Эрчим хүчний үнэ 30 хүртэл хувиар нэмэгдэх үү!

Засгийн газрын Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан дэд хорооны ахлагч УИХ-ын гишүүн Т.Доржханд  эрчим хүчний үнийг арваннэгдүгээр сарын 1-нээс нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг 2024 оны эхний хагас жилийн байдлаар 256 төгрөгт хүрээд байгаа юм. Цахилгаан, дулааны үнэ тарифыг бодит өртөгт хүргэж, цаашид салбар алдагдалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр цахилгаан, дулааны хэрэглээний үнэ тарифт өөрчлөлт оруулах бодит шаардлагатай тулгарсныг албаныхан ярьж байгаа. Эрчим хүчний салбар 2022 оноос хойш алдагдалтай ажиллаж байна. Эрчим хүчний алдагдлыг бууруулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг нэмэхээр болсон юм. Харин хэдэн төгрөгөөр ямар үе шат, ангиллаар нэмэх нь тодорхойгүй байна. Засгийн газраас 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх санал явж байгаа нь тус салбар алдагдалгүй ажиллах боломж нь юм. Гэхдээ зөвхөн  үнэ тарифт зохицуулалт хийснээр салбарын ирээдүйг харж болохгүй. Хэрэглэгчид  үнэ нэмэгдсэн ч цахилгааны хэмнэлтийг хийснээр үнийн өсөлтийн дарамтад өртөхгүй байх боломжтой.

 

Одоо мөрдөж буй тариф өрхийн орлогыг 2.2 хувийг эзэлж байна

 

Өрхийн орлогын үзүүлэлтээр эрчим хүчний зардал нийт орлогынх нь  тав хүртэл хувийг  эзэлж байвал зохистой харьцаа гэж үздэг. Тэгвэл манай одоогийн мөрдөж буй үнэ тарифаар тооцвол  өрхийн орлогын 2.2 хувийг цахилгааны зардал эзэлж байгаа нь нэмэгдүүлэх боломжтойг  илтгэнэ. Өнөөдөр манай улсын 1кВт/ц цахилгааны үнэ дунджаар 6.3 ам.цент  буюу 215 төгрөг 69 мөнгө байна. Энэ нь манайх ОХУ-ын цахилгааны үнэнээс айл өрх 65 хувиар, аж ахуйн нэгж байгууллага 32 хувиар БНХАУ-ын цахилгааны үнэнээс айл өрх 89 хувиар, аж ахуйн нэгж  23 хувиар хямд байна.

Эрчим хүч үйлдвэрлэсэн өртгөөсөө  доогуур үнээр цахилгаанаа хэрэглэдэг улс манайхаас өөр хаана ч алга. Тиймээс эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөг рүү ойртуулан нэмэгдүүлэхэд өрхийн хэрэглээ амьжиргаанд нөлөөлөхгүй гэдгийг Засгийн газрын нэгж Хурдасгуур төвийн судлаачид тогтоосон. Манай улсын хэрэглэгчдийн цахилгааны нийт хэрэглээ 7.5 сая кВт/ц. Үүнээс баруун бүсийн хэрэглээ 216.2 сая кВт/ц. Үйлдвэрлэх өртөг нь 358 төгрөг бол зах зээлд борлуулах үнэ нь  169 төгрөг. Төвийн бүсийн хэрэглээ хамгийн өндөр буюу 6.9 сая кВт/цаг. Харин өртөг нь 256 төгрөг бол борлуулах дундаж үнэ нь 216 төгрөг буюу алдагдал зөрүү нь 44 төгрөг. Өөрөөр хэлбэл ахуйн хэрэглэгчид бодит өртгөөс 44 төгрөгөөр хямд цахилгаан хэрэглэж байна гэсэн үг. Тэгвэл зүүн бүсийнхэн  307.2 сая кВт/ц эрчим хүч хэрэглэж бодит өртөг нь 260 төгрөг бол худалдах үнэ 200 төгрөг буюу 30 төгрөгөөр хямд хэрэглэж байна. Нийт хэрэглээний 92 хувийг төвийн бүсийнхэн хэрэглэж ихэнх алдагдал энд үүсдэг. Түүнчлэн өсөн нэмэгдэх хэрэглээ ч бүсэд үүсэж байна. 2022 онд цахилгааны үнийг аж ахуйн нэгжийн хэрэглээнээс хамаарч 14-38 хувиар нэмсэн ч алдагдлаа бүрэн нөхөх хэмжээнд хүрэхгүй байна. Өнөөдөр 1кВ/т цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж буй бодит өртөг 256 төгрөг. Үүнийг цааш нь айл өрхийн хэрэглээнд нийлүүлэхдээ 141 төгрөг, энгийн хэрэглээтэй аж ахуйн нэгжид  223, уул уурхайн компаниудад 294 төгрөгөөр борлуулж байна. Уул уурхайн компаниудад дунджаар 38-50 орчим төгрөгөөр илүү харин  өрхийн хэрэглээнд 103 төгрөгөөр дутуу, энгийн аж ахуйн нэгжүүдэд 21 төгрөгөөр дутуу нийлүүлсэн гэсэн үг. Хэдийгээр ийнхүү үнэ тарифын зохицуулалт хийж алдагдлыг бууруулж буй ч бүрэн нөхөхгүй байна. Гэхдээ 2022 онд 187 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан салбар дээрх зохицуулалтыг хэрэгжүүлснээр 2023 онд алдагдал 47 тэрбум төгрөг болж буурчээ. Цаашид бодит өртгийг 40 хувиар нэмэгдүүлснээр дээрх алдагдлыг нөхөх боломжтой.

Гэхдээ  урт хугацаанд эрчим хүчний салбар хөгжлийг  үнэ тарифын зохицуулалтаар  шийдэх боломжгүй. Тэгвэл бидэнд олон улсад туршигдсан  хэрэглээ талын удирдлага /Demand Side Management/ , хэрэгцээг удирдах /Demand Response/ гэсэн хоёр арга туршлагыг хэрэгжүүлэх нь оновчтой гэж ЭХЗХ-ны зохицуулагч, доктор (Ph.D) П.Товуудорж ярьж байна

 

Тарифын ангиллын зохицуулалтыг 11 удаа хийжээ

 

Хэрэглэгчийн тарифын зохицуулалтыг нийтдээ 2002-2022 оны хооронд  11 удаа хийжээ.Тухайлбал,2002-2023онд  ахуйн хэрэглэгчийн цагийн ялгаварт тариф гурав байсныг хоёр болгожээ. 2011 оноос уул уурхайн тарифыг баталсан бол, 2013 оноос дулааны үйлчилгээний тарифыг 30 хувиар, цахилгааны үнийг  бүс бүрээр 19.3-30.4 хувиар нэмжээ. Харин 2014-2015 тарифын индексжүүлэлт мөрдсөн бол  2015 онд аж ахуйн нэгж байгууллагын  чадлын тариф, ахуйн хэрэглэгчийн чадлын тарифын индексжүүлэлт, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф, гэр хороололд тарифын хөнгөлөлт зэргийг мөрдөхөөр зохицуулалт хийсэн байна. Улмаар 2016 гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг хөнгөлөхөөр шийдвэр гарч байсан. Харин 2017, 2019 онд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг индексжүүлтээр өсгөжээ. 2022 онд уул уурхай, банк, үүрэн холбоо, согтууруулах ундаа, крипто валютын ангилалтай болгож гудамжны гэрэлтүүлэг, цахилгаан тээврийг ангилалгүй болгожээ. Тэгвэл энэ удаагийн өөрчлөлтөөр  өндөр хэрэглээтэй өрхийн тарифыг тусад нь ангилж тооцох тухай яригдаж байна. Энэ нь “Ковид-19”-ийн үед төрөөс цахилгааны үнийг чөлөөлсөнтэй холбоотойгоор зарим иргэд нохойныхоо саравчинд өдөр шөнөгүй гэрэл асаадаг гэсэн шүүмжлэл гарч байсантай холбоотой ийнхүү ангилал тогтоох нь зөв гэж үзжээ. Хямдхан цахилгаан хэрэглэдэг бид эрчим хүчээ хэмнэх тухайд ойлголтгүй явсаар ирсэн. Тиймээс сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа хангах тархмал эх  үүсвэрийн тухай ч яригдаж байна. 2022 оны цахилгааны дундаж үнэ уул уурхайн салбарынх 223, аж ахуйн нэгжийнх 182, айл өрхийнх 141 төгрөг бол 2023 онд уул уурхайнх 287, аж ахуйн нэгжийнх 223, өрхийнх 140 төгрөг байна. Нийт хэрэглэгчдийн цахилгааны үнэ 2022 онд 175 төгрөг бол 2023 онд 215 төгрөг байжээ. Аж ахуйн нэгжийнх 23.3-28.7 хувиар өссөн бол өрхийнх өмнөх оноос 0.5 хувиар бага зэрэг буурсан байна.

 

Бөөний зах зээлд дээр өрсөлдөх тогтолцооны реформ хийх шаардлагатай

 

ДНБ-ээр ижил төстэй зарим орнуудын хэрэглэгчдийн цахилгааны дундаж үнийг харьцуулбал манай  ахуйн хэрэглээний 1кВт/ц нь 7.3 ам.цент бол Филиппин улсынх 15.3 ам цент, Шри ланка 19 ам. цент байх жишээтэй. Олон улсад жилд нэг хүнд ноогдох цахилгааны хэмжээ ОХУ-ын 7.7 кВт/ц, БНХАУ-ынх 6.2 кВт/ц, Монгол Улсынх 3.1 кВт/ц байна. Манай улсын тухайд нэг хүнд ногдох кВт/ц-ийн хэмжээ 2019-2022 он хүртэл 2.6-2.9 байсан бол 2023 онд 3.1 кВт/ц болж нэмэгдсэн байна. Эрчим хүчний зах зээлийг бүхэлд нь Зохицуулах байгууллагаас зохицуулж байгаад өөрчлөлт оруулж, зах зээлийн тодорхой хэсэгт өрсөлдөөнт зах зээлийг нэвтрүүлэх шаардлага бий. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх эрчим хүчний хөгжлийн төслүүдэд дийлэнх нь нүүрс суурьтай дулааны цахилгаан станцууд орсон. Дэлхийн дулаарал нүүрсхүчлийн хийг бууруулахтай холбоотой нүүрс суурьтай станцуудад гадаадын хөрөнгө оруулалт хумигдсан цаг тул өөрсдийн эх үүсвэрээс  өөр гарцгүй энэ үед  эрчим хүний үнэ тарифыг бодит өртөгт хүргэж өсгөх нь зөв гэдэгт нийтээрээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Цаашдаа цахилгаан үйлдвэрлэгчид бөөний зах зээлд дээр өрсөлдөх тогтолцооны реформ хийх шаардлагатайг илтгэнэ. Нөгөөтээгүүр, төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний төслийг оруулж ирэхийн тулд оргил ачааллын цагт найдвартай нийлүүлэлтийг хийх горимын тохиргоо хийхэд хүндрэлгүй зэргийг тооцож шийдвэр гаргах шаардлага байгаа ажээ. Мөн  эрсдэлийн удирдлагын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, өрсөлдөөнт зах зээл явагдах платформыг бэлтгэж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх хэрэгтэйг мэргэжлийн экспертүүд онцолж байна. Бөөний зах зээлийн эзлэх хувийг 2025-2030 онд 10-20 хувьд хүргэх зорилт тавьж байна.Ингэснээр ид ачааллын үед хязгаарлалт хийж харанхуй суухгүй байх нэг гарц юм. 

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)