Тоншуулын хэд
- 2024-02-09
- Нийтлэл
- 0
Олигархиуд хулгайгаа баригдахаар “байтлаа бүр хошин шог юм болгох нь ээ” гэж томорч, урлагийн энэ жанрыг доромжилдог болсон байна лээ. Миний хувьд хошин шог бол авъяасын дохуурхал гэж итгэсээр нүд аних буй зээ. (2024-02-06)
Тоншуулын хэд гэгчид нь шог хошин гэх марзан юм бичих зурахаас цаашгүй, хэн ч тоодоггүй жижиг гарууд. Дотроо бол түүхэнд үлдэх уран бүтээлчид гээд цөм додигор. Нэг үгээр инээдэмтэй өчүүхэн амьтад. Монголчууд ардчилал зах зээлд ороод хүн биш болчихсон улс биш. Соц. нийгэмд ч Тоншуулын хэдэд ахадсан гажиг тоймгүй байлаа.
“Тоншуул”-ынхаа өрөөг эргэн санахад таатай. Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ, Ц.Гайтав, Д.Пүрэвдорж, Ц.Доржпалам, Л.Гаваа нарын хөхрөлдөх тамхины өрөө нь “Тоншуул” байж. Цуурахад аюулгүй цэг Монголд өөр байгаагүй байх. 1960-аад оны эцсээр зохиолч Б.Жамд агсан “Тоншуул”-ын хариуцлагатай н\б дарга байхдаа “Залуу шогчдын клуб” нээж Бавуугийн Лхагвасүрэн, И.Цэрэнжамц, Д.Пушкин, М.Цэдэв нар тодорч байжээ. Ш.Цэнд-Аюуш, Б.Ерэнтэй, С.Цогтбаяр, Ш.Бадамханд нарыгаа сургуулиа төгсмөгц татаад авчхав.
Ж.Барамсай, С.Цогтсайхан, М.Дэмчиг, Ж.Саруулбуян, Ц.Намжилдорж, А.Бат-Эрдэнэ, Б.Түвшин, Б.Баянзул нарын залуус шог хошин зохиол зурагт хошуурч “Тоншуул”-д нэмэгдэх дайчид тодорлоо хэмээн олзуурхаж байсан минь саяхан мэт. Гэтэл дөчөөд жил өнгөрчээ. Дурсамжаа улигласанд уучлаарай. Б.Цэнддоо гэгч жаал соц. орны шог сэтгүүлүүд, олон улсын уралдааны цомог үзээд манай өрөөнөөс салахаа болилоо. Тэр сургуулиа төгсөөд Л.Түдэвийн н\б дарга болсон уг нь том хүн л дээ.
Шоолох гэж хорхойсох мунхаг талдаа ойрынх. Шашин шогд тааламжгүй ханддаг. “Муу хүн шооч мухар үхэр сэжээч” гэх ардын үг ч бас бий. Тэгэвч ухаарал өгдөөж, дотроос гижигдсэн, марташгүй сургамжтай уран шогоо хүн төрөлхтөн хаясангүй. Шог хошины гол багаж-хэтрүүлэг. Уран хэтрүүлэгт дурладаг гажгийг бурхан хүмүүст тараажээ. Уран хэтрүүлэгт дуртай-тэрхүү төрмөл гажгийг оносон хэтрүүлэг хооллодог. Энэ нь хошин шог зохиолчийн зах зээл юм. Тэгтэл шог хошины мэдрэмжгүй нийгэм буй болсноор бидний зах зээл сөнөчлөө.
Зохиолдоо хошин шигтгээ гялтгануулахыг хүсэгч дүү нартаа захья. Хорвоод эдлэх өчүүхэн амьдралаа инээд баяслаар цэнгүүлж яваарай. Ашиг нь монголчууд ухаажна. Инээд бол ухаарал. Ичих мэдрэмжээ бөхөөхгүйн тулд хүн төрөлхтөн хошигносоор ирсэнд би мэхийдэг. Энэ жанрт байвал зохих эд эсүүд: гаж сэтгэлгээ, адармаатай сэдэв, адтай хэллэг, нөлөөт тольны тусгал мэт дүрслэл. Энэ нь уншигчийг хэвийн бус сэтгэхэд өдөх шидтэй. Хүн хорсоод инээдэггүй. Баясаад инээдэг. Юугаар баясгах вэ? Хошин хэллэг, уран хэтрүүлэгтэй дүрслэл, үйл явдлын санаанд оромгүй огцом эргэлтээр уншигчийн инээдийг зад татах! “Уншигчийг баясгах афоризмгүй зохиол болох вий” гэж бичих явцдаа хяна. Оноогүй өгүүлбэр бүү тавь. Бичсэн үг болгоноо шалга. Энэ үг, энэ өгүүлбэр энэ зохиолд ямар үүрэг гүйцэтгэх агаад хөгжилтэй хэллэг, уран дүрслэлд нэмэр болж уу гэж байнга тунгаа. Уран хошины нэмэргүй, зүгээр нэг үлбэгэр өгүүлбэрийн орон тоо хошин зохиолд байдаггүй гээд хас. Тэгвэл гараас чинь чанартай бүтээл гарна. Ийм хэдхэн шаардлагыг би өөрөө насан туршдаа эзэмшиж сураагүй учир та нарыг гүйцээгээрэй гэж өвөө нь захьж байна. Өвөө нь өөрийгөө сургаал айлдах том амьтан биш гэдгээ муухан мэднэ ээ. “Тоншуул” ганцхан ажил эрхэлдэг байв. Тэр ажил нь дутагдал засах. Харамсалтай нь засаж чадсан дутагдал бараг байхгүй байх. Хүний мууг арилгах хэцүү юм билээ. Тэр ч бүү хэл би өөрийнхөө мууг ч засаж шалилгүй насыг элээв.
Ерэнтэй Польшид хамт суралцаж байсан Батбаяр (Баабар)-гаа надад магтаж, түүний дисседент үзэл таныг дагуулахгүй гэж шар хөөргөлөө. Тэр тэрслүү залуу миний зохиолыг далд утгатай гэдэг нэгэн болохыг би Ерэнтэйгээс сонсоод ёргио хүн чинь хөөрч, огшсон хор шар гялс замхрав.
Эсэргүү үзэл “Тоншуул” хавьд моод байсан ч юм шиг. Европын соц. орны шог сэтгүүлийн зохиолч зураачид тэрслүү бүтээлийг амь хоорондоо үнэлдэг нь бидэнд халдсан тал бий. Тэрслүү зохиол зургийг сэм дээдэлдэг урамшуулагч цөөн боловч байсан юм шүү. Гэм нь тэд голдуу надаас олон дүү томоогүй уран бүтээлч жаалууд. Би гэж архаг амьтан ширээний араас хошин шог ийм тийм байх ёстой гэж айлдана. Буруу хазгай ярьдаг орос хэл, зөвлөлт ромбоороо гайхуулж байсан цаг үе. Ерэнтэйн эсэргүү үзэлтэй найзыг сэтгүүлдээ татах юмсан гэх бодол төрсөн нь мэдээж. Тийм шинэ үзэл мэдлэгтэй авъяаслаг залуус сэтгүүлийг маань хурцална гэх итгэл тээж явлаа би. Харамсалтай нь социализмыг ил далд өөлж явсан залууст ардчиллын буян наалдаагүй. Захиргаадагч томчуудын угсаа ардчиллын өгөөжийг булагнан хүртэв. “Хонхны дуу”-гаараа нийгмээ сэрээх гэсэн цоглог хөөрхөн С.Цогтсайханыгаа би мартахгүй. Бид хайртай ах дүү-багш шавь явав. Үүрээр үстэй дээлээр дулаалсан Баабар анхны цуглаанд оролцох замдаа манайхыг дайрав. Ачигдвал дулаан дээл хэрэгтэй гэж аав нь зөвлөсөн гэнэ. Зарим дурсамж ийнхүү үл мартагдах юм. Миний тэрслүүг шалгасан нэг баримт хуучлая:
Намайг Зохиолчдын хороонд ажиллаж байхад 1982 онд Ерэнтэй надад гар хийцийн нэг зузаан ном авчирч өглөө. Бичгийн машинаар цохиод, хуудас бүрийг нямбайлан нааж дэвтэрлээд, бас болоогүй болхидуу хавтасласан нь тун ч уйггүй оролдсон янзтай. Энэ номыг унш гэж Баабар зүс үзээгүй надад явуулжээ. Уншлаа. Ээ бурхан минь ёстой улаан эсэргүү ном гэж түүнийг л хэлэх байх. Би өөрийгөө коммунист дарангуйллыг ухсан яльгүй авч тэрслүү далд санаатай зохиол бичдэг гэж дотроо додигор явдаг минь хаачсан бэ, нөгөө номыг хүнээс нуугдан уншиж буй атлаа айж, эх оронч баатар зориг минь тэр дороо оргүй хийсээд зүрх өөрийн эрхгүй салганав. Юун түрүү эхнэр хэдэн хүүхэд ная дөхсөн ээж минь нүдэнд бүрэлзлээ. Социалист нийгэм гэдгийг тэр зохиол орвонгоор нь хөнтөрчээ. Уг нь энэ зохиол миний нууц мөрөөдөл яах аргагүй мөнөөсөө мөн аж. Гэвч өчүүхэн хүнэнцэр би мөрөөдлөөсөө айж үхэх гэж буй нь тэр.
Гэтэл Батбаяр гэгч хорин хэдхэн настай бацаан уг аюултай зохиолыг польш хэлнээс орчуулаад өөрийн гараар ном хийж, дэвшилт үзэл бүхий зохиолч гэж горьдсон огт танихгүй надад уншуулахаар өгч байдаг. 1982 он шүү дээ. Тэр эсэргүү зохиолыг бичсэн бус зөвхөн уншсандаа миний айсан нь ичгэвтэр ч Төв Хорооны үзэл суртлын хэлтэст дамжуулчих хүн биш байсандаа өдгөө олзуурхдаг. Төв Хорооны хэлтэс гэж томролгүйгээр Зохиолчдын хорооны дэргэдэх орон тооны бус намын үүрийн дарга, хүүхдийн зохиолч Д.Даваанямд өргөн барихад л муу Баабар чадхийгээд би энгэр цоолох нийгэм.
1990 он. Хөдлөх гэж чичирч буй газар шиг нийгэм хөлийн улнаас айдас дамжуулаад нэг л биш. Улстөр донсолгоотой. Өлсгөлөн нүүрлэсэн баргар өдрүүд эхэлчихсэн. До яам нууц тагнуулч нараа нэмээд л. Бид бие биеэс жийрхээд л. Гал цогтой яруу найрагч О.Дашбалбар до яамны Зефес хэмээх нууц нэртэй тагнуул болсноо гайхуулах мэт сонинд ярилцлага өгч зарлав. Дуу цөөтэйгөөрөө алдартай шог зохиолч Шагдайн Цэнд-Аюуш маань надаас “Чиний Баабар хэр хүн бэ?” гэж овтоход “Чиний Баабар гэдэг нь юу гэсэн үг вэ?” гэж би сэрдхийгээд сэхээ авч “Аа мэдэхгүй до яамны ч хүн юм билүү” гэж ямар сайндаа хаяагаа манаж хамгийн дотно андаасаа хүртэл болгоомжлох вэ. Нийгэм бужигнахад хүмүүс хоорондын итгэл алдардаг юм билээ.
Баабар тийм гар хийцийн ном олныг тараасан байх. Би өрөөндөө ганцаараа сууна. Нөгөө номоо ширээнийхээ нүдэнд новш нооргийнхоо дор аминдаа бузгай далдлав. Хагас сайн өдөр бид Зохиолчдын хорооны Шадавлин дахь зусланд ленинч субботник хийлээ. Нэгдэх өдөр ажилдаа эртхэн ирэв. Зохиолчдын хорооны орлогч дарга Наваансүрэн гуай ирчихсэн байлаа. Тэр намайг дуудаад Хархоринд бичээд хараахан хэвлэгдээгүй байгаа романы талаар яриа үүсгэснээ,
-Готов оо өнгөрсөн бүтэн сайнд миний ширээг хүн онгичсон юм шиг байна. Чинийхийг яаж? Чи ширээгээ үзэв үү гэж нухацтай асуув. Би гайхасхийгээд тоосонгүй. Наваансүрэн дарга царайгаа ширүүсгээд бухимдангүйгаар,
-Муусайн До яамныхан бидний ширээг эзгүйд нэгждэг байж магадгүй хүмүүс шүү гэж ахмад хашир хүний хувьд сануулсан янзтай өгүүлэв.
Баабарын эсэргүү ном ширээн дотор байгаа тухай миний толгойд гялсхийж өрөөндөө харайлгаж ороод үзвэл нөгөө гайны ном байсан байрандаа яагаа ч үгүй мэт хэвтэнэ. Би чичирсэн гараар хуудсуудыг нь шалгалаа. Бүрэн бүтэн болтой. Бүтэн байлгүй ч яахав. До яам нарийн ажиллана. До яамны тагнуулчид тэр номын хуудсыг томоогүй хүүхэд шиг урж авахын оронд хуудсуудын зургийг авч хувилаад уншдаг газруудаараа тараагаад өдийд судалж буй биз гэж би айлаа. Ном нь эсэргүү байдаг. Тэгээд бүр зориуд гар ажиллагаагаар санаатай үйлдэж ард түмнийг хөрөнгөтний үзлээр хордуулахыг нууцаар завдсан нь хэнд ч тодорхой. Мөн ч хүнд ойчно биз дээ муу Готов гэж бодмогц хүйтэн хөлс чийхрав. Нэг бол би дэндүү хулчгар нөгөө бол нийгэм дэндүү харгис байв уу.
Тэр өдрөө би гаравч оровч өрөөгөө янгитал цоожилсоор өнжөөд орой ажил тармагц нөгөө гайны номоо цүнхлээд хувхай царайлж харилаа. Гэртээ ороод нөгөө номоо нуух газар бодоод бодоод олсонгүй. Өөрөөр хэлбэл манайхыг НАХЯ-ныхан нэгжихэд олохгүй тийм бат найдвартай нууц газар айлд байдаггүй юм билээ. Хэд хоног бодов. НАХЯ-ныхан Зохиолчдын хороонд нууц үзлэг үйлдсэн бол тэр номын зургийг авсан нь гарцаагүй. Хэрэв тэгсэн аваас өдийд намайг НАХ-ын тагнуулчид ээлжлэн сэм тагнаж байгаа. Би тэднийг таних аргагүй.
Айснаасаа болоод хэд хоног архи дарс амссангүй. Найз зохиолчид “Энэ яагаад гэнэт архинаас гарчхав? Тушаал дэвших сураг сонсов уу” гэсэн янзтай цуурдаг эсэргүү үгээ надаас нуугаад эхлэв. Сэтгэл тайтгаруулах ганц хувилбар бол Наваансүрэнгийн хардсанаар НАХЯ-ныхан нууц ажиллагаа явуулаагүй-нүдээр харсан биш. Наваасүрэн хэт сэрдсэн, эсвэл сайн санааны угаас анхааруулахад илүүдэхгүй хөөрүү амьтан гэсэн байх намайг. Наваансүрэн даргыг урьд НАХЯ-ны төлөөлөгч явсан осолтой хүн гэж зохиолчид шивнэдгийг би сонсолгүй яахав. Энэ тухай итгэлтэй нөхрөөсөө лавлавал Наваансүрэн даргыг НАХЯ-ны төлөөлөгч байсан нь үнэн гэв. Эцэст нь өөрөөс нь асуувал НАХЯ-ны төлөөлөгч явсан маань үнэн гэж огт хайхрамжгүй наргиан маягаар хүлээлээ. Миний айдас арилсангүй. До яамны архаг агент Наваансүрэн миний ширээг онгичиж Баабарын наамал номыг үзчээд намайг сорьж даажигнав уу. Гэртээ нуух газар олоогүй нөгөө номыг Баабарт Ерэнтэйгээр өгүүлэхдөө үдшийн бүрийгээр салтаа хоорондуураа эгээ л шороо цацаж мунхаглаагүй ч гүйцэд тайвширсангүй. Нэг хоёр сар өнгөрөв. Бурхны авралаар чимээ гарсангүйд сүүлдээ нөгөө эсэргүү Баабарыгаа гэртээ ирэхийг зөвшөөрөөд Байды найзтайгаа хүлээж суулаа.
Тэр намхан залуу эсэргүүний хувьд ч хувьсгалын улаан эсэргүү яах аргагүй мөнөөсөө мөн бөгөөд түүний тэрс үзэл ясандаа шингэсэн нь миний гайхлыг төрүүлж, “Яана даа энэ бацаан. Лав шоронгийн хадаас болох вий вий чи” гэж өрөвдөж суув. Хошин мэдрэмжийн хувьд Баабартай өгөө аваатай байж болмоор ч хорин хэдхэн настай түүний уншиж судалсан цар хүрээний дэргэд би даанч ичмээр байлаа. Шинэчлэлүүдийг даруй хийх хэрэгтэй, энэ талаар бич гэж ятгаж намайг сандаргав. 1982 он гэдгийг дахин сануулъя.
8-9 жилийн дараа гар хийцийн ном тараагч мөнөөх чинь социал демократ нам байгуулахад оройлсноор барахгүй дарга нь болж намынхаа анхны итгэлийг тавьж буйг даяараа харав. Түүний ухаалаг хурц нийтлэлүүд “Тоншуул” дээгүүр алхан улс орныг эзэмдэж, араас нь Б.Цэнддоо миний мөрөөдөл тэрслүү үзлийг хошин аясаар урлаж гарлаа.
Баабарын олж унших овсгоо гайхам. Сэтгэхдээ адтай. Шог зохиолчийн хэлтэй. Тиймээс унших дур асаана. Ардчилалд соён гэгээрүүлсэн Баабарын хувь нэмэр их гэвэл дэлбэртлээ уурлах хүн маш олон. Тэр шээс гоожим хор хусдаг золиг л доо. Баабар нарын анх сэдсэн шинэчлэл төдөлгүй коммунист дарга нарын орлого, албан тушаал, гавъяа болоод өндрөө авав. Бат-Үүл Элбэгдорж Баабар нарт дайсагнагчид, тэдний сэдсэнийг өөрийн болгоод толгойд асчлаа. Оргилд гарсныхаа дараа пост коммунистууд нийгмийн ой санамжаас нөгөөдүүлээ оргүй арчиж хаяад санаа амар туйлахыг санаархав.
МАХН, АН-ын аль нь ч дайсагнахгүй гэдэг. С.Зоригийг бүрэлгэсэн аймшигт аллага дайсан буйг нотлов. Мөнгөний буюу хувийн хонзон бус улстөрийн аллага. Ардчиллаас хариугаа авч эхлэв. Баабарыг Д.Дэмбэрэл “хулгайч” гэж цоллоод намнах гэтэл баримт олоогүй. Баабар барууныг сонирхож яваад баривчлагдаж Ганцхудагт хоригдож байхад МХЗЭ-ийн ТХ-ноос Засгийн ордонд дэвшсэн залуу коммунист Д.Дэмбэрэл өеөдөж унах мөч нь морилсон удирдагч өвгөдийг тойлж явав. Тэр цагт бараг бүгд тэгж явсан даа. С.Зоригийг хөнөөсөн гэж Бат-Үүлийг Ц.Нямдорж хэд хэд баривчлаад нотолж чадалгүй мухардаж сулалсан. Ардчиллыг нэг нь сэдэж, нөгөө нь олзолдог булхай Монголдингэж цэцэглэв. “Тоншуул” хавиар эргэлдэгч Баавар Цэнддоо хоёр ардчиллыг орь залуугаас мөрөөдснийг би мэднэ. Тэдэнтэй зэрэгцээд коммунист дэглэмд өндөр алба хашихаар ЗХУКН-ын ТХ-ны дэргэдэх намын сургууль, дээд курсээр залуу коммунистууд хүчээ авч эхэлснийг ч мэднэ. Эцэст нь пост коммунистууд хожиж, ардчилал ад болсон билээ.
Ард түмэн ардчилагчдыг дагаагүй бус дагасан хөөрхийс минь. 1996 оны сонголт гайхамшиг байв. Энэ сонголт Орос Хятадын завсар дахь цөөн монгол дэлхийг дэлдийлгэсэн. Даанч энэ гайхамшгийг дахиад заяахааргүй бузарласан даа. Дэндүү эрээвэр хураавар бөөн дурын эрээ цээргүй бүтэц чинь ард түмнийг эргэж харахгүй болтол гомдоов. Архаг коммунист сөрөг хүчин боловсрол туршлагагүй онгироо гаруудыг зажлахгүй залгиж байлаа. Зуун дамнасан харь үзэл сурталд оюун нь гэмтчихсэн монголчуудыг ардчилалд босгосон бөөдгөр дүү нараа дайсан хэмээн өширхөж чаддаггүйгээ өвгөн зохиолч би үхэхийн өмнө өчье.
Баабар Цэнддоо хоёр миний амжуулах гэж насан турш мөрөөдсөн олноо гэгээрүүлэх (өөрсдөд нь ашиггүй ч ард түмэнд аажуухан хүчтэй нөлөөлөх) бүрхэг зорилгын төлөө зүтгэдэгт би баярладаг буурай. Гол нь мэдээгүйг мэдүүлэх гэж, мэхлэгдсэнийг тайлах гэж хараал зүхлийн бай болж яваа нь таалагддаг юм. Энэ зам бол миний замнах гэж насан турш мөрөөдсөн буяны харгуй. Гишүүн-сайдын сэнтийнээс унац нь ирээдүйд жинтэй тусна. Та хоёрыг ийм хүмүүс болно гэдгийг хар багаас чинь тантсандаа би урамтай сууна. Та хоёрын ижил соён гэгээрүүлэгч ирээдүйд улам олширч, улам хүчжиж, та хоёрыг харааж зүхдэг, атаархдаг өчүүхэн амьтас хөгжлийн алхам бүрээс сугаран хаягдсаар цөөрөх тавилантай. Тиймээс энэ зам чинь зөв зам. Уран бүтээлч хүн алс холын хийсвэр үр дүнгээ л тооцох ёстой. Үр ашиг нь та хоёрт бус, та хоёроос хойш, хойч үеийнхний боловсролд тусна. Иргэд хүчирхэг болно. Энэ чинь жинхэнэ буян. Та хоёр үзэхгүй, эдлэхгүй ч цаг хугацааны эргэлтэд арвиждаг буян. Монголчууд бидэнд гэгээрэл яасан их үгүйлэгдэнэ вэ.
Баабар чи нуруугаар намхан ч ухаанаар Монголдоо шүү. Миний байгааг, бидний байгааг. Ах нь өөрөөсөө ичиж байна. Монголчууд өндөр улаан оросын мөрөн дээгүүр өлийж, дэлхийг чиний нүдээр харж, өөрсдийнхөө хэмжээг чиний дайтай багцаална гэдэгт ах нь итгэнэм. “Тоншуул”-ыг тойрон хүрээлэгч хошин мэдрэмж нь цалгисан хөгжилтэй дүү нартаа хайртай шүү өвөө нь. Хошин зохиол нийтийн ичих мэдрэмжийг хурцалж, нүгэл эс үйлдэх ичимхий дархлааг гааруулах увидастай. 85 насны өндөрлөгөөс дүү нартаа сар шинээр хэлэх билэгтэй үг ердөө энэ. Олигархиуд хулгайгаа баригдахаар “байтлаа бүр хошин шог юм болгох нь ээ” гэж томорч, урлагийн энэ жанрыг доромжилдог болсон байна лээ. Миний хувьд хошин шог бол авъяасын дохуурхал гэж итгэсээр нүд аних буй зээ. (2024-02-06)
Сэтгэгдэл (0)