АН-ынхан Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нарынхаа хэнийг Ерөнхий сайдаар зарлах вэ?!

Үндсэн хуульд өнгөрсөн жил өөрчлөлт оруулсан. “…УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гээд 21.1 дэх хэсэгт нь заасан. Өөрөөр хэлбэл, энэ өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог сонгож, гишүүдийн тоог нэмсэн. Энэхүү шинэ тутам “дүрэм”-ээр 2024 оны УИХ-ын сонгуулийг явуулах гэж байна.

Сонгуулийн жилийн өмнөхөн орсон энэ өөрчлөлтийг “сонгууль сонирхсон” улстөрчид хүндээр хүлээж авсан. Энэ нууц биш. Туршлагатай хэд нь ч, шинэ улстөрчид ч том тойрогт олуулаа өрсөлдөхдөө бэлэн биш байв. Гэвч нэгэнт батлагдсан хуулийг дагаж бэлтгэлээ базааж эхлээд байна.

Харин судлаачид, экспертүүд үүнийг “…Дэлхийн парламентын ардчилалд ойртсон өөрчлөлт” гэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын сонгуулийн том тойрог, хүн амдаа нийцсэн гишүүдийн тоо нь парламентын ардчиллаараа загвар болж буй Их Британи, Япон, Энэтхэг, Канад, Шинэ Зеланд зэрэг улсуудынхад дөхөж буй аж. Энэ хуулиар зохион байгуулагдсан сонгуулиар үр дүн нь тэгж гарна гэсэн үг.

Энэ өөрчлөлтийг дагах бас нэг гол “өөрчлөлт” нь УИХ-ын сонгуульд оролцож буй намууд санал хураалтаас өмнө Ерөнхий сайдаа зарлах явдал юм байна.

Жишээ нь, Японы парламент дээд, доод хоёр танхимаас бүрддэг. Хоёр Танхим хоёулаа бүх нийтийн сонгуулиар пропорциональ болон мажоритар тогтолцоогоор явагддаг. Японы парламент хууль тогтоохоос гадна Ерөнхий сайдыг сонгон томилох гол үүрэгтэй байдаг. Энэтхэгийн парламент ч ялгаагүй. Энэтхэгийн ерөнхий сонгуулиар парламентын доод танхим болох Лок Сабхагийн нэг мандат бүхий тойргоос 545 гишүүний 543-ыг сонгодог. Хоёр гишүүнийг Ерөнхийлөгч нь Англи-Энэтхэгийн мужийн сонгуулийн бүсээс нэр дэвшүүлдэг. Тус улсын том намууд хийгээд голдуу эвсэж ордог жижиг намууд нь сонгуулийн дараа Ерөнхий сайд болох хүнээ зарладаг. Канад, Шинэ Зеланд улсууд ч ийм зарчимтай.

Ер нь бол эдгээр улсад парламент Засгийн газар хоёр нь бие биеийнхээ нэр хүнд, тогтвортой байдалтай шууд хамаатай байдаг байна.

2021 оны есдүгээр сард Германд түүхэн гэж хэлэхээр парламентын сонгууль болсон. Канцлер Ангела Меркелийн засагласан 16 жилийг хэн түүчээлэх вэ гэдэг нь тус улс, Европын холбоо, дэлхий дахины ч анхаарлыг татаж байсан юм. Тухайн үед судалгааны байгууллагууд “…Олаф Шольцыг нэр дэвшүүлсэн Социал-демократ нам, Армин Лашетыг нэр дэвшүүлсэн ХАХ, ХНХ намуудын консерватив эвслийн хооронд ширүүн өрсөлдөөн болно” гэж таамагласан. Чухамдаа энэ таамгийг үүсгэсэн шалтгаан нь Канцлерт нэр дэвшигчидтэй нь холбоотой байжээ.

Мөн Их Британийн Ерөнхий сайдаар ердөө 45 хоног ажилласан Лиз Трасс огцрох өргөдлөө өгснөөр улсаа 12 жилийн турш удирдсан Консерватив намын нэр хүнд ч “хэлбэлзэл”-д орж байв.

Өөрөөр хэлбэл, ийм тогтолцоотой парламент бүхий улс орнууд сонгуулиараа дараагийн Ерөнхий сайдаа “танилцуулдаг” байгаа юм. Эндээс сонгогчид “…Аль намын амлалт амжилттай биелэх вэ” гэдгийг хардаг аж. Нэг үгээр хэлбэл, “…Дараагийн Ерөнхий сайд хэн бэ” гэдэг дээр л төвлөрдөг сонгууль болдог юм байна.

Энэ “туршлага” Монголд ч хэрэгжинэ. Удахгүй намууд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ зарлана. Үүнтэй зэрэгцээд “…Сонгуулийн дараа хэн Ерөнхий сайд болох вэ” гэдгээ ч танилцуулах болж байна.

Одоогоор АН-ын тухайд “…Хэрэв ялбал Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг дээр дүн шинжилгээ хийж эхлээд байна. Нам дотроо, “гадна” ч нэр хүнд өндөртэй байгаа таван улстөрч яригдаж буй аж. Тодруулбал, АН-ын дарга Лу.Гантөмөр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нарын дунд энэ “өрсөлдөөн” явагдаж байна. Тиймээс тун удахгүй Ан-ын зүгээс УИХ-д нэр дэвшигчидтэй хамт, эсвэл өмнө нь дараагийн Ерөнхий сайдаар дээрх таван эрхмийн нэгийнх нь нэрийг зарлах бололтой.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2024-04-17

    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch