С.Мөнхчулуун: Дундговийг 2028 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр батлагдлаа
- 3 цаг 40 мин
- Орон нутаг
- 0
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа. Тэрбээр ажлаа хүлээж авсанаас хойш гурван сар болж байна. Намрын их ажлын үеэр ажлаа хүлээж авсан болохоор ёстой л нөгөө “Зуун задгай жаран хагарай” асуудлууд угтжээ. Зам, дулаан, цахилгаан, камержуулалт гээд хийж бүтээх, зохицуулах асуудал ихтэй ч эхнээс нь цэгцэлж явна. Халширч халгасан нь үгүй, “Ачаагаа үүрсээр” л. Шинэхэн Засаг дарга ажлаа шижигнүүлж, аймгаа аваад явах хүсэл эрмэлзлэл хэвээрээ л байна.
-Та ажлаа хүлээж аваад гурван сар болж байна. Аймагтайгаа нэлээн сайн танилцах шиг болсон. Хийж хэрэгжүүлэх, засаж залруулах ажлаа ч тодорхой болгочихсон байсан даа. Гэхдээ тэр болгон санаж төлөвлөснөөр болохгүй байх шиг байна даа?
-Харин тийм ээ. Энэ онд улсын төсөвт 48 тэрбум төгрөгийн их засварын хөрөнгө суусан. Гэхдээ Мандалговь-Даланзадгад чиглэлийн гэж суучихаад байгаа юм. Уг нь Дундговийн зам гэчихсэн бол болох байсан юм. Одоо тэгэхээр энэ онд Дундговь хүртэлх зам засагдахгүй үлдэх магадлалтай болчихоод байна. Улсын чанартай замыг орон нутаг засварлах эрх зүйн зохицуулалт байхгүй. Ажил авсныхаа маргаашаас хариуцсан компаниар нь Дундговь хүртэлх замыг жаахан нөхүүлсэн болсон. Нөгөө компани нь мөнгө байхгүй гээд юу ч хийхгүй байх санаатай юм билээ. Зам арчилгааны компанийг нь ЗТЯ-аас сонгон шалгаруулдаг. Манай аймаг төсвийн хувьд хүндрэлтэй. Нийт төсвийнхөө 40 гаруй хувийг улсаас татаас дэмжлэгээр авч санхүүждэг. Өөрөө төсвийн орлого бүрдүүлэх эх үүсвэр тааруу, хөрөнгө оруулалт, шинэ бүтээн байгуулалт хийх боломжгүй.
-“Зам дагаж хөгжил” гэж ярьдаг ч орчин цагт өөр олон зүйл хөгжлийг бүрдүүлнэ байх. Дараагийн нүүдэл тань юу байв?
-Энэ оны хувьд төсвийн орлого сайн байгаа, өмнөх онуудтай харьцуулахад өндөр байгаа гэж ярьж байгаа боловч энэ жилийн нийт хөрөнгө оруулалтын төсөв нь 20 гаруй тэрбум төгрөг байна. Бүтэн аймгийн хэмжээнд ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол чамлалттай дүн л дээ. Манай Дундговь аймаг Өрсөлдөх чадавхийн индексээрээ 21 аймгаас сүүл мушгиж байгаа үнэн ч энэ нь уул уурхай ашигладаггүй, боомтгүй зэрэгтэй нь холбоотой. Энэ сул талаа бид яаж нөхөх вэ, хаяа залгаж байгаа говийн бүсийн аймгуудынхаа хөгжилтэй хөлөө хэрхэн нийлүүлж, хөгжих вэ гэдгээ хамгийн түрүүнд харж, ярилцаж байгаад Дундговь аймгийг 2028 он хүртэл хөгжүүлэх “Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь” хөтөлбөр батлагдлаа.
-Дундговь аймгийн хувьд суурь асуудлуудыг нь шийдэж өгөөгүй учраас хөгжлийн индексээрээ доогуур байр эзэлдэг. Тэгэхээр үүнийг яаж шийдвэл зохистой вэ?
-Дундговь аймгийн төвийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудал нь төвлөрсөн дулаанд холбогдоогүй.
-Дундговь аймгийн хувьд суурь асуудлуудыг нь шийдэж өгөөгүй учраас хөгжлийн индексээрээ доогуур байр эзэлдэг. Тэгэхээр үүнийг яаж шийдвэл зохистой вэ?
-Дундговь аймгийн төвийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудал нь төвлөрсөн дулаанд холбогдоогүй. Төвлөрсөн дулаан хангамжид холбогдоно гээд Солонгосын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10 аймагт ДЦС барина гээд төсөл хэрэгжээд эхэлсэн. Гэвч төсөл нь гацаад зогсчихсон учраас манай аймагт одоогоор төвлөрсөн дулаан байхгүй. Үүнээс үүдээд үйлдвэржилт зогсож байна. Барилгажилт явах боломжгүй. Ийм хоорондоо уялдаатай асуудлууд байна. Айл өрхүүд цахилгаан халуугуураар дулаанаа шийдэж байна. Халуун усгүй. Зарим нь бойлуураар халуун усны хэрэглээгээ шийдэж байна. Ингээд ирэхээр эрчим хүчний хүчин чадал хүрэлцэхгүй тог тасардаг. Энэ мэтээр суурь асуудлуудаа шийдэх зайлшгүй шаардлагатай байгаа. Бид хэдийгээр ардчилсан орон ч гэлээ нэг л улс. Тийм учраас хэн их орлого олж байгаа нь тэрүүхэн тэндээ өөрийнхөө орлогыг төвлөрүүлээд, хөрөнгө оруулалт татаад байх биш нийтдээ жигд хөгжих ёстой болов уу.
-Бүсчилсэн хөгжлийн концепцыг хэрэгжүүлэхээр болсон нь үүнтэй холбоотой болов уу л гэж ойлгож байна?
-Говийн бүсийн хүрээнд Өмнөговь, Дорноговь аймаг өөрсдийгөө бүрэн санхүүжүүлээд, улсын төсөвт татаас өгөөд, цаана нь Өмнөговь аймаг гэхэд 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд явж байна. Гэтэл манай аймаг яг хажууд нь байгаа хэр нь 20 тэрбум төгрөгтэй болсондоо баярлаад сууж байдаг нь тэгш бус юм. Өмнөговь аймгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбар тэр чигээрээ манай Дорноговь, Дундговь хоёроор дайран өнгөрч хөгжилдөө хүрч байгаа. Тэнд явагдаж байгаа уул уурхайн сөрөг нөлөөлөл манай аймагт ч ирж л байгаа. Бэлчээрийн доройтол, цөлжилт гээд бүх асуудал харилцан уялдаатай. Тийм учраас бүсчилсэн хөгжлийн хүрээнд аймгуудаа ижил түвшинд хөгжүүлэх бодлогыг барих ёстой гэж харж байна. Манай аймагт хүн ам цөөн, уул уурхайгүй гэдэг байдлаар маш бага төсөв батлаад байдаг. Гэтэл яагаад хүн ам цөөн байна вэ. Энд хөгжилгүй болохоор хүн ам цөөн байна. Хөгжилгүй газраас хүн зугтдаг. Хөгжилтэй газар руу тэмүүлдэг. Ажлын байр хаана байна, тэнд хүн байна. Манай аймгийн иргэд Өмнөговь аймаг, Чойр, Улаанбаатар хотод очиж амьдарч байна. Яагаад гэвэл, энд ажлын байр хомс, авч байгаа цалин нь дэргэдэх газруудаасаа бага байна. Тэгэхээр энэ хүмүүс явахаас өөр аргагүй болдог.
-Засгийн газраас барьж буй бодлого нь төвлөрлийг сааруулж, хөдөө, орон нутгаа хөгжүүлэх биз дээ. Харин хөрсөн дээрээ буулгахдаа юуг анхаармаар байна вэ?
-Хүн ам нь цөөрч байгаа орон нутаг руугаа илүү хөрөнгө оруулалт, дэмжлэг өгөх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, хөдөөгийн сэргэлтийг Дундговь аймагт авчрахын тулд ажлын байр бий болгож, амьдрах нөхцөл тааруу байгаа газруудаа илүү дэмжиж, бусад аймагтай ижил түвшинд аваачих юм болбол наашаа ирэх урсгал нэмэгдэж, бизнес хөгжинө.
-Дундговь аймгийн хувьд эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ юу гэж харж байна вэ. Эдийн засгийнхаа тэргүүлэх чиглэлийг тодорхой болгож байж хөгжлөө ярина байх?
-Бүсчилсэн хөгжлийн хүрээнд хөгжлөө харж, тодорхойлж байгаа. Өмнөговь аймгийн хувьд уул уурхайгаа түшиглээд Монголдоо тэргүүлэх аймаг болж хөгжиж байна. Уул уурхайн тэргүүлэх салбарууд маань ч Өмнөговьд байна. Дорноговийн хувьд логистикийн гол сүлжээ болж байна, боомтоо түшиглээд Хятадын том зах зээлтэй харилцаж байгаа гол гүүр болж, хөгжиж байна. Говьсүмбэр бол Дорноговиос орж ирж байгаа логистикийн дэд бүтэц нь болоод байна шүү дээ. Тэнд уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн гаалийн агуулах байдаг. Манай Дундговь аймаг уул уурхайгаар өрсөлдөхгүй, боомт байхгүй. Бидэнд юу байна вэ гэвэл мал аж ахуй. Манай аймгийн махны чанар улсдаа тэргүүлдэг. Монгол даяараа л “Дундговийн мах чанар сайтай, сайхан амттай” гэж ярьдаг шүү дээ. Бүх аймгийнхан Дундговиос идшээ хийдэг. Дээрээс нь үнэхээр сайхан айрагтай. Тиймээс бид одоо яах вэ гэхээр мал аж ахуйгаа түшиглээд, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, мах боловсруулах үйлдвэр хөгжүүлэх бүрэн боломжтой. Аймгаасаа гадна Улаанбаатар, Өмнөговь, тэнд байгаа тэр олон уурхайнуудыг бид үйлдвэрийн стандартын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнээр хангаад явмаар байна. Махны үйлдвэрээ дагаад малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд байгуулах боломжтой. Гэвч энэ бүхэн түрүүнд дурдсанчлан ДЦС байхгүйгээс одоохондоо хөгжихөд хүндрэлтэй байна. Аливаа үйлдвэрлэлд дулаан, уур зайлшгүй шаардлагатай. Ийм нэг хоорондоо ялт ч үгүй харилцан уялдаатай асуудлуудтай нүүр тулчихаад байгаа юм. Цаашид дулааны эх үүсвэрээ зайлшгүй шийдэх болж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Солонгосын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа станцыг бид хараад, хүлээгээд суухгүй. Өөрсдөө ажиллах ёстой. Бусад эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүчээр дулаан гаргадаг болчихсон байна.Нарны эрчим хүчээр үүсгэвэртэй ДЦС-ууд байгуулагдаж байна. Салхины ДЦС-ууд байгуулаад эхэлчихсэн байна. Мөн газрын гүний дулаан ашиглаж болж байна шүү дээ. Манай аймгийн төвөөс хойхно Тэвшийн говийн уурхай байна. Хүрэн нүүрсний энэ орддоо түшиглээд томоохон ДЦС байгуулах боломж байна. Бид энэ бүгдийг харж судалж байна. Энэ хүрээндээ ч бид аймгийн төвийнхөө хэрээс хэтэрсэн хогийг боловсруулж, шатааж устгая, тэндээсээ дулаан гаргая гэх зэргээр зарим шийдлийг ярьж судалж байгаа.
-Хог дахин боловсруулах үйлдвэртэй боллоо гэхэд байгаль, орчинд сөргөөр нөлөөлөхгүй юу?
-Өнөөдөр технологийн эринд ямар ч хоргүй, утаа гаргахгүй зуухнуудтай болчихсон байна. Тэрнээсээ уур гаргадаг, тэрийгээ дагуулаад үйлдвэрлэл байгуулдаг болчихсон байгаа учраас бид эхний ээлжинд хог боловсруулах үйлдвэр байгуулаад, түүгээрээ дамжуулаад эхний үйлдвэржилтийн бүсээ байгуулах боломжтой гэж харж байгаа юм.
-Дундговь аймаг хэзээнээсээ дуу хуурын өлгий нутаг гэдгээрээ алдартай. Сүүлийн үед соёлын эдийн засаг гэдэг зүйлийг их ярьдаг болжээ. Дэлхий дахинд ч өв соёл “моодонд орж”, тийшээгээ илүүтэй эргэж харж байх шиг. Магадгүй Дундговь аймгийн хувьд соёлын эдийн засгаа эргэлтэд оруулж, хөгжүүлэх боломж байж болох талтай болов уу?
-Дуу хуур, өв соёлын өлгий нутаг шүү дээ. Үүндээ түшиглээд аялал жуулчлалын салбараа хөгжүүлбэл байгалийн үзэсгэлэнтэй газар олон бий. Их газрын чулуу, Бага газрын чулуу, Цагаан суварга, Сүм Хөх бүрд гээд л тойроод байгалийн үзэсгэлэн бүрдсэн газрууд байна. Маш их боломж байгаа биз. Гэвч харамсалтай нь тэрийгээ түшиглэж аялал жуулчлалын цогцолбор хэлбэрээр хөгжүүлсэн нь маш бага. Зөвхөн Цагаан суваргад гайгүй, стандартын шаардлага хангасан жуулчны баазтай. Бусад нь ганц, хоёр гэр бааз хэлбэрээр л байгаа юм. Аялал жуулчлалын маршрут, аялал жуулчлалын бүтээгдэхүүн талаасаа ерөөсөө хөгжөөгүй.
-Говьд ерөнхийдөө зуншлага сайхан байсан. Харин Дундговьд ямар байв. Энэ өвөл зарим газарт зуд турхантай байж магадгүй гээд анхааруулаад байна билээ?
-Энэ жилийн хувьд манай аймагт зуншлага маш сайхан байсан. Одоо өвөлжилт ч гэсэн боломжийн байна аа гэдэг дүгнэлтийг Онцгой комисс, Ус, цаг, уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс хэлж байгаа тул зудын нөхцөл байдал үүсээгүй. Малчид маань өнтэй сайхан өвөлжиж байгаад баяртай байна. Гэхдээ Өвөрхангай, Төв аймагт нөхцөл байдал амаргүй байгаа гэдэг мэдээлэл бий. Тиймээс тэндээс малчид маань ирвэл яах вэ гэдэг асуудлыг бид Онцгой комисс дээрээ ярьж байгаа. Болзошгүй эрсдэлд бэлэн байхыг л хичээж байгаа юм. Өвөлжилтийн бэлтгэлийн хувьд аймаг болоод малчид өөрсдөө ч өвс тэжээл, хадлангаа хангалттай бэлтгэж базаасан.
-Байгаль, цаг уурын хувьд сүүлийн 10-аад жил болоогүй сайхан зун говьд боллоо. Одоо өвөл нь өнтэй, хавар нь ханатай орох шинжтэй гэж хашир малчид ярьж байна билээ. Гэхдээ төр, засгийн дэмжлэг, эдийн засгийн бодлоготой хөшүүрэг байж л малчид ая тохитой амьдарна байх. Ялангуяа Дундговь шиг хүнд, хэцүү нөхцөлтэй аймагт иймэрхүү бодлогын ажил зайлшгүй биз ээ. Ингэхэд “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр танайханд хэр ээлээ өгөв?
-Улсын онцгой комисоос өгсөн чиглэлийн дагуу аймгийн Засаг даргын захирамж гаргаад шуурхай штабууд байгуулагдсан. Таван шуурхай штаб сумдаараа тойрч ажилласан. Сумдаараа тойрохдоо яг энэ “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, хоршооны зээл авсан хүмүүс маань хоршоогоо зөв явуулж байна уу, үгүй юү гэдгийг газар дээр нь очиж хянан, зөвлөмж зөвлөгөө өгч, хоршоологчдоосоо санал асуулга авах, тандалт хийх ажлыг хийсэн. Манай Дундговь аймгийн малчдын хувьд ид энэ хөдөлгөөн эрчимжиж, хоршоо байгуулагдаж байсан тав, зургаадугаар сард маш бага хамрагдсан юм билээ. За, энэ бол бүтэхгүй ээ, сонгуулийн шоу ч гэдэг юм уу янз бүрийн байдлаар буруу зөрүү суртал ухуулга явсан нь нөлөөлсөн бололтой. Үнэхээр хэрэгжээд байгаа юм байна гэдгийг харсныхаа дараа намраас эхлээд манай малчид олноороо хамрагдаж байгаа. Үр дүн нь ирэх жилээс гарч мэдрэгдэнэ байх.
-Малчин айл болгон өрхийн үйлдвэрлэгч шүү дээ. Нөгөөтэйгүүр, ЖДҮ-лэлээ дэмжсэн бодлого гэж харагдаж байна. Ингэхэд малчин өрхүүд маань идээ цагаагаа хэр борлуулж байна вэ. Нөгөөтэйгүүр, борлуулалтын суваг нь хэр боломжийн байна вэ?
-ЖДҮ-лэлийг дэмжих талаар засгаас хэрэгжүүлж байгаа бодлого бий. ЖДҮ-лэлийг дэмжих зээл олгоно оо гээд. Тэгээд сум, аймаг болгонд нэг тэрбум төгрөгийн зээл олгох эрх өгдөг юм байна. Харж байхад, нэг хүнд 300 сая хүртэл ч юм уу хэмжээтэй. Тэгээд нөгөө тэрбумыг 300 саяар өгөхөөр чинь гурван айлд өгөөд л дуусчихна гэсэн үг шүү дээ. Түүнээс жижиглээд өгөх юм бол үр дүн байх уу гээд өгөөж, хүртээмжийн нэг асуудал байна. Тиймээс манай аймаг энэ жилээс төсөв дээрээ 500 сая төгрөг нэмж тавьж байгаа юм. Нэмж тавих юм бол ЖДҮ-лэлийг дэмжих сангаас түүнд нь дүйцэхүйц мөнгийг нэмж өгдөг нэг ийм боломж байгаад байгаа юм. Энэ нь бол яах вэ. Аймаг, орон нутгийн оролцоог урамшуулж байна гэсэн үг. Ингэх юм бол бид энэ жилээс хоёр тэрбум орчим ЖДҮ-лэлийн зээлийн эх үүсвэртэй болно. Үүгээрээ мэдээж, хамгийн хэрэгтэй, шаардлагатай, цаашид тогтвортой ажиллах боломжтой ЖДҮ-лэл эрхлэгчээ дэмжээд явна. Дээрээс нь ЖДҮ-лэл эрхлэгчдийнхээ гаргаж байгаа бүтээгдэхүүнийг худалдан авч борлуулахад нь дэмжлэг үзүүлэх ёстой юм байна гэж би харж байгаа. Өнгөрсөн намар есдүгээр сарын дундуур манай Дундговь аймагт мянган залуучуудын чуулга уулзалт, Дэмбээний баяр зэрэг арга хэмжээ болсон. Би очсон л доо. Дээл хувцас урлаж байгаа, эсгий гутал, шаахай хийж байгаа хүмүүстэй уулзсан. Дандаа Дундговийн харьяалалтай хүмүүс. Юм хийж борлуулахын эрхээр сүүлдээ Улаанбаатар руу л явдаг юм байна. Тийм учраас ерөөсөө бараа бүтээгдэхүүн хийж байгаа ЖДҮ-лэл эрхлэгчдээ хоршоо, хөдөлгөөнүүдээр нэгтгээд зохион байгуулалтад оруулаад өөрсдийнхөө хэмжээнд дэмжээд, нөгөө томоохон уул уурхай, аялал жуулчлалын компаниуд, томоохон үйлдвэрүүдтэй холбож өгье гээд байгаа юм. Өнөөдөр дээл оёж чадаж байгаа хүмүүс бээлий оёж чадна. Гурвансайхан суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс алт” гээд компани байна. “Эрдэнэс Монгол”-ын охин компани. Өдөрт бараг 400 орчим хүн ажилладаг гэхээр тэнд өдөрт бараг 400 бээлий сольж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өдөрт 400 бээлий хийгээд зарж байдаг ЖДҮ-лэл эрхлэгч байх юм бол тэд хөөрхө(ө)н хөл дээрээ босоод явчихна. Тэгээд хажуудаа хүмүүс аваад ажиллуулна. Энэ мэтээр мах бэлтгэн нийлүүлдэг хоршоо эрхлэгчдээ тасралтгүй нийлүүлэх, хэвийн ажиллагаагаар ч хангаад явах боломжтой. Гэтэл өнөөдөр эдгээр компани яаж байна вэ гэхээр Улаанбаатар хотоос л махаа авдаг. Улаанбаатар хотоос хувцас, тоног төхөөрөмжөө авдаг. Яагаад гэвэл энд байнгын нийлүүлэх үйлдвэрлэгч алга гэдэг. Малчдаас авахаар өдөрт нэг, хоёр хонь өгөөд маргааш нь өгөхөө больчихдог гэж байна. Ерөөсөө зохион байгуулалтад оруулж чадахгүй байгаад байна шүү дээ. Тиймээс бид хүмүүсийнхээ ажлын байрыг дэмжихээс гадна холбож өгөх, тогтвортой нийлүүлэгч байлгах, байнгын худалдан авагчтай болгох тал дээр анхааръя гэж бодож байгаа юм.
-Аймгийн төв дээр ЖДҮ-лэл эрхлэгчид ямар чиглэлээр, хэр боломжийн нөхцөлд ажиллаж байна вэ?
-Манай аймгийн төвд иргэд маань хүлэмжийн аж ахуй эрхлээд, ногоо тариад эхэлчихсэн байна. Солонгост байж байгаад ирсэн залуу маш гоё хүлэмжүүд байгуулчихсан, тэндээ байцаа, өргөст хэмх, улаан лооль гээд маш олон төрлийн нарийн ногоо тарьж байна. Аймгаа хангаж байна уу гэтэл үгүй, энд борлуулалт муутай учраас Улаанбаатар хот руу “Барс” зах дээр аваачиж зардаг. Яагаад ингэж байгаа юм бол, худалдан авагчид маань бас дотоодын бүтээгдэхүүнээ авч сураагүй, дэмжиж мэдэхгүй байна. Тэгэхээр бид худалдан авагч, нийлүүлэгч талыг холбож өгөх ёстой. Уул уурхайн компаниуд тэр тусмаа нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах ёстой, аймаг, орон нутагтай хамтран ажиллах гэрээн дээр нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, ногоочид, тариаланчид, хоршоологчид ЖДҮ-лэгчид, эдгээрийг дэмжих гэдэг зүйлийг би одоо зайлшгүй оруулж өгнө. Тэгэж байж бид хамтдаа жигдхэн хөгжинө. Тендерийн хуульд ч байгаа шүү дээ, дотоодын үйлдвэрлэгч, орон нутгийнханд давуу эрх олгох, тооцох гээд. Энэ бүгдийг л бид ашиглаж байж цаашаа хөгжинө гэж харж байна.
-Мал аж ахуйгаа хөгжүүлж, малаа өсгөхийн тулд малчнаа мартаж болохгүй. Цаана нь хүний л нийгмийн асуудал байдаг. Хөдөөгүүр явахаар эрчүүд гэр, хотоо манаад үлдчихсэн. Эхнэрүүд нь болохоор сургууль, цэцэрлэгийн хүүхдээ дагаад сумын төв дээр гурван улирлын турш амьдарч байна. Эсвэл дан ганц бие эрчүүд болжээ. Охид сургууль төгсөж, мэргэжил боловсролтой болохоороо эргэж хөдөө, суманд ирэх сонирхолгүй байна. Дундговь аймгийн хувьд нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Ер нь сургууль, цэцэрлэгийн насны хүүхэдтэй малчин эцэг эхүүдийн хувьд асуудал адилхан байгаа. Тэгэхээр бид малчид руугаа чиглэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд бүсчилсэн хөгжлийнхөө хүрээнд ядаж бүгдээрээ нэг аймагт ирж сурдаг биш, бүсүүд дээрээ 12 жилийн сургуулиудтай, тэндээ хүүхдүүддээ ижил түвшний боловсрол олгох боломжтой байх ёстой юм. Тэгэх юм бол ойрхноос сум руугаа хүүхдүүдээ хүргэж өгч байгаа хүмүүс аваачиж орхиод долоо хоногтоо ирж, очоод байна. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг нь хангасан дотуур байртай болчихвол хүүхдүүд заавал ээж аавтайгаа цуг байх шаардлагагүй. Гэтэл өнөөдөр дийлэнхдээ ийм нөхцөл хангагдаагүй учраас ээжүүд нь ихэвчлэн сум, аймгийн төв дээр хүүхдүүдээ хардаг. Хөөрхий, аавууд нь хөдөө ганцаараа. Иймэрхүү байдал нь хүүхдүүдийн хүмүүжил, сахилга бат, оюун санаа, сэтгэл зүйн өсөлт хөгжилтөд ч нөлөөлнө. Эцэг эх нь хол, тусдаа байх нь хүүхдэд таатай байдаггүй.
-Өсвөр насны хүүхдүүд биеэ дааж эхэлдэг нь бас нэг давуу тал юм даа. Харин зургаан настны хувьд нөхцөл байдал жаахан хүндхэн шүү дээ. Ялангуяа, малчдын хүүхдийг зургаан настай сургуульд оруулахад арай эрт байна гэдэг зүйлийг зарим хүн ярьдаг юм билээ?
-Хүүхдээ зургаан настай сургуульд оруулаад байгаа нь олон улсын жишигт нийцүүлээд байгаа юм шүү дээ. Жишээ нь, би Германд сурсан. Герман гэлтгүй гадаадад сургуульд явахаар ямар асуудал үүсдэг вэ гэхээр бидний үед бол найман настайдаа сургуульд ордог байсан. Миний хувьд долоон настай сургуульд орсон. Манай улсын ерөнхий боловсрол 10 жилийн системтэй байлаа шүү дээ. Европын орнуудад сургуульд сурахаар очихоор манай 10 жилийн гэрчилгээг хүлээн зөвшөөрдөггүй. Их сургууль төгсчихөөд очиж байхад бид 10 жил төгсөөд их сургуульд орсон учраас манай их сургуулийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд бид дахиж тэнд нь заавал курст юм уу хоёр жил сурч байж их сургуульд орох эрх нээгддэг байсан. Одоо 12 жилийн боловсролын системтэй болсноос хойш хүүхдүүд 12 жилээ төгссөн бол шууд их сургуульд орохыг хүлээн зөвшөөрдөг болчихоод байгаа юм. Энэ нь дэлхийтэй хөл нийлүүлж байгаа бас нэг давуу тал юм л даа. Гэхдээ хүн болгон бас гадаадад явж сурахгүй. Хүн болгон их сургуульд орохгүй. Хүн болгон заавал дээд мэргэжил эзэмших албагүй. Ялангуяа, малчны хүүхэд нүүдэлчин ахуйн өв соёлоо тээн, удам дагасан малчин болж, эргээд мал дээрээ гарах хүсэл сонирхолтой байлаа гэхэд ямартаа ч ерөнхий боловсрол эзэмших хэрэгтэй. Гэхдээ бас ийм хүүхдүүдийг сонголттой болгомоор байгаа юм. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг орны хувьд малчин өрх хүүхдээ долоо юм уу найман настай сургуульд оруулдаг сонголттой байх зохицуулалтыг хийж өгмөөр байгаа юм. Тухайн хүүхэд ерөнхий боловсролынхоо суурь мэдлэгээ олж авахад ямар ч асуудалгүй шүү дээ.
-Дэлхийн иргэнийг бэлдэж байна гэж сүүлийн үед ярьдаг болсон. Тэр нь зөв байх. Гэхдээ хүн болгон хүссэнээрээ дэлхийн иргэн болж чадахгүй шүү дээ. Өнөөдөр Дундговьд төрж өссөн хүүхэд дэлхийн хаана ч ажиллаж амьдрах боломжийг үгүйсгэж байгаа юм биш шүү. Гэхдээ үнэндээ бас тийм өндөр өрсөлдөх чадвартай хүүхдүүд бас цөөхөн байх. Нөгөөтэйгүүр, хөдөөд малчдын залуу халаа байхгүй болж байна. Тэгэхээр энэ салбарт бодлогын шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болжээ гэдэг нь харагддаг?
-Ер нь манай улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна. Түүний 50 гаруй хувь нь яг малчин гэсэн үг. Тэгэхээр цэвэр мал дээрээ байгаа малчин Монгол Улсын хүн амын 25-30 орчим хувь нь байна. Энэ хүмүүсийн үндсэн мэргэжил нь мал аж ахуй болчихсон, үүнийгээ өвлөн уламжилдаг соёлтой. Ийм нөхцөлд малчид руу чиглэсэн бодлого зайлшгүй байх шаардлагатай. Түүнээс биш хэн нэгэн сургуульд сураагүй юм уу сургууль завсардахаараа, эсвэл айлын нэг хүүхэд хүчээр малчин болдог биш энэ нь өөрөө мэргэжил юм аа гэдгийг гаргаж өгөх ёстой юм л даа. Бид мал аж ахуйн чиглэлээ тэргүүлэх чиглэл болгон хөгжинө өө гэж өнөөдөр ярьж байгаа. Ийм нөхцөлд бид бүгдээрээ их сургуульд сураад дээд мэргэжилтэй болчихвол хэн малчин болох вэ. Хэн хөдөө ажиллаж амьдрах юм бэ. Германд бол наймдугаар ангиасаа их сургуульд сурах нь цаашаагаа үргэлжлүүлэн сураад, ажлын талбар дээр гарах нь лицей юм уу манай МСҮТ шиг юм руу ороод явдаг. Тиймээс манай МСҮТ-үүдэд малчны ангитай баймаар байгаа биз.
-Тэд чинь бүр олон зуун жилээр өвлөөд авчихсан гэр бүлийн бизнес нь байдаг юм билээ. Үүндээ зориудаар сургаж, сурдаг. Тэгээд бяслаг, хиам, пиво, дарсаа хийдэг. Манайхаар бол малчин гэдэг мянган мэргэжлийн эзэн гэдэгтэй төстэй юм уу даа?
-Тийм ээ, хүмүүс нь түүгээрээ төрөлжин сурдаг юм билээ. Гэтэл манайд бүгдээрээ л дээд мэргэжилтэй, хуульч, эдийн засагч болох гээд яваад байдаг. Тэр олон хуульч, эдийн засагч одоо юу хийх вэ гэдэг асуулт гарч байна шүү дээ. Гэтэл малчид чинь ямар мундаг юм бэ. Би хурал цуглаан дээр хэд хэдэн удаа харлаа. Манай Сайнцагаан сумын Далай бригадын малчин Бямбаа гээд эгч байна. Одоо 80 дөхөж байна уу даа. Ёстой мундаг шүү дээ. Ярьж, хэлж байгаа үгийг нь сонсох юм бол ямар ч эрдэмтэн, профессор, доктороос илүү. Хэдэн оны хэдэн сард юу хийж байсан бэ гэдгийг 1930 хэдэн оноос эхлээд 1970 он хүртэл ярина шүү дээ. Тэр хүний ярианаас сонсоход малчид чинь хээр хөдөө яалт ч үгүй тохиолдолд эх баригч хүртэл болж байсан байгаа юм. Тэгэхээр малчин гэдэг мянган мэргэжлийн эзэн гэж яалт ч үгүй үнэн үг. Тиймээс малчнаар сурч байгаа хүүхдэд зөвхөн мал маллахыг заах биш төрөл бүрийн мэдлэг олгох шаардлагатай болж байна. Малаа хэрхэн эмчлэх, хэзээ, яаж, ямар тариа хийлгэхээс эхлээд тэжээл бордоог яаж тохируулах вэ. Хэдий үед юу идүүлэх, түүнийгээ яаж тарьж, ургуулах, бэлтгэж нөөцлөх гэдгээс эхлээд өрхийн аж ахуй эрхлэх, бизнесийн данс тооцоогоо хөтлөх ч гэдэг юм уу, эсвэл амьжиргааны хэдэн малтай байхын оронд мал аж ахуйгаа яаж бизнес болгох вэ, ингэхийн тулд хагас фермер болговол яах вэ, үгүй бол уламжлалт аргаар нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд давуу болон сул тал нь юу вэ гэдгээ мэддэг, сонгож чаддаг болгох хэрэгтэй, залуу малчдыг. Дээрээс нь орчин үеийн хөгжлөө дагаад дэвшилтэт техник, технологийг өдөр тутмын амьдралдаа зөв зохистой хэрэглүүлж сургах хэрэгтэй байгаа юм.
-Та өөрийгөө “Гурван говийн хүн” гэж тодорхойлдог юм билээ?
-Би хоёр настайдаа Улаанбаатарт орж ирсэн л дээ. Манай аав Дундговийн Гурвансайханых, ээж Өмнөговийн Манлай сумынх. Аав ээж хоёр маань Улаанбаатар хотод оюутан байхдаа гэр бүл болоод, аав Цэргийн сургууль төгсөөд хоёулаа Зүүнбаянд очсон байдаг юм. Зүүнбаянд 10 мянган цэрэгтэй том казарм, дивиз байсан. Тэр үед би Дорноговьд буюу Зүүнбаянд төрөөд, нөгөө цэргийн хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэж ярьдагчлан Улаанбаатар руу манайх нүүгээд Сонгинод ирээд л хотын хүн болсон. Багадаа зун амралтаараа аавын нутаг гээд Дундговьд, ээжийн нутаг гээд Өмнөговьд очдог байлаа. Гурван говиороо “Миний нутаг” гээд байнга ирж очоод явдаг. Хүмүүс “Аль нутаг вэ” гэхээр “Гурван говийн хүн” гэж хариулдаг юм л даа. Одоо бол Дундговьдоо ирээд ажиллаж, амьдарч байна. Тэр тусмаа аавынхаа төрсөн нутаг Дундговь аймгийнхаа хөгжлийн төлөө ачаа үүрэхээр Засаг даргаар ажиллаж байна даа. Би ирээд говийнхоо 15 сумаар тойрч ажилласан. Энэ хугацаандаа иргэдтэй уулзаад аймаг маань үнэхээр хөгжилгүй, дорой байгаа юм байна, засаглалын хямралд орчихсон байжээ гэж би хувьдаа дүгнэсэн юм. Учир нь иргэд маань дөрвөн жил тутамд дарга нар солигдоод юу ч хийсэнгүй гээд үл итгэх байдалтай болчихсон байгааг анзаарсан. Хоёрдугаарт, цөөхүүлээ байж нэг их улстөржөөд нэгийгээ юм хэлэхээр “Энэ ингэлээ” гээд эргээд ажил төрөл дээр нь шантааж хийгээд байдаг, иймэрхүү асуудлууд байсан юм билээ. Энэ бол Дундговь аймгаа муулж байгаа юм биш шүү. Хэдүүлээ бодит байдлаа хараад үнэхээр болохгүй байгаа юмыг одоо гоё байна гэж худал хэлээд яах юм бэ. Бид үүнийг өөрчилнө гэдгээ амласан. Дундговьчууд яаран дуугарахгүй ч гэсэн цаанаа бол маш гүн бодолтой, дотроо ихийг тунгаадаг, итгэл хүлээлгэсэн нэгэндээ эргээд дүн тавьдаг хүмүүс байна шүү гэдгийг би ойлгож, талархсан.
-Тэгэхээр эргээд та нарт маш их хариуцлага үүрүүлж байна гэсэн үг шүү дээ.
-Тэгэлгүй яах вэ. Маш их хариуцлага үүрүүлж, маш их хүлээлттэй байгаа. Ер нь аливаа албан тушаалд хүмүүсийг томилохдоо, ялангуяа удирдах албан тушаалд чадвартай, үүнийг чадна гэсэн хүнийг л томилж байх ёстой. Түүнээс биш чадваргүй хүн томилчихоод эргээд хариуцлага нэхээд байвал буруудна. Албан тушаалд томилогдоно гэдэг дааж чадах ачааг нь үүрүүлж байгаа хэрэг шүү дээ. Өөрчлөн сайжруулах зүйлс маш их байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлээ барьж ажиллана. Малчид, ЖДҮ-лэл эрхлэгчдээ дэмжинэ. Төрийн албыг цэгцэлж, ажлаа мэддэг, хийдэг, ард иргэддээ нээлттэй ийм төрийг бий болгоно. Эхний ээлжинд шуурхайгаа нээлттэй хийдэг болгосон. Үүнээс гадна аймгийн гэрэлтүүлэг, камержуулалт, дулаан, цахилгаан, хог хаягдлын менежмент гээд хийж хэрэгжүүлэх ажил маш их байна. Эхнээс нь нэг нэгээр нь ажлаа цэгцлээд, хийгээд явж л байна даа.
Сэтгэгдэл (0)