Соёлын сайд Ч.Номин байснаас Ч.Ундрам байсан нь дээр гэв

Дэлгэцийн уран бүтээлчид “Ч.Номин сайд киночид бидний сүнсийг авч одсон” хэмээн ярьцгаах аж. Учир нь "Кино урлагийг дэмжих тухай хууль”-ийн амин сүнс нь болсон “Кино урлагийг дэмжих сан”-гаар дамжуулж, Монголд зохиогчийн киног хөгжүүлэх, олон арван залуусыг сургалтад хамруулж, гадны кино наадмуудад оролцуулах боломжоор хангах явдал байсан аж. Киноны уран бүтээлчид ч  үүнийг хүсэн хүлээж байсан бололтой. Гэтэл энэ оны төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан нарын нөхдүүд “Кино урлагийг дэмжих сан”-г татан буулгах санал оруулснаар шүүмжлэлд өртсөн. Гэхдээ энэ маргаан нэлээд ширүүн өрнөөд санг татан буулгаагүй ч төсөвгүй хоосон үлдээсэн юм. 

Энэ талаас нь харвал Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин бус Сангийн сайд Б.Жавхлан “Киночдын сүнсийг авч одсон” болж таарах нь. Киноны уран бүтээлчид Ч.Номинг салбарын сайд байж сандаа төсөв авахын төлөө гүйж чадаагүйд л харамсаад байгаа бололтой. Салбарын сайдын хувьд Засгийн газарт барьцаалагдаад киночдоо хамгаалж чадаагүй тал бий. Тэнд зөвхөн үг хэлж хамгаалах биш Төсвийн байнгын хороо, Соёл, спорт, аялал жуулчлалын байнгын хороонд лобби оруулах ёстой байсан ч тэр гүйгээгүй бололтой.

Ёстой л киночид маань намайг харж байгаа шүү гэсэндээ “Зөв харж инээн, буруу харан уйлж” байж “Эдийн засгийн үр өгөөжийг дурдъя. Бид гурван тэрбум төгрөгийн зарцуулалтыг хийж 26 уран бүтээлчээ дэмжиж, олон улсад гаргахад дэмжсэн бол нөгөө талдаа төсөвт шууд 12 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлтийг оруулсан. Цаашлаад аялал жуулчлалын салбарт эдийн засгийн эргэлтийг бий болгосон. Дам нөлөөгөөр олон салбарт нөлөөлж чаддаг. Нэг төгрөгийн зарцуулалтыг дөрвөн төгрөг болгож эдийн засгийн үр өгөөжөө өгдөг салбар” хэмээн хэлээд ч нэмэргүй сангаа хоосон үлдээсэн. Ингэж хамгаалахгүй гэдгийг нь киночид мэдэж байгаа л даа.

Уг нь Ч.Номин сайд 18.3 тэрбум төгрөгийн ваучер тараах тухай УИХ-аар хэлэлцүүлэн унагааж байхаар сандаа жаахан “юм”-тай үлдэх тухай бодох ёстой байсан. Энэхүү ваучерын 18.3 тэрбум төгрөгийг төсөвт суулгах гэж Төсвийн байнгын хорооны босго давуулан лобби хийж чадсан л даа. Тэр ч бүү хэл өөрийнх нь хамаарал бүхий “Тэрэлж” зочид буудалд УИХ-ын гишүүдийг дайлж цайлсан гэх ч мэдээлэл байдаг. Үнэн худлыг бүү мэд. Ямартай ч тэр 18.3 тэрбум төгрөгийн ваучерын төлөө явсан шигээ “Кино урлагийг дэмжих сан”-д жаахан “юм” үлдээхийн төлөө яваагүй байх.

Харин энэ үеэр Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам “Эх хэл түүх соёл байж үндэстэн оршдог. Тэгэхээр бид соёлоо ойлгодог, мэддэг улс орон байх ёстой. Энэ рүү чиглэсэн төсвүүдийг танаж байгааг ойлгохгүй байгаа. Бусад салбартай харьцуулахад маш бага төсөвтэй. Төсвийг нь танасан ч хоёр санг татан буулгахгүй үлдээгээч. Бид өөрсдөө мөнгөө олоод салбараа дэмжье гэж ойлгож байгаа” хэмээж байв. Салбарын байнгын хорооны даргын хувьд маш зөв үг хэлж байж хоосон ч гэсэн сангаа авч үлдсэн. Бүр сангүй болчихвол яана. Түүнээс бус Сангийн сайд Б.Жавхлан бол шууд л авч хаячих гээд дайрсан шүү дээ. Түүний энэхүү байр суурины дараа киноны уран бүтээлчид “Соёлын сайдаар Ч.Номин байснаас Ч.Ундрам байсан нь дээр байж” гэх ч үг гарсан. Ч.Ундрамын хувьд боловсрол, соёлын салбарт олон жил ажилласан, тэнд төсөв хөрөнгө, нөхцөл байдал ямар байдгийг сайтар мэднэ. Хамгийн гол язгуураар нь холбон мэдэх хүн учраас ийн хэлсэн хэрэг. Түүнээс Ч.Номин бол сангүй ч зогсож байж мэдэхээр үйл явдал болсон.

Тэгэхээр дэлгэцийн уран бүтээлчдийн гомдож байгаа ганц зүйл гэвэл салбарын сайд санд төсөв тавиулж ч чадсангүй хэмээж байгаа. Харин "Кино урлагийг дэмжих тухай хууль” нь 2012-2021 он хүртэл дөрвөн ажлын хэсэг дамжсан байдаг. Энэ хууль ихэд зовлон үзсэн хууль. Алс зам туулсан хуулийг Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх киночидтой уулзаж, хууль журамтай, тодорхой сантай байх нь зөв юм байна гэж дэмжсэн байдаг. “Кино урлагийг дэмжих сан”-гаас кино төслүүдийг чамгүй мөнгөн дүнгээр санхүүжүүлж дэмждэг байжээ. Энэ сангаас 2023 онд 18 кино төсөлд гурван тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгосон байдаг. Мөн олон улсын кино наадамд 2-3 кино төслүүдийг дэмжин ажилласан. “Баавгай болохсон” кино бүтэж байх үед “Кино урлагийн дэмжих сан”-гийн шалгаруулалт зарлагдаагүй байсан. Харин 2024 онд Кино урлагийн зөвлөл бодлогын дэмжлэг үзүүлж кино баг болон найруулагчийг олон улсын наадмуудад оролцох санхүүгийн дэмжлэг үзүүлж, П.Золжаргал найруулагчийг 28 дахь Бусаны Олон улсын кино наадамд оролцох үед замын зардлыг нь даасан зэрэг зүйл бол байдаг юм билээ.

Ер нь соёл урлагийн чиглэлийн сангуудыг татан буулгах, санхүүжилтийг бууруулснаар Монголын кино урлаг дэлхийн зах зээлд гарах дэмжлэгүүд бүрэн зогсоно. Өнгөрсөн хугацаанд “Сэр сэр салхи”, “Баавгай болохсон”, “Чимээгүй хотын жолооч” зэрэг уран бүтээлүүд энэ сангаар дамжуулан, олон улсын зах зээлд гарахад нь дэмжлэг болсон байдаг. Кино төслүүд санхүүжилтээ өөрсдөө 70 хувийг босгож, сангаас 30 хувиа бүрдүүлдэг байна. Ийм боломжууд бий байсан ч гар чанга Сангийн сайд, барьцаалагдсан салбарын сайд нараас болоод дэлхийн зах зээлд гарах, монгол агуулгын кино уран бүтээл гарахгүй байх эрсдэлд хүрч байна.

Эртнээсээ л төсөв хэмнэнэ гэхээр л соёл урлагийн салбар, хэвлэл мэдээллийн байгууллага руу дайрдаг бичигдээгүй хуультай. Мөнгөгүй сангаар ч яахав дээ. Мөн нэг нь “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан”-д төсөв тавилгүй, татан буулгалгүй орхисон юм билээ. Уг нь соёл урлагаар мөнгө олж, аялал жуулчлалын нэгэн хэсгийг соёл урлагаар татна гэвэл энэ сан юу юунаас хэрэгтэй байсан. Тэр тусмаа жуулчид Монголын уламжлалт соёл урлагийг үзэх гэж ирдэг болохоос Улаанбаатар хотыг үзэх гэж ирдэггүй. Гэтэл Засгийн газраас аялал жуулчлалаа хөгжүүлнэ гэх хэрнээ ёстой л нэгэн амин сүнсийг нь авч очдог нь гэм биш зан л даа. Цагийн цагт л санхүүгийн хямрал нүүрлэсэн цаг хугацаа үргэлжилж байгаа учраас зарим урлаг соёлын байгууллагын төсвийг танахаас өөр аргагүй байдал үүссэн гэдэг. Тийм байтал яагаад яам тамгын газрын зардал өсч, гишүүд тус бүр тойрогтоо хэрэггүй байшин барилга барих зураг төсөлгүй объектод мөнгө суулгаад байгаа юм. Яагаад төрийн албаны данхар бүтцийн төсвийг нэмээд байгаа юм.

Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Дэлхийд соёлын экспортлогч орон болохын тулд Засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлнэ” хэмээн хоёрхон жилийн өмнө урлаг соёлынхны өмнө ам шүдээ өгч байв. Гэтэл танхимынх нь нэг сайд соёлын сангуудыг нь татан буулгах гэж дайраад болохгүй болохоор нь төсөв тавилгүй хоосон үлдээж байгаа нь хачирхалтай. Тухайн үед Ерөнхий сайд “Соёлын салбар авьяас, мэдлэгт суурилсан эдийн засгийн бие даасан салбар болж чадсан цагт л үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бодит илэрхийлэл, хөгжил дэвшлийн суурь болох боломж бүрдэхийг дэлхийн жишээ нотлон харуулсаар байна. Үүнийг бид соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж тодорхойлдог. Монгол Улс далайд гарцгүй орон. Харин соёл урлагийн салбараар дэлхийд гарцтай болох бүрэн боломж бий” гэж байв. Яг энэ хэлж байснаар бол “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сан”-г татан буулгах бүү хэл төсвийг нь дүүрэн тавьж өгөх ёстой л доо. Гэтэл бид өнөөдөр хэлснээ маргааш нь мартдаг ийм л төртэй улс.

Гэхдээ Ерөнхий сайд, Төрийн тэргүүн гэхээсээ илүүтэй зангарагтай сайд ихэд хэрэгтэй бололтой. Тиймээс л киночдын хэлсэнчлэн “Соёлын сайдаар Ч.Номин байснаас Ч.Ундрам байсан нь дээр байж” хэмээсэн нь үнэнд дөхнө. Энэ хоёр эмэгтэйн улс төрийн намтар, сурсан, суусан газар тэгтлээ хол зөрөхгүй ч киночдын хэлснээр Ч.Ундрамд соёл урлагийг язгуураар мэдэхээс гадна зангараг гэж нэг зүйл байна гэдэг үнэн бололтой.

С.Ууганбаяр 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.186.26)

    2025-02-10

    Энэ номин сайд хийж байсан гээд намтраа чимж, АНУ-д ажилд орох гээд байгаа.