Энх тайвны асуудлаарх хоёр дахь уулзалтыг Энэтхэгт хийх саналыг В.Зеленский дэмжжээ
- 2024-08-26
- Дэлхий
- 0
КИЕВ, 2024 оны наймдугаар сарын 26 /VOA/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энх тайвны асуудлаарх хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах талаар Саудын Араб, Катар, Турк, Швейцар улсуудтай хэлэлцээ үргэлжилж байна гэж мэдэгдэв. Тэрбээр энэ тухай Энэтхэгийн сэтгүүлчидтэй ярилцахдаа мэдэгдсэн бөгөөд бичлэгээ олон нийтийн сүлжээнд ням гарагт нийтэлсэн байна.
В.Зеленский мөн Киев дэлхийн өмнөд бүсийн улсуудын дунд зохион байгуулагч орныг хайж байгаа энэ үед энх тайвны асуудлаарх хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг Энэтхэгт зохион байгуулахыг дэмжиж байгаагаа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид мэдэгдсэн гэдгийг хэлжээ.
"Гэхдээ би илэн далангүй хэлмээр байна, энэ нь зөвхөн Энэтхэгт төдийгүй, хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад нааштай хандаж буй аль ч улсад хамаатай. Анхны дээд хэмжээний уулзалтын мэдэгдэлд хараахан нэгдээгүй байгаа улсад бид энх тайвны дээд хэмжээний уулзалтыг хийх боломжгүй" гэж В.Зеленский хэлсэн байна. Украины Ерөнхийлөгч Н.Модитой баасан гарагт уулзахдаа, өмнөх дээд хэмжээний уулзалтын хамтарсан мэдэгдлийн бүх зүйл заалтыг хэлэлцсэн гэдгийг нэмж дурджээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)