Үнийн өсөлтөд нөлөөлөх валютын ханш

Статистик мэдээллээс валютын ханшийг онцлох шалтгаан бий. Шинэ парламент ажлаа эхлүүлж буй энэ өдөр доллар, юань, рублийн төгрөгтэй харьцаж буй ханшийг хэвлэлийн хуудаснаа тэмдэглэж үлдээх гэсэн хэрэг.

Учир нь энэ удаагийн парламент хэрхэн ажиллах, хууль тогтоомжийг дагаж мөрдүүлэх, шинэчлэн батлах зэргээс хүмүүсийн амьжиргаа, амьдралын өртөг хамаарах юм. Эдийн засагч Б.Тунгалаг “Валютын ханшийн өсөлт хэрэглээний үнэд шууд нөлөөлдөг. Тиймээс ханшийг тогтвортой байлгах бодлого баримтлах шаардлагатай. Гэхдээ энэ нь зөвхөн Төвбанкнаас хамаарахгүй байгааг хүмүүс харж байгаа болов уу. Тэгэхээр ирэх жилүүдэд төгрөгийн ханшийг чанга байлгах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2024 оны тавдугаар сард 3381.19 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 79.99 төгрөгөөр чангарчээ. Гэхдээ өмнөх сараас 4.67 төгрөгөөр суларсан үзүүлэлт гэдгийг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг тайлан мэдээнд дурджээ. Тус тайлангаас харвал гадаад валютын төгрөгтэй харьцах ханш жилийн өмнөх үетэй харьцуулахад өссөн боловч өмнөх сартай нь харьцуулахад суларсан үзүүлэлттэй байгаа аж.

Тэгвэл 2020 онд шинэ парламент байгуулагдаж байх үе буюу зургаадугаар сарын 30-нд ам.доллар 2823.89 төгрөг байсныг Монголбанкнаас зарласан валютын ханшаас харж болно. Түүнчлэн евро 3169.39, рубль 40.07, юань 399.52, вон 2.35 төгрөгтэй тэнцэж байжээ.

Харин өнгөрсөн сарын 30-нд ам.доллар 3381.05, евро 3614.34, рубль 39.91, юань 433, вон 2.44 төгрөгтэй тэнцэж буй. Тэгэхээр энэ хугацаанд ам.доллар 557 төгрөгөөр, юань 33.48 төгрөгөөр тус тус өсжээ. Тооцоолоход бага дүн мэт боловч ажил, үйлчилгээ эрхлэгчдэд ханшийн зөрүү үнэ өсгөх шалтгаан болж байгааг учирлаж байна. “Их тойруу” худалдааны төвд үйлчилгээ эрхлэгч Н.Болор-Эрдэнэ “Яагаад үнэ нь нэмэгдээд байгаа юм гээд хүмүүст загнуулах нь бий. Би зарим бараагаа эндээс авдаг. Заримыг нь урдаас авчирдаг. Аль нь ч ялгаагүй. Татан авалт бүр дээр 50-100 төгрөг нэмэгдэх юм. Энэ бол юанийн ханш өссөнтэй холбоотой. Нэг үе 500 гарч байсан бол одоо харин 470 руу орж ирж байна. Гэхдээ ирэх сараас дахиад л ханш нь өснө дөө. Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл хийх үетэй давхцаж байнга л өсөж байдаг” гэв.

Тиймээс бүхий л салбарын эдийн засгийн өсөлтийг жигд байлгахад шинэ парламент анхаарч ажиллах шаардлагатай. Эдийн засгийн өсөлтийг тогтмол байдлаар хангах нь иргэдийн орлого тогтвортой байх суурь нөхцөл. Тиймээс үүнийг бүрдүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдалд чухал нөлөөтэй хэмээн эдийн засагчид тодотгодог. Мэдээж бизнесийн салбарынхны оролцоо, хандлага ч чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ханш тогтвортой байснаар эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олох урт хугацааны төлөвлөлт хийхэд таатай нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн бизнесийнхэн онцолж байна. Харин үүнийг ажил хэрэг болгох хөрс, суурийг УИХ-ын шинэ гишүүд онцгойлон анхаарах биз ээ.

 

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)