Иргэдийг бухимдуулсан ЭРҮҮЛ БУС шийдвэрүүд

Битүүмж

“Уучлаарай. Та өөр эмнэлэгт үзүүлж байгаа юм байна. Даатгалын битүүмж үүссэн учраас та манай эмнэлэгт төлбөргүй үйлчлүүлэх боломжгүй” гэх хариултыг эмнэлгээр үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийн ихэнх нь сонсож байгаа гэхэд хилсдэхгүй. Нэг эмнэлгээр үйлчлүүлж байгаа бол дахин өөр эмнэлгээс даатгалаараа үйлчилгээ авах боломжийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн даатгалын битүүмжээр хязгаарладаг болсон. Энэ нь иргэдэд цаг хугацааны болон мөнгө санхүүгийн хүндрэл үүсгэж байна. Тухайлбал, бүх өвчтөнийхөө оношилгоо шинжилгээ, эмчилгээ үйлчилгээг дангаараа богино хугацаанд хийх хүчин чадалтай эмнэлгүүд манай улсад ховор. Дүүргийн эмнэлгийн мэдрэлийн тасагт үзүүлэхэд л MRI хийлгэх зайлшгүй шаардлага үүснэ. Харин дүүргийн эмнэлэгт МRI шинжилгээ тэр бүр хийдэггүй. Хийдэг байлаа ч маш их дараалалтай. Тиймээс яаралтай болон удаан хугацаанд хүлээж чадахгүй, эмнэлгээр явах цаг хугацаа хомс хүмүүс өөр эмнэлэгт шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлага үүснэ. Гэтэл эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд тухайн өвчтөнд хөнгөлөлттэй үйлчлэх ямар ч боломжгүй болсон. Ингээд иргэд төлбөртэй шинжилгээ өгөхөөс аргагүйд хүрч байгаа юм. Уг нь эрүүл мэндийн даатгалаа цаг тухайд нь төлж байгаа ч тусламж үйлчилгээг бүрэн авч чадахгүй байгаа нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлж буй.

Ээжийгээ Хавдар судлалын үндэсний төвд үзүүлэхдээ хэвлийн тодосгогчтой MRI авахуулах шаардлагатай болсон. Хавдар судлалын үндэсний төвд дараалал ихтэй учраас хувийн лабораторид авахуулъя гээд очтол “Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжгүй юм байна. Даатгалаас хөнгөлүүлэхгүй бол одоо шинжилгээндээ хамрагдах боломжтой” гэсэн. Уг нь ээж минь насаараа төрд ажиллаж, түмний хүүхдүүдэд мэдлэг боловсрол олгосон хүн. Гэтэл ядаж л эрүүл мэндийн үйлчилгээгээ даатгалаараа хийлгэж болохгүй байна шүү дээ. Өмнө нь шинжилгээ үйлчилгээгээ хийлгээд хүндрэл чирэгдэлгүй л байсан. Цаг хугацаагаа ч бодсон иргэдийг хохироосон ийм шийдвэр яагаад гаргадаг юм бэ. Энэ эрүүл мэндийн даатгалын битүүмжийн асуудлыг өөрчилмөөр байна.
Иргэн Б.Цэндмаа

Зөвхөн өөр эмнэлгийн үйлчилгээ ч гэлтгүй зарим эмнэлэг дотроо өөр төрлийн эмчилгээ давхар хийлгэж болохгүй гэсэн мэдээллийг өвчтөнүүддээ өгчээ. Гэтэл ийм утгатай журам гараагүй бөгөөд ихэнх эмнэлгүүд дотроо давхар эмчилгээ үйлчилгээнд хамрагдах боломжтойг хэлж байна. Тухайлбал, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвд эхлээд үзүүлсэн эмчээрээ өөр мэргэжлийн эмчид үзүүлэх цаг бичүүлж үйлчлүүлэх боломжтой гэв. Ийнхүү эрүүл мэндийн байгууллагууд хэрэгжүүлж буй зохицуулалтын талаар нэгдсэн мэдээлэл, ойлголтгүй байгаа нь иргэдэд чирэгдэл учруулж байгаа нэг шалтгаан болж байна.

Иргэн А.Мөнхтуяа 

"Би мэдрэлийн саажилт оноштойгоор дүүргийн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон. Үзлэгийн явцад хамрын салстаа эмчлүүлэх шаардлагатай болсон юм. Гэтэл даатгалын битүүмж үүссэн учраас зэрэг эмчлүүлэх боломжгүй гэсэн. Тиймээс би цаг хугацаагаа бодоод хамрын эмчилгээгээ хувийн эмнэлэгт төлбөртэй хийлгэсэн."

Иргэн Ж.Хандмаа

Орон нутгаас хотод ирээд эмнэлэгт үзүүлэх гэтэл он гараад эрүүл мэндийн даатгалын төлбөрөө төлөөгүй байна гээд буцаасан. Тэгээд төлбөрөө төлөх гэтэл И-баримт апп-аар төлөх боломжтой гэсэн юм. Гэтэл хөдөө мал дээр байдаг хүнд И-баримт нээж, бүртгүүлэх шаардлага байхгүй шүү дээ. Банк нь дээр очиж даатгалаа төлөх боломж бий ч гурван хоногийн дараа төлбөр нь баталгааждаг аж. Хөдөөнөөс ирсэн хүн төлбөр баталгаажтал гурван хоног хаана хоног төөрүүлэх вэ. Ийнхүү хэн хэндээ төвөг, чирэгдэл учруулсан асуудлууд манай эрүүл мэндийн салбарт маш их байна.

ЭМДЕГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгор

"Нэг иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бол өөр эмчилгээ үйлчилгээ авах боломжгүй гэсэн үг биш. Давхардуулж авах боломжтой, боломжгүй тусламж үйлчилгээ гэж бий. Эрүүл мэндийн байгууллагууд тусламж үйлчилгээнийхээ төрлийг буруу сонгоод байгаа юм."

Хяналтыг сайжруулъя

Уг нь битүүмжийг хэрэгжүүлснээр эрүүл мэндийн сангаас гүйцэтгэлээр даатгалын санхүүждэг эмнэлгүүдийн санхүүжилтийг хянах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт цаг авсан өвчтөн кабинетаар үзүүлээгүй байхад үйлчилгээ авсан мэтээр нэхэмжлэл үүсгэж Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авах зөрчил их гардаг байна. Харин даатгалын битүүмж үүсгэснээр энэ зөрчлийг арилгах боломжтой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зөв зарцуулах, алдагдлыг багасгахын тулд энэ мэт аргыг ашиглаж байгаа гэж ойлгож болно. Гэтэл ЭМДЕГ ын удирдлагууд нь эмнэлгүүдээс авлига авч гүйцэтгэлээс нь давсан санхүүжилт олгосон гэх хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Тэгэхээр асуудал зөвхөн анхан шатандаа бус бүх шатанд байгааг илтгэж байна. Тиймээс иргэдийг түрэмгийлсэн даатгалын битүүмж зэрэг зохицуулалтыг уян хатан болгож, санхүүжилтийг өөр зарчмаар хянаж, сангийн удирдлагуудыг хариуцлагажуулмаар байна.

Түүнчлэн битүүмжийн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар салбарынханд нэгдсэн ойлголт мэдээлэл түгээгээгүй, иргэдэд ямар хүндрэл бэрхшээл тулгарахыг тооцоолоогүй нь өнөөгийн нөхцөл байдлын нэг шалтгаан болсон гэхэд болно. Хэчнээн ач холбогдолтой шийдвэр гаргалаа ч хэрэгжүүлэх явц, гүйцэтгэл муу, бодит нөхцөл байдалд тохиромжгүй байгаагийн горыг иргэд амсаж байна. Зөвхөн битүүмж ч бус эрүүл мэндийн салбарт ач холбогдолтой хэдий ч ард иргэдэд хүндрэл чирэгдэл учруулсан түүхий шийдвэрүүд олон буй. Хэдэн жишээ дурдъя.

Жорын эрэлд

Эрүүл мэндийн салбарын гэнэтийн шийдвэрүүд олон иргэнийг хөлдөө чирсээр байна. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд ихэнх эмийг жороор олгодог болсон явдал. Бүр үрэвсэл намдаах тосыг хүтэл жороор олгож эхэлсэн. Өмнө нь “Ийм тийм шийдвэр, хууль дүрэм журам гаргалаа. Үйлчилгээ ингэж өөрчлөгдөнө” хэмээн мэдээлээгүй, нэг л өглөө хэрэгжүүлсэн нь эмийн санч, иргэдийн дунд төөрөгдөл үүсгэж, одоо ч учир зүй нь бүрэн олдоогүй байна. 

Жор бичүүлэх гэсэн иргэд өрхийн эмнэлгүүдээр дүүрч, эмч, эмнэлгийн тамгатай жорын цаас үнэд хүрэх шинжтэй.

Тиймээс энэхүү шийдвэр нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, арга буюу зарим эмийг жороор олгох эмийн жагсаалтаас хасаж байна.

Асуудал дагуулсан 13А

Цахимд шилжсэнээ гайхсан эрүүл мэндийн салбарынхан ихэнх эмчилгээ үйлчилгээнд цахимаар 13А маягт шаардаж, иргэдэд ихээхэн хүндрэл чирэгдэл учруулсан. Сарын өмнө авсан цагийнхаа дагуу эмнэлэгт очиход 13А маягт авч ирэхийг шаардаж, өвчтөнүүдийг буцааж байв. Улмаар анхан шатны эмнэлгүүд ханиад шуухнаа ихтэй хүүхдүүд, ахмад настнуудын хажуугаар 13А маягт авах өвчтөнүүдээр дүүрч байлаа. Иргэд үүнийг нь эсэргүүцсний эцэст 13А маягтын тушаалыг хэрэгжүүлж эхэлснээс төд удалгүй цуцалсан юм.

10 минутын үзлэг

Нэг өвчтөнийг үзэх эмчийн үзлэгийн цагийг 10 минутаар тогтоож, цахимаар хязгаарлаж байгаа. Нэг өвчтөнийг эмч үзэж оношлохдоо шинжилгээ хийлгэх бичиг, цаг бичиж өгдөг. Гэтэл эхний үзлэгээр өвчтөний ерөнхий байдлыг үнэлж, шинжилгээ хийлгэх бичиг хийж өгөхөд гурав, дөрөвхөн минутын ажил болно. Харин цахимд тухайн өвчтөнийг үзэх хугацааг 10 минутаар тогтоож, дараагийн өвчтөний мэдээллийг цахимд оруулах боломжгүй болгож байлаа. Эмчийн өрөөний гадна нь дугаарлаж, уурлаж, уцаарласан өвчтөнүүд, дотор нь үзлэгийн цагийг дуусахыг харж суугаа эмч хоёрын хооронд зөрчил үүсгэж байв. Мөн л иргэд, эрүүл мэндийн байгууллагынхны хүсэлтийн дагуу уг зохицуулалтыг арай уян хатан болгож, өвчтөнүүдийн цахим хуудсыг зэрэг нээдэг болгожээ. Гэсэн ч нэг өвчтөн үзэх хугацаандаа өмнө нь үзүүлсэн хүний 10 минут дуусахад баталгаажуулж хадгалж байгаа нь эмнэлгийн ажилтнуудад түвэгтэй байдал үүсгэдэг байна.

Энэ мэтчилэн эрүүл мэндийн байгууллагадаа ч иргэддээ ч хүндрэлтэй шийдэл, зохицуулалтыг төвөггүй байдлаар шийдмээр байна. Битүүмж, жор, 10 минутын үзлэг зэрэг хагас дутуу хэрэгжсэн хатуу шийдвэрийн үр дүнд иргэд цаг хугацаа, мөнгө санхүүгээрээ хохирч байна. Цаашдаа аливаа шийдвэр, зохицуулалтыг гэнэт гаргаж хэрэгжүүлэх бус судалгаа нотолгоонд суурилж, гарах үр дагаврыг сайн тооцдог болох нэн шаардлага байна.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Бат (202.9.46.11)

    2025-01-14

    Ард түмэн минь парламентаа 2 тахимтай эсвэл хүчтэй ёрөнхийлөгчийн засаглалтай болохгүй бол төрөөс төрсөн тэр бумтаны цуваа тасрахгүйнээ ард түмэн минь ухаарч шаардаач