Агаарын бохирдлыг буруулах чиглэлээр ЗУРГААН ТӨСӨЛ хэрэгжүүлнэ
- 3 цаг 41 мин
- Улс төр
- 0
Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын Шуурхай штаб байгуулагдсан билээ. Шуурхай штабын II хуралдаанаар ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар хэлэлцлээ.
Улаанбаатар хотод түгжрэл бууруулах чиглэлээр ес, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр зургаа, бусад чиглэлд найман томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тодруулбал, түгжрэл бууруулах чиглэлээр метро, трамвай, шинэ тойрог зам, туулын хурдны зам, тусгай замын автобус, олон түвшний уулзварууд, дүүжин замын тээвэр, хөшигийн хөндийн салбар төмөр зам зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ.
Харин агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ТЭЦ-5 дулааны цахилгаан станц, дулааны тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл, "Сэлбэ хот" орон сууцжуулах төсөл, "Баянхошуу хот" орон сууцжуулах төсөл, "Ханын материал" орон сууцжуулах төсөл, хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар Хотын дарга Х.Нямбаатар Ерөнхий сайд болон бусад албаныханд танилцуулсан юм. Ерөнхий сайд эдгээр төслүүдийг эрэмбэлэх нь чухлыг онцлоод холбогдох албаныханд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэж явахыг даалгалаа.
Үүнд, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөлтөөр газар чөлөөлөлтөд ашиглах зорилгоор Хөгжлийн банкнаас чанаргүй зээлийн өр төлбөртөө хураан авсан “Шинэ Яармаг” цогцолбор хороолол төслийн ашиглалтад орсон 30 орон сууц, дуусаагүй 7 блок 540 айлын орон сууцны барилгыг тодорхой нөхцөлөөр нийслэлийн өмчлөлд шилжүүлэх шийдвэрийн төслийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрт үүрэг болгов. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орон сууцны хорооллын 2025 онд санхүүжүүлэх эх үүсвэрийг батлагдсан ажлын төлөвлөгөөтэй уялдуулахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.
Нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад барилгын ажлын үе шатны зөвшөөрлүүдийг нэг удаа нөхөн олгох асуудлыг судалж, шийдвэрлүүлэх саналаа ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах, нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулах зөвшөөрөл олгох Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар шийдвэрлүүлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.
Сэтгэгдэл (0)