, хааш нь илгээх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч дараагийн хос хулсны баавгай Калифорнид, магадгүй Сан-Диего хотод ирэх төлөвтэй байна.
Хоёр орны харилцаа хэвийн болохын өмнөхөн 1972 онд Бээжингээс Вашингтоны үндэсний амьтны хүрээлэнд хос хулсны баавгай бэлэглэснээс хойш эл баавгай АНУ-Хятадын найрамдлын бэлгэ тэмдэг болсоор ирсэн юм. Хожим нь Бээжин баавгайнуудыг АНУ-ын бусад амьтны хүрээлэнд зээлдүүлж, орлогыг нь хулсны баавгай хамгаалах хөтөлбөрт зориулах болжээ.
Үндэсний амьтны хүрээлэнгийн гурван аварга хулсны баавгай болох Мэй Шян, Тян Тян болон тэдний бамбарууш Шяо Ци Жи нарыг найман хоногийн өмнө Хятад руу буцаасан юм. Одоо Америкт ердөө дөрвөн хулсны баавгай үлдсэн нь Атлантагийн амьтны хүрээлэнд байгаа аж хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)