Эдийн засагч А.Мөнхболд: Хятадын гангийн үйлдвэрлэл буурч байгаа учраас нүүрсний үнэ ханш унаж эхэлсэн

-Худалдааны хууль батлахгүйгээр уул уурхайн бүтээгдэхүүний үр шимээ Монгол Улс хүртэж чадахгүй-

Эдийн засагч А.Мөнхболдтой нүүрсний экспортын талаар ярилцлаа.


-Манай улс нүүрсний экспортыг энэ жил нэлээд өөдрөгөөр төсөөлж төлөвлөсөн. Гэвч өнөөдөр экспорт удааширсан, зарим боомтод бүр гацсан гэдэг мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар тодруулмаар байна?

-Нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байгаа. Харин ханш унах төлөвтэй байна. Энэ нь Хятадын гангийн үйлдвэрлэл буурч байгаатай холбоотойгоор дотоодынх нь нүүрсний үнэ унаж эхэлсэн. Тэгэхээр манайд нүүрсний экспортын биет хэмжээ хэвийн ч үнэ буурах хандлагатай гэсэн үг. Энэ нь манай талд худалдааны баланс сөрөг үр дүн харуулах юм.

Нөхцөл байдлын хувьд урд хөршид жижиг худалдан авагч нарын борлуулалт зүгээр. Харин Хятадын томоохон аж ахуйн нэгжийн худалдан авалт саарсан байдалтай байгаа. Энэ нь нэг талаараа геополитик болон манай хоёр улсын хоорондын бусад асуудалтай хамааралтай.

-Бусад асуудал гэж та юуг хэлэв?

-Миний харж байгаагаар геополитикийн асуудлууд нөлөөлөөд байх шиг байна. Тухайлбал, Аравдугаар богд байна. Энэ чиглэлийн тусгал экспортод ороод ирэв үү гэдэг хардлага байна. Манай улсын хувьд эдийн засгаа хөгжүүлэх нь чухал. Бид ухаалаг байх хэрэгтэй. Хөрш оронтойгоо яаж зөв харьцах вэ. Манай бодлогууд заримдаа өөрсдийнхөө худалдааны эсрэг нөлөөлөл үзүүлээд байдаг. Бид өөрсдөө ухаажих ёстой болов уу.

Өнөөдрийг хүртэл манай улс маш их хэмжээний уул уурхайн бүтээгдэхүүн экспортолсон. Жишээ нь, Эрдэнэт 700 орчим мянган тонн зэсийн баяжмал, Оюу толгой 750 мянга байснаа хоёр дахин нэмэгдээд 1.5 сая тонн болж байна. Нүүрс гэхэд өнгөрсөн жил 70 сая тонн экспортолсны 57.9 хувь нь коксжих нүүрс гээд тооцоод үзэхээр 30 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортлоод байна. Эндээс Монголд үлдэж байгаа нь юу байна, юу ч байхгүй.

-Таныхаар үүнийг хэрхэн зохицуулах ёстой гэж үзэж байгаа хэрэг вэ?

-Худалдааны хуулиар л зохицуулах ёстой юм шүү дээ. Гэтэл манай зарим улстөрчид үүнийг шууд эсэргүүцдэг. Энэ бол яалт ч үгүй гадны гар хөл гэсэн үг. 2023 онд гэхэд л манайх 17 орчим тэрбум ам.долларын худалдаа хийсэн гээд байгаа. Эндээс манайд үлдсэн нь маш бага. Бид нэгд, уул уурхайн экспорт, гадаад худалдааны асуудлаа зохицуулах хууль гаргах хэрэгтэй юм.

Олон улсын жишгээр мөнгөн урсгал Монголбанкаар дамжих зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, би ОХУ-аас бараа худалдаж авлаа гэхэд 100 хувь төлбөрөө төлж байж бараа маань төмөр замаар ирдэг. Хятадаас ч тэр. Төлбөр тооцоо хийгдэж байж ачаа наашаа хөдөлдөг. Гэтэл Монголын ачаа ямар ч төлбөр тооцоогүй хил гараад явчихдаг. Энэ л хамгийн том алдаа.

Бид өөрсдөөсөө шалтгаалсан зүйлүүдийг цэгцлэх хэрэгтэй. Аливаа улс мөнгөн урсгал, худалдаа, тээвэр логистик гэсэн гурван зүйл дээр төвлөрдөг. Худалдааны экспорт хангагдаагүй байхад ямар ч нэмэргүй. Гадаад зах зээл дээр байгаа үнэ, эрэлт нийлүүлэлт гэхээс өмнө гадаад худалдааны эрх зүйн орчноо цэгцлэхгүйгээр хөгжихгүй. Гэтэл манайх үүний төлөө юу ч хийхгүй байгаа нь харамсалтай. Сая сонгууль болж, бүх улс төрийн намын мөрийн хөтөлбөрт “Худалдааны хуультай болно” гэсэн заалттай байсан. Харамсалтай нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг уншихаар энэ тухай үг, өгүүлбэр ч байхгүй. Ер нь Худалдааны хуульгүй байх нь ОХУ-д ашигтай. ОХУ-ын Монголын талаар баримтлах бодлогын гуравт, Монгол Улсыг хүнсээр хангана гэсэн заалттай байдаг. Энэ нь ч биелсээр, манай импортын хүнсний 70 хувийг ОХУ-аас оруулж ирж байна. Хятад ойлгомжтой. Уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээс хамгийн хямдаар авах сонирхолтой. Тиймээс худалдааны хуулийг л нэн тэргүүнд батлах шаардлагатай болоод байгаа юм.

-Нүүрсний экспортын сэдэв рүүгээ оръё. Биржийн худалдаа амжилттай байгаа юу. Экспорт зогссон гэсэн мэдээгээр биржийн худалдаа ч хөндөгдөх шиг болсон?

-Биржийн худалдаа бас хэвийн үргэлжилж байгаа мэдээллийг авсан. Гэхдээ биржийн худалдааны хувьд бид нэг зүйлийг анхаарах ёстой. Нэгэнт манайх Худалдааны хуульгүй учраас биржийн худалдаа бас л худлаа. Үнэндээ энэ бол классик худалдаа биш. Хэлбэртсэн л ажил. Мэдээж манай улсад биржийн худалдаа хэрэгтэй. Гэхдээ олон улсад байдаг хэв загвар энэ биш. Манайх бол зүгээр үнэ хаялцуулаад л сууж байгаа. Ар талд нь тээвэр логистик байхгүй.

Биржийн худалдаан дээр нүүрсний үнэ унахаар манай Таван толгойн удирдлагууд нүүрс тээврээ худалдан авагч талд хамт өгчихдөг. Уг нь энэ чинь тусдаа явах асуудал. Өөрөөр хэлбэл, А цэгээс Б цэг хүртэл ачаа тээвэрлэхэд ачааны үнэ ханш унах ямар ч хамаагүй зүйл. Үнэ бол бензин шатахуун, ажиллах хүчин зэрэг өөр хүчин зүйлээс шалтгаалдаг. Худалдаа, тээвэр логистикийн асуудлыг биржийн худалдаан дээр цогцоор нь шийдэхгүйгээр явахгүй. Хоёрт, Таван толгой компани өнөөдөр олборлогч юм уу, нүүрс худалдаалагч, эсвэл нүүр тээвэрлэгч үү. Бүгдийг хийж байна. Төр бүгдийг өөрөө авах шаардлагагүй. Олборлоод тээвэр худалдаагаа хувийн хэвшлээр хийлгэж болно.

-Нүүрсний худалдаанаас манай улс хангалттай ашиг хүртэх тухай асуудал хөндөгддөг. Та бол экспорт дээр татвар тавих ёстой гэж үздэг хүн. Үнэхээр тийм боломж байдаг уу?

-2014 оны үед болсон явдал. Нүүрс экспорт дээр Баяннуур аймаг татвар аваад эхэлсэн. Харин Монголын тал аваагүй. Уг нь айл ямар арга хэмжээ авна адилхан аваад явах ёстой. Хэрэв тухайн үед манай тал татвар авч эхэлсэн бол Гашуунсухайт боомт Баяннуур, Ганцмодын хэмжээнд хүрчих байсан. Замын-Үүдийг л хар л даа. Дөнгөж хагас жилийн байдлаар 2.9 тэрбум ам.долларын худалдаа хийсэн. Эрээн тэндээс татвар авдаг. Замын-Үүд авдаггүй. Тэгэхээр яаж хөгжих юм бэ. Орон нутагт эрх өгөх ёстой. Замын-Үүдийг орон нутгийн чанартай хот болгож, татвар авах эрхээр хангаад бие даасан байдлаар явуулахад Эрээнтэй адилхан хөгжөөд л эхэлнэ.

Б.Энхзаяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)