Б.Лхагвасүрэн: 2025 он бол маш том сорилтын жил байх болно

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа. 

2024 онд банкнуудын олгож буй зээлийн хэмжээ хангалтгүй, хүртээмж багатай буюу тодорхой төслүүдэд л ихэвчлэн олгогдсон гэдгийг бизнес эрхлэгчдийн зүгээс онцолж байна. Монголбанкнаас хэрэгжүүлж буй Мөнгөний бодлогын арга хэмжээтэй зэрэгцээд төсвөөс хөнгөлөлттэй зээл олгож буй энэ хэлбэр нь Мөнгөний бодлого үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа талаар эдийн засагчид хэлж байна. Та үүнтэй санал нийлэх үү? 

Засгийн газраас хэрэгжүүлж буй зорилтот бүлэг рүү чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр анх “Ковид”-ын хүнд үед Засгийн газрын ажлын байр хадгалах 10 их наяд гээд эхэлж байсан. Яг энэ ажиллаж буй механизмтай төстэй хэлбэрээр явж байгаа. Жишээлбэл, “Хүнсний хувьсгал” хөтөлбөр хэрэгжээд 2 гаруй жил болж байна. Энэ хүрээнд олгогдсон зээлийн дүн 1.2 тэрбум ам.доллар болчихсон байгаа. “Шинэ хоршоо” хөтөлбөрийн зээл 2024 оны 5 дугаар сараас эхэлсэн, нийтдээ 660 гаруй тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. 2025 оноос дахиад “Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах хөнгөн үйлдвэрүүдийг дэмжих зорилготой зээл юм. Энэ бүх зээлүүдийн нийлбэр дүн 2 их наяд төгрөгөөс хэтрэхгүй. Гэтэл банкны системийн олгож байгаа зээлийн нийлбэр дүн нь өөрөө 35 их наядад хүрсэн. 35 их наяд, 2 их наяд гэхээр 10 хувьд ч хүрэхгүй 5 хувьтай зүйл байгаа юм. Тэгэхээр Төв банкны зүгээс үүнийг тийм том зүйл гэж харахгүй байна. 

Мэдээж зах зээлийн жишгийг, стандартыг доголдуулж байгаа зүйл бий. Чөлөөт өрсөлдөөний зах зээлд нэг хэсэг нь хөнгөлөлттэй зээл, нэг хэсэг нь зах зээлийн хүүтэй зээл аваад явах нь муу жишиг болоод явна. Хоёрдугаарт, дандаа хөнгөлөлттэй зүйл аваад сурчихвал дараа нь хөнгөлөлтгүй юманд ажиллаж чадахгүй болох муу талтай. Тэгэхээр бизнесийн хувьд цаашид сөрөг үр дагавар гарч магадгүй. Гэхдээ хөнгөлөлттэй хөтөлбөр нь үр дүнтэй байна уу, үгүй юу гэдгийг нь авч үзвэл үр дүнтэй, байгаа онож байгаа гэж хэлж болохоор байна. Банкны системд илүүдэл нөөц, Төв банкны үнэт цаас хэлбэрээр бараг 10 их наяд төгрөг байгаа. Тэгэхээр энэ мөнгө нь эдийн засгийн эргэлтэд орж байгаа юм. Гол нь Засгийн газрын зүгээс энэ бүх хөтөлбөрүүдийн хүүгийн татаасанд жил бүр 200-300 тэрбум төгрөг зарцуулж байгаа.

Тэгэхээр төсөв 35 их наяд руу очиж байгаа энэ үед хүүгийн татаасанд зарцуулж буй мөнгө нь багахан хэмжээний мөнгө юм. Ерөнхийдөө багахан хэмжээний зардлаас томоохон хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж чадаж байна гэдгээрээ үр дүнтэй харагдаж байгаа юм. Гэхдээ урт хугацаандаа энэ нь Морал хазард дагуулах учраас маш болгоомжтой хэрэгжүүлэх л хэрэгтэй. 

Гадаад зах зээлийн нөхцөл байдлыг хараад үзвэл Орос-Украйны дайн дуусаагүй, гэхдээ Доналд Трампын бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхлэх үед энэ дайн арай өөр тийшээ шийдэгдэх болов уу гэсэн найдлага байгаад байх шиг байна. Гэхдээ та бүхний харж байгаагаар гадаад зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалсан эрсдэлүүд хэр байна вэ?

АНУ-ын сонгуулийн үр дүн гарсан. Энэ үр дүнгээр тус улсын ерөнхийлөгч нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөнө. Өнөөдөр дэлхий нийтийн эдийн засгийн харилцаа, төлбөр тооцоо гээд бүх зүйл хүлээлтийн байдалтай байна. Тэгэхээр бидний хувьд 2025 он томоохон сорилтын жил байх болно гэдэг нь эндээс шууд харагдаж байна. 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч тангараг өргөөд, ямар бодлого хэрэгжүүлж эхлэх вэ, тэр нь өнөөдрийн байгаа дэлхий нийтийг яаж өөрчлөх вэ, төлбөр тооцоо, эдийн засаг, санхүүгийн зах зээл, хүү зэрэг хэмжүүрүүд хаашаа хөдлөх вэ гэдэг нь хамгийн их болгоомжлол дагуулсан зүйл байна. Бидний хувьд хоёр том хөрштэй, эдийн засгийн хувьд бүх чиглэлээрээ энэ хоёртойгоо холбоотой. Импортын 30 хувь нь ОХУ-аас ирж байна, экспортын 90 хувь нь нэг зах зээл рүү буюу БНХАУ руу гарч байгаа. Тэгэхээр энэ хоёр хөршийн эдийн засаг АНУ-ын ерөнхийлөгчийн явуулах бодлоготой яаж нийцэж ажиллах вэ, ямар хэмжээнд байх вэ гэдгээс Монгол Улсын ирээдүйн төлөв шууд хамааралтай. БНХАУ, АНУ-тай худалдааны дайнтай байна, Хятадын бүтээгдэхүүн дээр хэр хэмжээний татвар тавих вэ гэдэг нь өнөөдөр асуудал болж байна. Тэгэхээр тэрхүү татварын хэмжээ нь Хятадын Монголоос авах бараа, бүтээгдэхүүний хэмжээ болон үнэд нөлөөлнө. Бидний хувьд импортоор нефть шатахуун, эрчим хүч, хүнс, эм, аж үйлдвэрийн түүхий эд, уул уурхайн түүхий эдүүдийг ОХУ-аас авч байгаа. Тэгэхээр үүн дээр тавьж байгаа хориг саадууд манай эдийн засагт шууд нөлөөлж ирсэн, өнөөдөр ч тэрхүү нөлөө байсаар байна. Төлбөр тооцоо ч мөн хүнд нөхцөлд явж байгаа. Гэхдээ өнөөдөр ямар ч байсан Монгол Улсын эдийн засгийг 5 хувьтай өсгөх хэмжээгээр бид бүхэн ажлаа хийгээд, шийдвэр гаргаад явж байгаа. Тэгэхээр ирэх жил тийм амар байна гэж төсөөлөхгүй байгаа, нөхцөл байдал улам хүндрэх магадлал өндөр байгаа учраас бидний хувьд маш болгоомжтой байх ёстой. Гаргаж байгаа шийдвэрүүд хүртэл маш олон талыг бодсон байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. 

2025 оныг маш сорилттой жил байна гэж Та сая тодорхойллоо. Тийм ч болохоор та бүхэн тэр чиглэлээр тодорхой тооцоо, судалгаанууд бас хийж байгаа байх. Аль чиглэлд нь илүү сорилтууд гарч ирнэ гэж харж байна. Түүхий эдийн үнийг та сая дурдлаа. Хятад Улсын тухайд АНУ-ын худалдааны дайнтай холбоогүйгээр өөрсдөө бодлогоо дотооддоо чангаруулж байна, ялангуяа гангийн чиглэлийн үйлдвэрүүдээ нэлээн өөрчилж байх шиг байна. Ер нь 2025 оны гол сорилтууд дээр онцлоод аваад үзвэл хамгийн тэргүүнд тавигдаж байгаа нь юуг гэж нэрлэх вэ?

Төлбөрийн тэнцлээс аваад үзвэл, 2023 оны төлбөрийн тэнцэл маш ашигтай гарсан, 2024 оны төлбөрийн тэнцэл ерөнхийдөө 2023 оных шиг ашигтай гарч чадахгүй ч алдагдалтай гарахгүй. Бидний өнөөдрийн тооцоо бол 150 сая орчим ам.долларын ашигтай гарахаар байна. Төлбөрийн тэнцэл ашигтай байна гэхээр манай гадаад валютын ханш дээр ямар нэгэн дарамтгүй байна гэсэн үг. Дарамтгүй байна гэдэг нь ханш тогтвортой байх сайн нөлөөтэй, валютын нөөц энэ хэмжээгээр өсөж байгаа. 2025 он гараад юу болох вэ гэсэн асуудал бий. Тэгэхээр гадаад худалдааны эргэлт энэ онд түүхэн дээд хэмжээнд хүрч байна. Илүү тодорхой хэлбэл, 25 тэрбум ам.доллар руу гараад явж байна. Түүний 14 тэрбум ам.доллар нь манай экспорт, 11 тэрбум ам.доллар нь импорт байгаа юм. Өнөөдөр энэ хоёрын харьцааг харвал экспорт 6 хувийн өсөлттэй байна, импорт 26 хувиар өссөн байна. Тэгэхээр бидний хувьд импортоор маш их хэмжээний бараа, бүтээгдэхүүн авч байна, түүн дотроо хэрэглээ маш өндөр байна. 

Автомашин, хүнс, согтууруулах ундаа, тамхи зэрэг нь том дүнгээр нэмэгдээд явж байгаа. Согтууруулах ундаа, тамхины импорт 1 тэрбум ам.долларт хүрсэн. Өмнө нь энэ төрлийн импорт тэрбумаар яригдаж байгаагүй. Автомашины импорт л гэхэд 120 мянгад хүрсэн байна. Жилийн дундаж нь өмнөх жилүүдэд 50-60 мянгад л хүрдэг байсан нь хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Энэ бүгд гадаад худалдаанд дарамт үзүүлж байгаа. Гадаад худалдаан дээр байгаа дарамтыг экспорт илүү байгаа учраас нөхөөд явж байгаа. Гэтэл ирэх онд экспорт энэ хэмжээндээ өсөж чадах уу, энэ хэмжээгээ хадгалж чадах уу гэдэг асуудал байна. Төсөв дээр нүүрсний экспортыг 84 сая тонн гэж төсөөлж байсан бол түүндээ хүрч байна. Энэ оны эхэнд тонн нүүрсний үнэ 100-120 ам.доллар хооронд байсан бол одоо 70-80 ам.доллар руу орчихсон явж байна. 2025 онд үнэ буцаад өснө гэж төсөөлөх нь өөрөө өрөөсгөл болно. Өнөөдрийн 70-80 гэсэн түвшиндээ байх уу гэдэг нэг асуудал нь гарч ирж байна. Хоёр дахь түүхий эд бол зэс байгаа. Оюу толгой дараагийн найдвар болж гарч ирэх ёстой. Эрдэнэт, Оюу толгой ерөнхийдөө 3 тэрбум орчим ам.долларын экспортын орлого оруулдаг. 

Ирэх онд нэгдүгээрт, зэсийн бодит хэмжээ өснө, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт яваад экспортын хэмжээ нэмэгдэж байгаа учраас зэс дээр орлого нэмэгдэх байх. Зэсээс олох орлого өөрөө нүүрсний бууралтыг нөхөх болов уу гэсэн төсөөллүүдийг хийж байгаа. Яг амьдрал дээр юу болохыг одоогоор сайн хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр Монгол Улс аль болох түүхий эдээсээ биш, илүү солонгорсон маягаар бусад бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ хөгжүүлж байж, экспортын орлогоо нэмэгдүүлэх ёстой.

Ярилцсанд баярлалаа.  

Эх сурвалж: BloombergTVMongolia

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)