Эмнэлгийн үйл ажиллагааг зүйл бүрээр саатуулаад байхаар эмнэлгийн байгууллага зориод ирж байгаа өвчтөнүүдээ яах болж байна аа, Ерөнхийлөгч өө
- 12 цаг 18 мин
- Эрүүл мэнд
- 0
Ил захидал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа
Монгол Улсын Үндсэн хуулийн 16-ийн 12-т “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасныг үндэс болгон Монгол Улсын иргэн, эмч Ж.Хатанбаатар миний бие Монгол Улсын төрийн тэргүүн танд хандаж, дахин ил захидал илгээж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1-ийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болсон хууль дээдлэх ёсыг Улаанбаатар хотын дарга болон түүний дор ажиллаж байгаа нэр бүхий албан тушаалтнууд уландаа гишгэж байна. Монгол Улсын Их Хурлаас баталсан төрийн бодлогыг хэрэгжүүлж, хуулийн дагуу явагдсан нэмэлт хөрөнгө оруулалт бүхий менежментийн хувьчлалд оролцож ялалт байгуулсан. Гурван жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж, гэрээний үүргээ бүрэн биелүүлэн дуусгавар болгосноос хойш 12 жил, Гэрээний үүргээ биелүүлсэн гэдгийг Монгол Улсын дээд шүүхээс эцэслэн тогтоосноос хойш 10 жил, Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа эхэлснээс хойш 9 жил өнгөрч байна. Хууль дээдлэх ёс ингэж алдагдаж байгааг засаж залруулж, УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлж арга хэмжээ авч өгнө үү гэж Нийслэлийн Засаг дарга, Өмчийн харилцааны газар олон удаа бичгээр хандсан ч өнөөг хүртэл хэрэгжүүлсэнгүй.
Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан хууль дээдлэх ёс ингэж алдагдаж байгаа учраас бид Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад удаа дараа хандсан. Хууль зүй дотоод хэргийн сайд, Монгол Улсын хүний эрхийн комисст ч гомдол гаргасан. Төрийн хуулийг хэрэгжүүлж, хууль журмын дагуу ажиллаж байгаа атлаа хотын даргад элдвээр гүтгүүлж, нийслэлийн харьяа байгууллагуудын дарга болон даргын үүрэг гүйцэтгэгч нарын зүгээс байнгын дарамт шахалттай хүнд нөхцөлд байгаа талаараа төрийн тэргүүнээс эхлээд Хүний эрхийн комисс хүртэл олон газарт хандсан захидалдаа тодорхой бичиж хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэхийг хүссэн ч шийдвэрлэгдсэнгүй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын 2024 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн менежментийн багийн талаар олон нийтэд худал мэдээлэл өгөх, гүтгэж, хүний нэр хүнд, өмч хөрөнгө, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа үйлдлийг удаа дараа хийсэн. Энэ бүхнийг нь бид тухайн үед нь залруулан бодит байдал, баримт мэдээллийг олон нийтэд хүргэхийг хичээж ирлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 1-ийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан атал Нийслэл хотыг удирдаж байгаа өндөр албан тушаалтан нь жирийн иргэн эмч нар, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг харлуулж, буруу ойлгуулсан мэдээллийг өөрөө биечлэн олон нийтэд өгч байхад энд бид шударга ёс, тэгш байдал гэдэг хоосон үг болж хувирч байна.
Хотын даргад нэг талын буруу мэдээлэл өгдөг нийслэлийн дунд шатны албан тушаалтнуудын ёс зүйгүй үйлдэл Н.Нямбаатарын үед үргэлжилж байна. Дээр нь нэмэгдээд Нийслэлийн харьяа хянадаг шалгадаг бүхий л байгууллагаас ирж байгаа олон янзын хяналт шалгалт, хууль журам зөрчсөн шахалт шаардлага хэрээс хэтэрч байна. Сард бид дунджаар 10 ийм албан бичигт хариу өгч, хууль бус шаардлагыг нь зөвөөр ойлгуулах гэж тайлбарлаж байна. Хамгийн сүүлд Нийслэл дэх төрийн аудитын газрын дэд дарга Ч.Болдын гарын үсэгтэй бичиг ирсний дагуу аудитад шаардлагатай бүх бичиг баримтыг бид гаргаж өгсөн. Гэтэл удирдамжид заагдаагүй хүрээний бичиг баримт шаардах, утсаар ярьж элдэв зүйл нэхэх гэх мэт төрийн ажил албаны наад захын дэг жаягаас ихээхэн хол зүйлийг хийж байна.
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь өвдсөн хүмүүс очиж үзүүлж эмчлүүлдэг эмнэлгийн байгууллага. Эмнэлгийн үйл ажиллагааг зүйл бүрээр саатуулаад байхаар эмнэлгийн байгууллага зориод ирж байгаа өвчтөнүүдээ яах болж байна аа Ерөнхийлөгч өө.
Монгол Улсын Үндсэн хуулийн 50-ийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасан. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн нэмэлт хөрөнгө оруулах нөхцөл бүхий Менежментийн хувьчлалд оролцож, ялалт байгуулсан. Улмаар гэрээ байгуулж, түүнийхээ дагуу нэмэлт хөрөнгө оруулалтаа хийж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын хяналтын дор ажилласан. Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр Менежментийн хувьчлал хийгдэж дууссан байна гэдгийг шүүхийн эцэслэн тогтоосон. Тодруулбал, Улсын дээд шүүх 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг “Илт хууль бус болохыг” тогтоож, “Гэрээний дагуу дуусгавар болгосон шийдвэрийг гаргахыг Нийслэлийн өмч хувьчлах комисс-т даалгасугай” гэсэн 620 дугаартай шийдвэрээ гаргасан. Улсын дээд шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаартай албадан гүйцэтгүүлэх хуудсыг НӨХК-т хүргүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн боловч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн өмчийн харилцааны газар эцэслэн шийдвэр гаргаагүй явсаар Менежментийг багийн хууль ёсны эрхийг зөрчиж, хохироож ирлээ. Энэ нь цаашлаад эмнэлэг сувиллын хэвийн үйл ажиллагаа, эмч ажилтнууд, эмнэлэг сувиллаар үйлчлүүлж байгаа иргэдийн эрх ашгийг зөрчихөд хүргэсэн нөхцөл үүсээд байгааг Төрийн тэргүүн таны сонорт дахин хүргэж байгаа нь энэ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 30 гаруй жил болж байгаа Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь монголчуудын эртнээс уламжилж ирсэн анагаах ухааны уламжлалыг орчин үеийнхтэй хослуулан хөгжүүлж, хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэж ирсэн. Үндсэн хуульд заасан “...түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж”, улмаар хөгжүүлж ажиллаж ирсэн Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн үйл ажиллагаатай биечлэн танилцахыг урьж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу арга хэмжээ авч, УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү хэмээн танаас дахинтаа хүсэж байна.
Таныг хүндэтгэсэн,
МЕНЕЖМЕНТИЙН БАГИЙН Ж.ХАТАНБААТАР
АХЛАГЧ
Монгол Улсын Ардын эмч
АУ-ны доктор, профессор
Монгол Улс Улаанбаатар хот
2024 оны 12-р сарын 24
Сэтгэгдэл (0)