“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлыг томилохоо болиод сонгодог болъё
- 2024-10-09
- Нийгэм
- 1
Найман жилийн өмнө дөө, “Эрдэнэтийн сааль татарч, эмчилгээ тэжээлийн цэгт очих дөхсөн үү” гэдэг эргэлзээ нийгэмд бий болоод байв. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн сааль татрах болоогүй аж. Дахиад 60 жил ажиллах нөөцтэйг таван жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд танилцуулсан. Одоо түүнтэй холбоотой өргөтгөлийн ажил хийгдээд эхэлжээ.
Нэгэнт олон жилийн нөөц бололцоотой нь тодорхой болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлого ашиг мэдээж өндөр байна.
Харин тус үйлдвэрийн үйл ажиллагаа хэр зэрэг үр дүнтэй хийгээд цэвэр тунгалаг явагдаж байна вэ. Энэ заавал тавигдах ёстой асуулт л даа. Яагаад гэвэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага буюу ерөнхий захирал нь улс төрийн гэж болохуйц томилгоогоор очдог.
Одоогийн ерөнхий захирал Г.Ёндон нь Тэрээр 2022 оны наймдугаар сарын сүүлчээр УУХҮ-ийн сайдаас буугаад есдүгээр сарын эхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдсон.
Ингэхдээ 2022 оны наймдугаар сарын 31-ний Засгийн газрын ээлжит “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зэс металл группын даргаар томилж, оронд нь УУХҮ-ийн сайд асан Г.Ёндонг томилох үүргийг ТӨБЗГ-т өгсөн.
ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл 2022 оны есдүгээр сарын 8-нд “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Ковидын хууль, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дүрмийг үндэслэж, Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 31-ний тэмдэглэл, АТГ-ын дүгнэлтийг харгалзан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар Г.Ёндонг 2022 оны есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн томилсугай” гэсэн тогтоол гаргасан байдаг.
ТӨБЗГ-ын томилолтын тогтоолын үндэслэл болсон Ковидын хуульд “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан. Үүгээр Г.Ёндонг ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилсон. Харин уг хууль 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд хүчингүй болсон. Тэгэхээр Г.Ёндон 2023 оны нэгдүгээр сарын 1 гэхэд сонгон шалгаруулалтад орох, эсхүл өөр хэн нэгэн сонгон шалгаруулалтын дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал болох байв.
Гэвч Засгийн газраас Ковидын хуулийг хүчингүй болохоос өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд шилжүүлчихсэн. Ингээд ерөнхий захирлын томилгоонд байтугай, тус үйлдвэрт хэрэгжиж байсан төслүүдэд тавих хараа хяналт ч суларсан.
Үүнээс хойшх хоёр жилийн хугацаанд Г.Ёндон хууль ёсны юу, үгүй юу гэдэг нь тодорхойгүйгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын албыг хашиж байна.
Гэхдээ ТӨБЗГ нь одоо ч хуулиараа “Эрдэнэс Монгол” ХХК, түүний ТУЗ-өөр дамжуулан “Эрдэнэт үйлдвэр”-ийг хариуцаж байгаа юм.
Энэ талаас нь харвал ТӨБЗГ-аас Г.Ёндонг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захиралд хууль ёсоор томилох талаар ямар нэг арга хэмжээ аваагүй гэсэн үг. Тэгсэн атлаа Г.Ёндонг томилсон хууль хүчингүй болсноос хойш 2023 оны дөрөвдүгээр сард “Говь-Алтай АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, 2023 оны наймдугаар сард Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨҮГ-ын захирал, 2023 оны есдүгээр сард “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, 2024 оны дөрөвдүгээр сард ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, 2024 оны зургадугаар сард “Засгийн газрын авто бааз” ТӨҮГ-ын захирал зэрэг төрийн өмчийн компаниудын удирдлагыг сонгон шалгаруулалтаар томилсон байна.
Нөгөө талаасаа ч “Эрдэнэ Монгол” ХХК-ийг мөн ингэж дүгнэж болно. Тус компанийн мэдэлд очоод хоёр жил болж байхад сонгон шалгаруулалт зарлах талаар ямар нэг алхам хийгээгүй л байна. Уг нь “Эрдэнэс Монгол” ХХК-д АТГ-аас ийм томилгоо сэлттэй холбоотой томоохон зөвлөмж өгч байсан. С.Наранцогтыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар томилогдож очихоос өмнө О.Хуланг захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхад АТГ-аас “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллагад томилогдож байгаа албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хууль зөрчсөн үйлдлийг хяналт шалгалтаар тогтоож, энэ төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй байхад анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд томилгоо, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгох, удирдах албан тушаалтны манлайлал, ёс зүйг дээшлүүлэх, ялангуяа төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан этгээдийг томилохгүй байх, мөн төсөв, санхүү, худалдан авах ажиллагаанд хяналт тавих дотоод хяналтыг сайжруулах, бусдад давуу байдал олгох, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах буюу хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдтэй холбоотой тушаал, шийдвэр гаргахад оролцох, албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөх зэрэг авлига, ашиг сонирхлын зөрчлийг гаргахгүй байх, уг асуудлаар дотоод хяналтыг үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллах чиглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК-д зөвлөмж хүргүүлсэн” гэж олон нийтэд мэдээлж байв.
Үүнээс гадна манай төрийн өмчит компаниудын засаглалын талаар гадаад, дотоодын судлаачид шүүмжлэлтэй хандсаар байдаг. Тухайлбал, 2022 онд Г.Ёндонг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдож байхад ННФ-аас “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн Төлөөлөн удирдах зөвлөл: Олон улсын туршлага ба Монгол Улс” судалгаа хийснээ танилцуулсан. Түүнд “Манай улсад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн удирдлагын төвлөрсөн бус загварын хүрээнд ЗГХЭГ, салбарын яам, ТӨБЗГ, “Эрдэнэс Монгол” ХХК зэрэг олон янзын байгууллага төрийн өмчлөлийн хувьцааны эрхийг хэрэгжүүлж байна. Энэ нь улс төрийн томилгоо хийгдэх, дээрх олон субъектийн ашиг сонирхол Төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад нөлөөлөх боломж бүрдүүлдэг. Төвлөрсөн бус загварын сул тал нь төрийн өмчийн нэгдсэн бодлого, удирдлага, хяналт алдагдан, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч байгууллагуудын уялдаа холбоо сулардагт оршино” гэж дүгнэсэн.
Засгийн газрын тухайд сүүлийн үед төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах талаар нэлээд ярьж байна. Ярьж л байдаг л даа, уг нь. Гэхдээ ЗГХЭГ-ын одоогийн дарга Н.Учрал яг энэ удирдлагын талаар өнгөрсөн зунаас хойш хэд хэдэн үйл ажиллагаа явуулаад байна. Тэрбээр өнгөрсөн сард Төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн хурал дээр “Эдгээр хуулиудыг Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх зарчим болон төрийн болон орон нутгийн өмч, түүний ангилал, өмчийн удирдлага, төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бүртгэл тооллого, тайлагнал, хяналт, ил тод байдалтай холбоотой харилцааг зохицуулж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор боловсруулж байна” гэж байсан.
Гэвч Н.Учрал ч, түүнээс өмнөх ЗГХЭГ-ын дарга нар ч, ер нь Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн засаглал, тэр дундаа удирдлагынх нь асуудлаар дуугарах сонирхол баагтай. Ер нь тэр талаар ам ангайдаггүй, аль болох зайлсхийдэг. Энэ ихээхэн хачирхалтай. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжиж байх үед “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Эрдэнэс Монгол” ХХК руу шилжүүлж шууд удирдахаас зайлхийсэн нь ч үүний илрэл гэж харагддаг.
Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийг ТӨБЗГ, “Эрдэнэс Монгол” ХХК-иар дамжуулан удирдаж буй Засгийн газар нэн яаралтай тус үйлдвэрийн удирдлагыг хууль ёсны болгох, цаашлаад засаглалыг “эрүүлжүүлэх” тал дээр тодорхой алхам хийх цаг нь ирсэн. Эс тэгвээс үйл ажиллагаа нь нууцлагдмал, үе үе борлуулалтын дүн болох “том тоо”-гоор PR-дчихаад сууж байдаг, гол нь тус үйлдвэрийн удирдлагад гэв гэнэт “зайлшгүй томилогдох хүн” томилогддог. Ийм байхад “Эрдэнэт үйлдвэр”-ийн ирэх жилүүд лав ард түмэнд өгөөжтэй байх боломж бага юм. Харин үйлдвэрийн шинэ ерөнхий захирлыг “мөрийн хөтөлбөр”-тэй нь сонгон шалгаруулж, багтай нь томилж ажиллуулбал ирэх жилүүдэд дэлхийн зэсийн зах зээлээс Монгол Улс боломжийн ашиг олж чадна. “Өнгөрсөн гурван жилд олон улсын уул уурхайн салбарт ажиллаж байсан мундаг мэргэжилтнүүдийг Монголдоо урьж ажиллуулж байна” гээд л Засгийн газраас мэдээлээд байсан. Гэтэл тэдний дийлэнхийг намын жагсаалтад оруулаад УИХ руу чихчихсэн. Уг нь тэдний байх газар, ажиллах талбар нь “Эрдэнэт үйлдвэр” мэтийн Монголын баялгийг хуваарилагч, Үндэсний баялгийн санг бүрдүүлэгч орд түшсэн үйлдвэр, уурхайнууд л даа. Товчхондоо, “...“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлыг хууль зөрчиж томилохоо болиод хуулийн дагуу сонгодог болъё” гэж байгаа юм.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ
Эх сурвалж:
“Зууны мэдээ” сонин - 2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 196 (7440)
Өнөөдөр сонин – 2024.10.09 Лхагва № 193 (8008)
Өдрийн сонин – 2024.10.09 Лхагва № 190 (7556)
Сэтгэгдэл (1)
(66.181.184.64)
Монголчууд чөлөөт цагаа зөвхөн хүн судлал хийж өнгөрүүлдэг учраас урлаг хөгжүүлэх нь Монголд ашиггүй. Тиймээс урлаг соёлын салбарт улсаас битгий хөрөнгө оруулалт хийж бай!