Улс төрийн жолоо цулбуураа эвхэж яваа улстөрч
- 16 цаг 7 мин
- Байгаль орчин
- 1
126:1 Улс төрийн жолоо цулбуураа эвхэж яваа улстөрч
Энэ хүний тухай олон ч удаа бичиж, мөн ч их ноолсон доо. Ханилснаа хадарч, хадарснаа хамгаалж байдаг адал явдал дүүрэн улс төрийн талбарт алдаа онооны тэн тэнцүүлж яваа хижээл насны эрийн намтар ч зузаан байлгүй яахав. Он цагийн тэнхлэг эргэн алсрах тусам энэ нөхрийн тухай урьд хожид дуулдаагүй сонин хачин дэлгэгдэхээр тийм урт удаан хугацаанд улс төрд амьдарсан цөөн акулуудын нэг учраас ахиад ч бичих байх. Тэр тусмаа төрөлхийн зальжин Норовын Алтанхуяг гэх улстөрчөөс их зүйл гарна.
Тэр өнөөдөр нэгэн жарны босго аль эрт давж, далан насны босго тулаад байгаа өвгөн. Нөгөө талаас нь харвал ад шуналын сэв нь дарагдаж, хий нь гарсан туршлагатай улстөрч. Ямартай ч энэ парламентад байх ёстой хүн. Залуу улстөрчдөө жавжилж байх ёстой нөхөр гэж боддог учраас орхиж боломгүй.
Манайхан л хорин хэдтэй, гучин хэдтэй хүүхдүүдийг төрийн өндөр дээд албанд залж, эцэст нь тэдний дадлага туршлага, хөнгөн хуумгай сэтгэлийн горыг ард түмэн, улс орноороо амсдаг гашуун “хууль”-тай улс орон. Тэгээд ч аль тэртээ 1981 онд МУИС-ийн багшаар ажлынхаа гарааг эхлүүлж, 1994 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар их улс төрд хөл тавьж байсан энэ нөхрөөс юу ч гарч мэднэ.
Тэр өнгөрөгч парламентад бараг нам ч үгүй, журмын нөхдөөс нь ч байхгүй танхимд ганцаардлаа нууж, зангараг харуулахыг хичээн суусан байх. Одоо бол намтай ч болсон, өнөр олуулаа ч болсон. Уг нь тэр Ерөнхий сайдаар ажиллахдаа эзэн хааны нэрээр бонд босгочихсон, улс төрийн ууган хүчнийг Засгийн газрын “хашаа”-наас хөөгөөд гаргачихсан, Монгол Улсын нэр зүстэй аавын хүүхдүүдийг үүдэндээ дугаарлуулж явсан эр хүн. Гэтэл сонгуульд ялагдаж, бие даан нэр дэвших хүртэл чамгүй сэтгэлийн тэнхээ шаардсан биз ээ. Тухайн цагт арай ч бүлэг ч үгүй, нам ч үгүй, өөрийгөө хүчээр харагдуулах гэж хичээн жүжиг тавих хүн байгаагүй юм. Ийм болгосон нөхцөл нь өөрийнх нь улс төрийн нүүдэл, намын дотоод увайгүй үйлдлээс хамааралтай. Нэг талаар АН-ын нэрээр насаараа өндөрт заларсан байж хэцүү цагт сүүлээ хавчин зугтаасан нөхөр гэвэл яах аргагүй Н.Алтанхуяг. Яг ийм цаг үед Н.Алтанхуяг АН дотор сэлэм эргүүлж байх ёстой ч зөвхөн хувь улстөрчийн карьераа хөөж байгаа нь хэнд ч таалагдахгүй нь лавтай. Арчаагүй л дүр. Магадгүй өвгөн улстөрч сүүлчийн сумаа тавьж байгаа нь энэ байх. Жүжиг гэснээс түүнд байгалиас өгөгдсөн улс төрийн жүжиглэлт бий. Энэ тал дээр бол Ардын жүжигчин цолтон. Нийт түмний ихээхэн хэсэгт таалагдах ч учир мэдэх хүмүүст огт таалагдахгүй жүжиглэлт бол түүнээс хаашаа ч зайлахгүй, өөртэй нь хамт дуусах амин сүнс нь болсон. Ерөнхий сайдаар ажиллаж байх 2012 оноос эхлэн Ц.Элбэгдоржоос эхлээд түүнийг зүгээр байлгаагүй гэдгийг өөрөө ч хэлдэг, өрөөл нь ч хардаг. Гэхдээ тухайн цагт бултаараа л түүнд тал тохой татаж байв даа. Ийн мандаж явсан нөхрийг Ерөнхий сайдаас нь татан унагааж, ижил олон нөхөд, амраг саданг нь цагдан шалгаж гээд түүнийг өөд нь өндийлгөөгүй өнөөдөрт авчирсан нь бол үнэн. Гэхдээ тэр ирээдүйн улс төрийнхөө карьерын төлөө дайсан мэт нөхөр Ц.Элбэгдоржтой ч гар барихад бэлэн байсан. Магадгүй тэр хамгийн зальжин улстөрч. Заль гэдэг бол ухааны л нэг хэлтэрхий шүү дээ.
Цагаан морин жил, 1989 онд их сургуулийн багшийн ширээнээс улс төрийн замналаа эхлүүлсэн тэрээр УИХ-ын гишүүн, УИХ дахь Байнгын хороон дарга, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайд, Намын дарга гээд дамжиж өссөн зангараг нь түүнийг улс төрийн талбарт баганаас дор борви нуглуулах учиргүй ч тэр ганцаардаж үзсэн. Н.Алтанхуяг нэгэн жарны босго давж яваа ч ахиад нэгэн жарны босго давах мэт аашилж яваа зоргоороо улстөрч.
Улстөрчийн хувьд бартаа туулж өнөөдөрт ирэхдээ гучаад жил зүтгэсэн намаасаа бус бие даан нэр дэвшихдээ нутгаасаа ч биш, уугуул тойрог Сонгинохайрханаас ч биш, хаа байсан Орхон аймагт өрсөлдөөд ялалт байгуулсан бол 2024 онд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд ялчихсан. Аргагүй л хувь улстөрчийн зангараг, мэдрэмж бүх зүйл харагдаж байгаа мэтээр шуугиж л байна. Өнгөрөгч 2020 оны сонгуулийн хамгийн сонирхолтой өрсөлдөөн энэ тойрогт болсон учраас шуугих шалтгаан болсон байх. Энэ мэтээс гадна түүнд хүн чанарын хэлтэрхий цухалздаг. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь унагаахаас эхлээд ид хэмлэж байхад тэр юунаас ч айгаагүй ил гарч байгаад зодолдсон, даанч дийлэгдсэн. Энэ нь таалагдсан. Өөрийнх нь Ахлах зөвлөхөөр ажиллаж асан Л.Гансүхийг шүүх хуралд өөрийн биеэр очиж, түүнийг цээжээр хамгаалах гэж үзсэн. Тухайн үед Ц.Элбэгдоржийг муучлах бүү хэл өөдөөс нь эгцэлж хардаггүй байлаа. Харин тэр шүүх хуралдааны үүдэнд “Энэ бүгдийн захиалагч нь Элбэгдорж” хэмээн шуудхан хариулж байв. Тэр ч бүү хэл “Яллах гээд байвал намайг ялла” гэж байсан.
“Шинэчлэлийн” хэмээх Засгийг тэргүүлж байсан Н.Алтанхуяг ямархан Ерөнхий сайд байв гэхээр тэнгэр тултал магтах аргагүй ч бас газар дор ортол муучлахаар ажиллаагүй. Тэр тусмаа улс төрийн талаасаа яс үзсэн. Одоо тэрээр өөрийн тэргүүлсэн Засгийн газрыг унагаасан явдлыг шүдгүй шахам амандаа зууж яваа эр хүн. Үүнээс харахад бас нэг муу хонзон хадгалаад байх талтай. Тухайн цагт Н.Алтанхуягийн Засгийн газар унахгүй байвал байхаар.
Харамсалтай нь, “Ухаангүй ноёнд ургашгүй албат”-ын үлгэр л болсон. Түүний бүтцэд юм үзэж нүд тайлаагүй, өлссөн бүргэд шиг хомхой сэтгэлтнүүд байснаас нэр хүндгүй үлгэр жаргаахад хүрсэн. Түүнээс бус өнөөдөр Монгол Улсын бүх аймаг хатуу хучилттай замаар холбогдлоо хэмээн тайлагнаад байгаагийн цаана Н.Алтанхуягийн оруулсан хувь нэмэр өндөр байх учиртай. Хамгийн том шалтгаан нь 17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг шалан дээр авчирсан гэх цолыг түүнд зүүдэг. Үнэн хэрэгтээ энэхүү өсөлт нь хоосон хөөс байв. Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс ямар ч өрсөлдөгчгүйгээр хятад руу өндөр үнэтэй, их хэмжээгээр гарсан шалтгаан нь Австралын уурхай үерт автсан таатай нөхцөл энэ үед бүрдсэн юм. Харин Н.Алтанхуягийг Засгийн газрын тэргүүн болох үед үер усны гамшиг илааршиж, бидний өрсөлдөгч гарч ирсэнд хамаг учир байсныг мартаж болохгүй. Түүнээс бидэнд уруудаад байх үйлдвэр, технологи байх биш. Зөвхөн нүүрснээс хамааралтайгаар ийнхүү шалан дээр унасан хэрэг. Улс төрийн хувьд гарцаагүй гайхамшиг үзүүлсэн Ерөнхий сайд байсан. Тухайн үед МАН-аас АН-ыг хол байлган, нам дотроо “Алтангадас” фракцийг хүчирхэг байлгаж, өөрөө өндөрт байхыг зорьсон эр хүн. Алдсан ч байх, оносон ч байх. Гудамжинд явсан Н.Энхбаярыг Солонгосоос дуудаж авчраад Засгийн газарт хамтрав. Өөрийг нь сөрөг хүчний дарга байхад МАН Засгийн газартаа багтааж байсныг ч ор тас мартсан жудаггүй нөхөр гэж хэлж л байсан. МАН-ыг засгаас хол байлгахын зэрэгцээ нам доторхи фракцуудыг номхон байлгахын төлөө үзэж тарав. “Женко” Х.Баттулга, З.Энхболд, Ц.Элбэгдорж нараас ирэх галыг цээжээрээ хааж, “Алтангадас”-ыг ч тэр, “Шонхор”-ыг ч, МоАХ-г ч тэр адилхан дэвжээнд хамт зогсоож чадсан. Олон фракц бүлэглэлээс бүрдэх олон ургальч үзэл бүхий АН хэмээх их айлыг авч явна гэдэг амаргүй асуудал. Олон бүлэглэлийг хооронд нь нүдэлдүүлэхгүйгээр, мөн хажуу хавирганаас нударчих гэсэн МАН-аас зайгаа барьж явна гэдэг үнэндээ л хүнд байгаа биз. Бас болоогүй, МАН-ын угшил нэгт МАХН-тай хэл амаа ололцох, АН-ын угшил нэгт МҮАН-ын жорыг нь тааруулах энэ бүгд бол эцэс төгсгөлгүй их ажлыг тэр угийн зальжин зан, улс төрд нүдэлдсэн зангаргаар авч гарсан гэдгийг бол ам дүүрэн хэлэх ёстой.
Нэг зүйл бий. Тэр хөгжлийн банк. Улстөр, санхүү дамнасан бүлэглэл Хөгжлийн банкыг хэрхэн тоносон бэ гэдэг зураглал иргэдийн ой тоонд аль хэдийн буужээ. Хэн гэдэг ямар албан тушаалтан энэ бүхний эхлэлийг тавьсан бэ гэж асуувал төвөггүйхэн “Шинэчлэлийн Засгийн Газар” гэж хариулна. Тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагууд эхнээсээ шалгагдаж эхэлсэн. Харин эцсийн шийдвэр гаргасан хүн нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Тийм ч учраас бүрэн эрхээс нь түдгэлзүүлж байж шалгах нь шударга ёсонд нийцэх байсан ч тэр ямар нэг ял зэмгүй үлдэж чадсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Хөгжлийн банкыг хөгжүүлэхээр ирсэн Солонгосын зөвлөх компанийг явуулж, өөрийн найр наадмаа эхлүүлсэн түүхтэй. Яг энэ бүхнээс эхэлж Хөгжлийн банкны өнөөдрийн зовлон үүссэн байдаг. Хэн гэдэг хүний аль компанид хэдэн төгрөгийн зээл олгох вэ гэдгийг шийддэг байсан Н.Алтанхуяг өнөөдөр ариун цагаан мэт жүжиглэж сууна. Хамгийн наад захын жишээ гэхэд л концесс нэрийн дор Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг Төмөртэйн ордтой нь “сахал” Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” хэмээх компанид өгсөн баримт нь ил болсон. Өгсөн гарын үсэгтэй тогтоол нь ил байхад би буруугүй хэмээн мэлзэж, бусдад буруугаа тохоод суудалдаа шигдэж сууна. Үнэн хэзээ ч алга болдоггүй.
Энэ утгаараа Н.Алтухягийн оролцсон хэрэг дэндүү их юм. Чингис, Самурай бондын 1,5 тэрбум долларын өрийг бид 10 жил төлж барагдуулсан. Сангийн сайд Б.Жавхлан “Н.Алтанхуягийн балгаар Хөгжлийн банк өр барагдуулах алба болж хувирсан” хэмээсэн. Харин тэр өөрөө “Хөгжлийн банкны асуудал надад хамаагүй. Би Хөгжлийн банкны Солонгос захирлуудыг хөөж явуулаагүй” гэдэг.
Мөн “Эрх баригч Монгол Ардын нам. Энэ дундаа, хамгийн эхний үйлдлийг Ч.Хүрэлбаатар хийсэн. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны хэрэгт шүгэл үлээхээс өмнө “Солонгосчуудыг хөөж явуулаад, Хөгжлийн банкыг дампууруулсан хүн чинь Н.Алтанхуяг шүү” гэдэг өгүүлбэрийг Ч.Хүрэлбаатар гэдэг сайд хүн твиттерт жиргэснээс болж асуудал эхэлсэн. Надад авлига, хээл хахуулийн хэрэг нэг ч байхгүй. Надаас нэг ч удаа мэдүүлэг авахгүйгээр “Таныг яллагдагчаар татлаа” гэсэн. Яагаад гэсэн чинь “Засгийн газрын тогтоолтой холбоотой асуудлаар” гэж байгаа юм” хэмээн мэлзэж байгаа.
Гэвч Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан түүнийг Анхан болон Давж заалдах шатны шүүхээс цагаатгасан ч Улсын дээд шүүх тэрхүү шийдвэрийг хүчингүй болгон буцаав. Ингэснээр Н.Алтанхуяг гишүүний хувьд дахин шалгуулах шаардлагатай болж байна. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д зээл олгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. Хоёр шатны шүүхээс цагаатгасан байсан хэргийг Улсын дээд шүүхээс дахин шалгахаар болж шийдвэр гарсныг тэр “Ерөнхийлөгчийн сонгуульд эртнээс бэлтгэн, намайг дарамталж байна” гэж тайлбарлав.
Одоо тэр яаж ч улстөржсөн улс төрийнхөө жолоо цулбуурыг эвхэж яваа тэтгэврийн хүн.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл (1)
(66.181.186.26)
АНУ-ын даалгаврыг биелүүлдэг АН-ын бааснууд, тонилцгоо!