Д.Баярхүү: Хүйтэн дайн ба Монголын уран
- 14 цаг 57 мин
- Нийтлэл
- 0
- “Хүйтэн дайн”-ы үеийн хронологоор хошуу нэмэрлэв, өгүүлбэр бүрийн ард эх сурвалж бичсэн тул сонирхвол цааш дэлгэрүүлж үзнэ үү гэсэн тодотголтой ийм нэгэн түүхэн өгүүлэл номын садан залуу судлаач нэгэн найз маань бичиж ирүүлснийг редакторлон толилуулъя.
- “Уран” биш, уг нь аман ярианы дуудлагаар “Ураан” гэж бичих нь зөв байх. Гэвч олон улсын жишиг, оросоор “ура́н”, ура́ний , англиар “URANIUM” тул “УРАН” гээд авчихлаа. Монголчууд ч ойлгодог болсон. Уран буюу III ангиллын химийн тэр элементийг Социалист Монголоос “ах нар” маань хэрхэн, яах гэж, ямар хэмжээгээр олборлосон түүхийг дор өгүүлэв.
- Социалист Монгол маань “ах нар”-ынхаа буянаар атомын эрчим хүчтэй болчих боломж гарсан юм биш байгаа гэсэн таамаг дэвшүүлэв. Судлаачид, эрэл хайгуул хийгчдэд зориулсан ТААМАГ.
- Монголчууд бид Францтай хамтран ажиллахад эмзэглээд харин Зөвлөлт Холбоот Улс өөрийн газар нутаг шигээ үзэж монголчуудаас ямар ч зөвшөөрөлгүй нууцаар ашиглаж, үнээ тулгаж болоод байсан байхад таг чиг байсны учрыг нь логикийн хувьд тайлбарлах эрх нь уншигчдад үлдлээ!
Редактор Д.Баярхүү
Зөвлөлт Холбоот Улс ураны нөөцөөр гачигдаж байсан тул 1970-аад он хүртэл цөмийн зэвсгийн өрсөлдөөнд АНУ-ыг гүйцэж чадахгүй байжээ (Robynne Mellor. Soviet Uranium Boosters. Physics Today, Volume 74, July 2021). 1970 оны байдлаар цөмийн зэвсгийн нөөцийг харьцуулбал АНУ 26.008; Зөвлөлт 11.643 ширхэг цөмийн зэвсэгтэй (цөмийн цэнэгт хошуу, бөмбөг) байсан (Norris Robert, Hans M. Kristensen. Global nuclear weapons inventories, 1945–2010. Bulletin of the Atomic Scientists, July 1, 2010).
Зөвлөлтийн хувьд ураны бараг бүх орд нь Ферганы хөндий буюу Зөвлөлт Дундад Азийн Казахстан, Киргиз, Тажик, Узбекийн нутаг дэвсгэрт оршдог ч эдгээр ордын уран нь бага агуулгатай, тархай хүдэр агуулагдаж байсан бөгөөд олборлох, Урал, Сибирь дэх үйлдвэрт зөөвөрлөхөд өндөр зардал шаардагдаж байв (Robynne Mellor. Soviet Uranium Boosters. Physics Today, Volume 74, July 2021).
1959 оны байдлаар дэлхийн ураны нийт үйлдвэрлэл 34 мянган тонн байсан бөгөөд Хойд Америк ганцаараа 20 мянган тонныг хангаж, Өмнөд Африк, Канад үлдсэн хувийг нийлүүлж байжээ. Энэ нь АНУ-ыг цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээр тэргүүлэх суурь нөхцөл болжээ (M.V.Hansen. World Uranium Resources. IAEA Bulletin, Volume 23, 1981).
Сталин 1942 оноос цөмийн зэвсгийн төсөл эхлүүлсэн ч ураны эх үүсвэр хомс тул төсөл удааширчээ. Харин 1945 онд Дэлхийн II дайны дараа Зөвлөлтийн нөлөөний бүсэд орсон Зүүн Герман, Чехословак болон Зүүн Европын орнуудаас уран татсан нь цөмийн зэвсгийн төслийг хурдасгаж, 1949 оны Зөвлөлт улс цөмийн зэвсэгтэй болсон ажээ. (Riehl, Nikolaus and Frederick Seitz. Stalin's Captive: Nikolaus Riehl and the Soviet Race for the Bomb, 77-79, 1996).
Гэвч ураны нөөц “Хүйтэн дайн”-ы сөргөлдөөний голомт болсон Зүүн Европын орнуудад хадгалагдаж байсны зэрэгцээ 1950-иад оноос Зөвлөлтийн эсрэг тэмцэл хөдөлгөөнүүд (1953 оны БНАГУ-ын, 1956 оны Унгарын, Польшид удаа дараа, 1968 оны Чехословакийн гэх мэт) эхэлснээр Зөвлөлтийн ураны эмзэг хараат байдал ноцтой хүндэрч, өөр найдвартай бүс нутагт ураны эх үүсвэртэй болох стратегийн шаардлага урган гарчээ (Z.Zeman, R.Karlsch. Uranium Matters: Central European Uranium in International Politics, 1900–1960, Central European U.Press, 2008).
Зөвлөлт Холбоот Улсын Геологийн яам цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын ажлыг хариуцаж, Дунд машин үйлдвэрлэлийн яам нь цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг бүхэлд нь удирдаж байсан бөгөөд цөмийн зэвсгийн судалгаа, үйлдвэрлэлд зориулсан, газрын зурагт тэмдэглэдэггүй хаалттай тусгай хотуудыг Урал, Сибирийн гүнд байгуулжээ (Information Report, PDF. CIA.gov. 8 April 1953).
1963 онд Сибирийн Өвөр Байгалийн хязгаарт ураны томхон орд илрүүлэх хүртэл зөвлөлтүүд дотооддоо ураны найдвартай эх үүсвэргүй байсан (Robynne Mellor. Soviet Uranium Boosters. Physics Today, Volume 74, July 2021). Өвөр Байгалийн тус орд нээгдэхээс өмнө 1960 оны байдлаар АНУ нь 18.638 цөмийн цэнэгт хошуутай байсан бол Зөвлөлтийнх ердөө 1605 байжээ (Annie Jacobsen. America’s Nuclear War Plan in the 1960s was Utter Madness. It Still Is, March 27, 2024).
1968 онд энэхүү ордод түшиглэж, Приаргунскийн уран боловсруулах үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулснаар Зөвлөлт нь зөвхөн энэхүү ураны эх үүсвэрээр 1970-аад оны сүүл үе гэхэд цөмийн зэвсгийн өрсөлдөөнд Америкийг гүйцэж эхэлжээ. Тийнхүү Приаргунскийн үйлдвэр байрладаг Краснокаменск Зөвлөлтийн “Ураны нийслэл” гэгдэх болсон аж (Robynne Mellor. Soviet Uranium Boosters. Physics Today, Volume 74, July 2021).
Өвөр Байгалийн хязгаарт ураны орд нээсэн Зөвлөлтийн геологийн экспедиц Приаргунскийн үйлдвэрийн түүхий эдийн найдвартай нөөцийг нэмэхийн тулд тасралтгүй эрэл хайгуул хийж байв. Тэд 1968 онд “БНМАУ-ын зүүн хязгаар дахь ураны агууламжийн хэтийн төлөвийн тухай” санал боловсруулан Геологийн яам, Дунд машин үйлдвэрлэлийн яамандаа танилцуулахдаа Өвөр Байгалийн ураны ордын тархацын судалгааг хил залгаа ах дүү Монголын зүүн аймгуудад хийх замаар дахин ураны томхон орд илрүүлэх боломжтой байна гэдэг санал дэвшүүлснийг Зөвлөлтийн эрх бүхий байгууллага нь дэмжжээ (Работа в Монголии как часть моей геологической жизни, |Монголия Сейчас, 2022).
1970 оноос судалгаагаа эхлүүлж, Дундговь аймагт ураны орд илрүүлсэн ч Зөвлөлтийн Дунд машин үйлдвэрлэлийн яамнаас татгалзаж, “Говь цөлд, хол зайтай оршдог, гол мөрөн байхгүй, дэд бүтэц хөгжөөгүй тул Зөвлөлтийн хилтэй ойр газар орд хайж олох”-ыг даалгажээ (Дээр дурдсан эшлэл).
Монголын нутагт цөмийн зэвсгийн түүхий эдийн хайгуул шинжилгээ өргөн хүрээтэй хийгдэж байгааг тэр үедээ Монголд мэдэж байсан хүн нь ганцхан Ю.Цэдэнбал байжээ. Гэхдээ нэлээд хожуухан мэджээ.
Зөвлөлтийн геологичид Монголын Дорнод, Зүүн өмнөд, Өмнөд ба Төвийн нутагт өрөмдлөг, хайгуулын нөр их ажил хийсний үр дүнд уран агуулагч 4 газрыг тодорхойлж, Монгол-Приаргун, Говь-Тамсаг, Хэнтий-Дагуур зэрэг ураны тархац, ойролцоогоор 100 илэрц, 1400 эрдэс, цацраг идэвхт аномалууд байгааг тогтооход тэр үеийн ханшаар 200 сая ам.доллар зарцуулжээ (Дээр дурдсан эшлэл). Зөвлөлт нөхөд 1974 онд Дорнод аймгийн Гурванбулаг орд, 1977 онд Мардайн голын ордыг нээсэн нь нийт 26 мянга орчим тонн нөөцтэй байсан бол өмнөхөн илрүүлсэн Дорнод орд нь 56.800 тонн нөөцтэй гэж тогтоогдсон байна (Дээр дурдсан эшлэл).
Дорнод аймагт ураны ордууд нээгдмэгц Кремлиэс Монголд онцгой ач холбогдол өгч эхлэв. Приаргунскийн уран боловсруулах үйлдвэрээс ердөө 200 км зайтай Мардайн ордыг шуурхай ашиглалтад оруулах нөхцөл байдлыг судлахаар 1978 онд Дунд машин үйлдвэрлэлийн яамны сайд Е.П.Славский өөрөө биечлэн Монголд иржээ (Леонид Шинкарев. Цэдэнбал, Филатова хоёр: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл, 2004).
Сайд Е.П.Славский бол 1946 оноос Цөмийн зэвсэг бүтээх төсөл хариуцсан Нэгдүгээр удирдах газрын орлогч дарга, 1957 оноос Дунд машин үйлдвэрлэлийн яамны сайдаар ажиллаж, 1986 онд 89 настайдаа тэтгэвэрт гарах хүртлээ Зөвлөлтийн цөмийн аж үйлдвэрийг удирдсан алдарт хүн юм (Ефим Великий: 125 лет со дня рождения Е.П.Славского, nrcki.ru).
Е.П.Славский нь Монголын удирдагчидтай уулзах үедээ олон зүйлийн талаар илэн далангуй ярилцахад түүнийг дагаж ирсэн КГБ-гийн ажилтнууд хориглохыг оролдсон ба тэгэхэд Е.П.Славский “Бидний нууцлах гэж оролдоод байгаа нууц нь бид ураны эх үүсвэргүй гэдэг гашуун үнэн” гэж мушийсан гэдэг (Леонид Шинкарев. Цэдэнбал, Филатова хоёр: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл, 2004).
Е.П.Славскийн айлчлалын дараа Зөвлөлт Засгийн газар Монголын Дорнод аймгийн ураны ордыг ашиглах Засгийн газар хоорондын нууц хэлэлцээг эхлүүлж, хоёр талаас Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга И.В.Архипов, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Т.Рагчаа нар төлөөлөн ахалжээ (Т.Рагчаатай ярилцсан тэмдэглэл). Т.Рагчаагийн дурссанаар “Цэдэнбал хэлэлцээг удаашруулалгүй хурдасгахыг байн байн надад сануулж, шахаж, түргэн гарын үсэг зурчих гээд байсан” (Т.Рагчаатай ярилцсан тэмдэглэл).
Хэлэлцээнд оролцсон Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улсын төлөвлөгөөний комиссын дарга Д.Содном “Монгол Улсын ашиг сонирхолыг монголчууд бид нар л хамгаална, 2021” бүтээлдээ дурсахдаа:–Дорнод аймаг дахь Мардайн ураны ордыг ашиглах ажил 1982 оны үед өрнөж байлаа. Ордод хайгуулын ажил хийгдэж ашиглаж эхлэх нөөц тогтоогдсон, уурхайчдын тосгон баригдсан, салаа төмөр зам тавигдсан, уурхайг ашиглалтад оруулахад бэлэн болж байсан бөгөөд олборлосон ураны борлуулалтын үнэ нөхцлийг тохирох тухай албан ёсны хэлэлцээрийн эхийг бэлтгэж байлаа. Зөвлөлтөөс Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Архипов гэдэг хүн ахалсан олон хүнтэй төлөөлөгчид ирлээ. Тусгай онгоцоор Мардайд очиж танилцлаа. Бидний хэдэн эдийн засагчдын хамгийн гол зорилго ураны үнийг ахиухан тогтоох явдал байлаа. Үнэндээ бидэнд ураны хүдрийг олборлоод ямар нэгжид хүртэл боловсруулж борлуулдаг, кг, тонноор яаж хэмждэг, дэлхийн зах зээлд ямар үнэ ханштай байдаг талаар мэдээлэл маш хомс байлаа. Зөвлөлтийн төлөөлөгчид нэг килограмм ураны (закись, окись) исэлдлийг 4 шилжих рүблиээр тогтооно гэсэн саналтай ирлээ. Тэр үед 1 шилжих рублийг 1 ам.доллартай тэнцүү гэж үздэг байв. Би янз бүрийн материал эрж байгаад Олон улсын атомын энергийн агентлагийн шугамаар гарсан жижиг ном олж, Африкийн нэгэн улс ураны “закись окись”-ын 1 килограммыг 12 ам.доллараар борлуулдаг гэж бичсэн байхыг үзсэн юм. Мардай руу нисэж байхдаа ЗСБНХУ-ын Элчин сайдын яаманд олон жил ажиллаж, сайн танил болоод байсан М.Макареев гэдэг хүн төлөөлөгчдийн бүрэлдүүнд ирсэн байсантай онгоцонд хамт сууж ярилцаж байхдаа нөгөө номоо үзүүлж 4 доллар ба 12 долларын хоорондын зөрүү их байна гэж хэллээ. Тэр нөхөр маань ЗХУКН-ын Төв Хороонд ажиллаж байсан болохоор тус болж магад гэж бодсон хэрэг. Улаанбаатарт буцаж ирсэний маргааш ЗСБНХУ-ын Элчин сайдын яаманд болсон хүлээн авалтад очтол Архипов дарга “Монголын эдийн засагчид уран, түүний зах зээлийн үнийн талаар ямар ч мэдлэггүй байна” гэж зэмлэсэн урт үг хэллээ. Манай талаас нэг ч хүн үг дуугарсангүй. Хэлэлцээг манай талаас Рагчаа дарга ахалж байсан, би Улсын төлөвлөгөөний комиссын дарга байсан юм. Маргааш өглөө нь Ж.Батмөнх дарга намайг дуудаад “Элчин сайд Смирнов ирж уулзлаа. Нөгөө юмны (ураны) үнийг 4 доллар байсныг 5 доллар болгоё гэж байна, Зөвшөөрөхөөс дөө” гэж билээ. Ийм маягаар үнийн хэлэлцээ явагдах тохиолдол гардаг байсан. Бүх хөрөнгө оруулалтын зардлыг Зөвлөлтийн тал гаргаж, бид зөвхөн ашиглалтын зөвшөөрөл өгсөн болохоор хямд үнийн саналыг зөвшөөрөхөд хүрсэн гэж өөрсдийгөө зөвтгөж болох талтай гэжээ.
1978 оны эхээр дэлхийн зах зээлд 1 кг ураны борлуулах үнэ 115 ам.доллар байсан боловч тэр жилийн 3 дугаар сард АНУ-ын Пенсилвань дахь “Three mile” арлын цөмийн реакторт осол гарч, цацраг идэвхт хий алдагдсаны улмаас ураны үнэ огцом буурч, 1978 оны дунд үед 1 кг нь 70 ам.доллар болсон юм (M.V.Hansen. World Uranium Resources. IAEA Bulletin, Volume 23, 1981). Гэтэл Зөвлөлтийн Засгийн газрын удирдамжаар И.В.Архиповын ахалсан хэлэлцээрээр Монголоос 1 кг ураныг 5 ам.доллараар авахаар тохиролцсон түүх энэ байна. Уран 1960-аад онд дэлхийн зах зээлд 0.45 кг нь 5 ам.доллар байсан юм билээ (M.V.Hansen. World Uranium Resources. IAEA Bulletin, Volume 23, 1981).
Зөвлөлт нөхөд 1960-аад дундаж ханшийг баримжаалж 1980-аад онд үнээ тулгасан түүх энэ бөлгөө. Засгийн газрын тэргүүн Ж.Батмөнх нь “Зөвшөөрөхөөс дөө” гэснийг бодохул шууд тулгалтад орсон бололтой.
1981 онд “БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр ураны орд газрыг ашиглах тухай нууц хэлэлцээр” байгуулагдсаны дараа Приаргунскийн уран боловсруулах үйлдвэрийн дэд үйлдвэр болгож, Мардайд бүх дэд бүтцийн хамт “Эрдэс” гэдэг 10 мянган оршин суугч амьдрах хаалттай суурин, уран олборлох үйлдвэр байгуулжээ. Чита-Чойбалсангийн төмөр зам руу шинэ барьсан 130 гаруй км төмөр замаар Мардайгаас өдөр болгон хүдэр ачсан галт тэрэгний цуваа, өндөржүүлсэн хамгаалалттайгаар Приаргунск үйлдвэрт очно. Мардайд галт тэрэгний ачих, буулгах гурван станц байгуулжээ. Энэ хаалттай суурин Зөвлөлтөөс эрчим хүчээ авдаг, цахилгаан тасалдах үед хэрэглэх нөөцийн дизель станцтай байв. Мардайг хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах нөөц тэр орчимдоо олдоогүй тул нэлээд эрэл хайгуул хийсний үр дүнд баруун хойд зүгт 22 км-т орших Сэвсүүлийн голын эхээс гүний эх үүсвэр илрүүлж, тэндээс 60-80 см-ийн диаметртэй хос турбогоор ус татах болжээ. 1981-1988 онд Дорнод аймгийн Дорнод, Гурванбулаг, Мардайн ордуудад нийтдээ 127.3 сая рубль зарцуулсан байна (Ц.Ганжуурдалай. Мардайн хроник).
Монголын уранд нөлөөлсөн, цаашид нөлөөлж болзошгүй онцлог мөчлөгүүд:
- Чернобылын ослын дараа 1980-аад оны сүүл үеэс 2001 он хүртэл ураны зах зээл унаж, ураны үнэ 1 кг нь ердөө 17-30 ам.долларын хооронд хэлбэлзсэн (Uranium mining in 1999: Hard times continuing, Nuclear Monitor Issue, December 10, 1999).
- 2001-2007 онд ураны зах зээл сэргэж, ялангуяа 2006 онд дэлхийн хамгийн том ураны орд болох Канадын Цигар нуурын орд үерт автаж ураны хомсдол үүссэнээр 1 кг ураны үнэ 300 ам.доллар хүртэл өсчээ (What's behind the red-hot uranium boom, CNN Money, April 19 2007).
- 2011 онд Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослоос болж ураны үнэ 2007 онд 136 ам.доллар байснаа ослын дараа 50 ам.доллар хүртэл унаснаар дэлхийн ураны зах зээл уналтад орсон (Nickel, Rod. Uranium producer Cameco scraps production target, Reuters, 7 February 2014).
- Дэлхийн зах зээлд ураны эрэлт сүүлийн 10 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрч, 2035 он хүртэл жилд 2.9 хувиар өсөхөөр байна. 2030 он гэхэд дэлхий даяар цөмийн реакторуудад шаардлагатай ураны хэмжээ 30 хувь нэмэгдэнэ. Эх сурвалж: mining.com/uranium-spot-prices/
Эцэст нь нөхөрсгөөр, илэн далангүй ганцхан асуултад хариулт авъя. Мардайн ураны ашиглалтаас тэр үеийн монгол өрх гэр бүл, монгол хүн бүрт ямар нэгэн ашиг болохоор мөнгөн тусламж дэмжлэг, хуримтлал орж ирдэг байсан уу?
Төгсгөлд нь үнэн байх магадлалтай таамаг гэдэг утгаар 1974 оны нэгэн явдлыг таамаглан бичье. БНМАУ-ын ГЯЯ-ны сайдаар 1970-1976 онд ажилласан Л.Ринчин гуай нууцалсаар авч одсон нэгэн мэдээлэл. Тэрээр Зөвлөлтийн удирдагч Л.И.Брежневийн айлчлалын үеийн дурсамждаа “БНМАУ-ын Хүндэт иргэн” болгосныхоо хариуд Зөвлөлт Холбоот Улсаас маш том зүйл гуйж хүсэх гэж байтал Тэргүүн хатагтай А.И.Филатова хэт дураараа аашлан тэр том тусламжийг цуцлуулан Хуримын ордон бариулахаар болгосон хэмээн “Таван учраа” (УБ, Уриа,1996 он) хэмээн номд ярьж бичүүлсэн нь бий. Маш том зүйл гэдгээ Л.Ринчин гуай задлаагүй юм. Таамаглаваас атомын цахилгаан станц байх магадлалтай. Тэртэй тэргүй 1974 оны айлчлалын дүнд Улаанбаатар хотын III, IV хороолол, улс ардын аж ахуйн бусад олон байгууламж боссон нь үнэн. Тэдгээр нь “том зүйл” байсан байж таарна. Харин гуйх гэж байтал будлиулсан тэр “маш том зүйл” гэдгийг нь таая. Учир нь хоёр шалтгаантай. БНМАУ-ын Улс ардын аж ахуйг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө, хэтийн төлөвлөгөөнд “Атомын цахилгаан станц барьж ашиглалтад оруулна” гэх заалт явдаг байсан. Нөгөө нэг шалтгаан нь тэр үеийн Дорнод Европын ах дүү социалист орнууд Зөвлөлтийн тусламжаар атомын цахилгаан станц бариулж ашиглалтад оруулан эрчим хүчнийхээ асуудлыг шийдвэрлэж байсныг манай улс соргогоор олж хараад тэгж төлөвлөдөг байсан байх.
Л.Ринчин гуай ингэж бичжээ:–Л.И.Брежнев тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал дуусч онгоцны буудал дээр үдэж гаргах ёслол болж хүмүүс бие биетэйгээ гар барьж байх үед Брежнев гуай Филатоваг бусад нөхдөөс арав гаруй алхам холдуулж нэлээд уурласан байдалтай хуруугаараа Филатоваг зангаж хэдэн үг хэлэв. Үдэж гаргаж байсан хүмүүсийн хамгийн захад би зогсож байсан учир тэдний ярианаас “Амаа хамхиж, хошуугаа татав яв!” гэсэн хэдэн үг сонсов. Филатовагийн царай ч эрс өөр болж орхив. Энэ бол Брежневийн өгсөн анхны зэмлэл болов уу. Үүнийг надаас өөр хэн ч ажиглаагүй л дээ. Иймэрхүү зүйлийг би нэг бус удаа ажигласан боловч хэнд ч ярьдаггүй юм гэжээ. Хуримын ордон бариулах болоод баярлах бус бүр аашлуулаад чичлүүлээд үлдсэн нь бас нэгийг хэлэх мэт.
Монголын уран гэж гарчигласных атомын цахилгаан станцтай болох боломж байсан байж магадгүй гэсэн таамгаа дэвшүүлэв. Зөвхөн ТААМАГ! Энэ түүхийг судлан үзэх хэрэгтэй болов уу.
Д.Баярхүү, Ч.Сод
Сэтгэгдэл (0)