Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй гадаад орчны эрсдэл болон энэ оны төлбөрийн тэнцэл, инфляцын төлөвийн талаар ярилцлаа.

-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын зарим нэр төрлийн бараанд 10 хувийн гаалийн албан татвар ногдуулахаа мэдэгдсэн. Монгол Улсын экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг БНХАУ үзүүлж буй дээрх татварын тарифын бодлого Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-АНУ-ын хувьд хоёр хөрш Мексик, Канад болон БНХАУ-ын бараанд татвар ногдуулж байгаа ч энэ нь Монгол Улсын инфляц, ханш, төлбөрийн тэнцэлд дарамт, сорилт болох байх гэсэн төсөөлөл бидний хувьд харагдаж байна. Монгол Улсын инфляцын 3.1 нэгж хувь буюу 30 хувийг нь импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлдэг. Өнгөрсөн оны инфляцын 9 хувийн 2.7 нэгж хувьд импортын бараа бүтээгдэхүүн нөлөөлсөн байдаг. Тиймээс Трампын татварын энэхүү шинэ бодлого нь инфляцад нөлөөлөх эрсдэл бий.Нөгөө талаас, манай улсын экспортын 90 гаруй хувь нь БНХАУ руу хийгддэг учраас тухайн улсын эдийн засгийн өсөлт ямар байхаас хамаарч, төлбөрийн тэнцэлд нөлөөлөх эрсдэл ажиглагдаж байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн өнгөрсөн оны хүлээгдэж буй гүйцэтгэл 4.5 хувьтай байгаа бол энэ онд 5 хувьд хүргэнэ гэж зорьж байна. Тэгвэл Дональд Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлж байгаа шинэ бодлогын нөлөөгөөр өсөлтийн хувь нь 0.5 нэгж хувиар буурч, 4 хувь руу орж ирэх болов уу гэж эдийн засагчид үзэж байна. Эдийн засгийн өсөлтийн энэхүү удаашрал нь манай улсын экспортын үнэ, тоо хэмжээнд дарамт үүсгэх төлөвтэй байна.

-БНХАУ “Трамп тариф”-ын хариу арга хэмжээ авах хүрээнд АНУ-аас импортлох коксжих нүүрсний импортод мөн тодорхой хязгаарлалт тавиад байгаа. Харин эсрэг талд Монгол Улсаас БНХАУ-ын импортлох нүүрсний импорт өснө гэсэн хүлээлт бий. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч БНХАУ дотоодын олборлолт, үйлдвэрлэлээс гадна олон улсаас импортолж, жилд 4 тэрбум гаруй тонн нүүрс хэрэглэдэг. Гангийн үйлдвэрүүдэд ашигладаг өндөр чанартай коксжих нүүрснээс гадна эрчим хүчний зориулалттай нүүрс импортолдог. Монгол Улсын хувьд тус улсад экспортолж буй нүүрсний томоохон хэсгийг коксжих нүүрс бүрдүүлдэг. Манайд байгаа судалгаагаар БНХАУ жилд 70 сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг бол үүний 40 хувь буюу 30 гаруй сая тонныг Монгол Улсаас авч байна. Тус улсын коксжих нүүрсний импортын дийлэнхийг Монгол, ОХУ, Австрали бүрдүүлдэг, харин АНУ том орон зай эзэлдэггүй. Гэхдээ худалдааны дайн гэдэг агуулгаараа сөрөг үр дагавар гарах нь ойлгомжтой.

 

 

 

-Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2024 оны эцсийн гүйцэтгэлээр 622 сая ам.долларын ашигтай гарсан. Гэвч 2023 онтой харьцуулахад энэ нь хоёр дахин буурсан үзүүлэлт. Тэгвэл энэ жилийн төлбөрийн тэнцэлд үүсэж болзошгүй гадаад эрсдэлийг та хэрхэн харж байна вэ?
-Өнгөрсөн онд Монгол Улсын экспорт 4 хувиар, харин импорт 26 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Өөрөөр хэлбэл, валютын гадагш урсгал өндөр, урсгал тэнцэл маш том алдагдалтай байна. Урсгал тэнцлийн алдагдлын томоохон хэсгийг үйлчилгээний тэнцэл бүрдүүлж байна. Монгол Улс гаднаас үйлчилгээ авч байгаа өр төлбөр буюу алдагдал 3 тэрбум ам.доллар гэж яригдаж байна. Энэ байдал өөрчлөгдөхгүй бол дарамт цааш үргэлжилнэ.

Нөгөө талаас, экспорт нэмэгдэхгүй бол зогсонги байдалд ороод байна. Импортын өсөлт өндөр хэвээрээ хадгалагдвал тэр хэмжээгээр дарамт орж ирнэ. Мөн бизнес идэвхжихгүй байгаа ч бидний хэрэглээ их байгаа учраас импорт орж ирсэн хэвээрээ байна. Энэ оны нэгдүгээр сард л гэхэд, гадагшлах урсгал төлбөр тооцооны зүгээс харахад хасах 500 сая төгрөг гэж харагдаж байна. Оны эхнээс л дарамт өндөр байгааг энэ үзүүлэлт харуулж байна. Үүний эсрэг бид экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй. 2025 оны улсын төсөвт нүүрсний экспортыг 100 сая тоннд хүргэнэ гэж төсөөлсөн байна. Өнгөрсөн онд 83 сая тонн нүүрс экспортолж түүхэн дээд түвшинд хүрсэн ч нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үзүүлэлт нь 2024 онд 2023 оноос буурсан харагдаж байна. Өөрөөр хэлбэл, тоо хэмжээ өссөн ч, үнэ буурсан учраас нийт орлого багассан. Трампын тарифтай холбож үзэхэд, Хятадын эдийн засгийн эрэлт буурсан тохиолдолд нүүрсний үнэд мөн дарамт үүсэхээр байна.

-Засгийн газраас эрчим хүчний үнийг өсгөх шийдвэр гаргаснаар инфляц эрчимжиж, оны эцэст 9 хувьд хүрсэн. Тэгвэл энэ онд инфляц Монголбанкны зорилтот түвшинд байх боломжтой юу?
-Өнгөрсөн оны инфляцын үзүүлэлтийг задалж үзвэл цахилгаан хамгийн их буюу 1.9 нэгж хувийг эзэлж байна. Энэ өсөлт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Түүнчлэн инфляцын 30 хувийг бүрдүүлдэг импортын бараа бүтээгдэхүүн нь цөөн нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамааралтай байдаг. Тэрчлэн мах, гурил, сүү улирлын шинжтэй байдгаас гадна дам нөлөөнүүд их орж ирж байна. Иймд инфляц цааш өсөх дарамт их гэж харж байна. Монголбанкны төсөөллөөр энэ онд инфляц хоёр оронтой тоо руу орж болзошгүй. 2025 оны хоёр, гуравдугаар улиралд хамгийн огцом өсөлтүүд гарах магадлалтай. Учир нь одоо байгаа инфляцын суурин дээр инфляцын нөлөөнүүд орж ирнэ гэсэн үг. Монголбанк өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодлогын хүүгээ өөрчлөөгүй ч заавал байлгах нөөцийг 1 нэгж хувиар өсгөсөн. Нэгдүгээр сард мөн хуралдаж, заавал байлгах нөөцийг төгрөгийн хувьд 2 хувь, ам.долларын хувьд мөн 2 хувиар өсгөн мөнгөний бодлогоо хатууруулаад байна. Хэрэв инфляц хоёр оронтой тоо руу орвол бид мэдээж бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно.

 

 

-Тэгвэл Засгийн газраас бодлогын хувьд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Хамгийн чухал нь төмөр замын холболтын асуудал байна. Хэдийгээр нүүрсний экспорт 83 сая тоннд хүрсэн ч хүнд даацын автомашинаар зөөж байна. Тиймээс, нэгдүгээрт, тээврийн компаниудын 60 гаруй хувь нь гаднын аж ахуйн нэгж байдаг учир тэдгээр компанид төлж буй тээврийн зардал нь өмнө дурдсан үйлчилгээний алданги үүсэж байгаа юм. Хоёрдугаарт, нүүрсний экспортоо өсгөхийн тулд боомтын хүчин чадлыг сайжруулж, чөлөөтэй орж гарах нөхцөл байдлаар хангах зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Түүнчлэн, аялал жуулчлал дээр 1 тэрбумын хасах баланс үүсдэг. Хэдийгээр бид Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээ авч байгаа ч зөрөөд монголчуудын гадагш хийх аялал нэлээд өндөр түвшинд хүрсэн. Тэтгэвэр, цалин өссөнтэй уялдаад өрхийн орлого сүүлийн хоёр жилд өссөнтэй холбоотой хэрэглээ өндөр байна. Тиймээс зөвхөн уул уурхайн салбар биш, бусад салбараар эдийн засгаа солонгоруулж, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний түүхий эдийг илүү ахисан түвшний боловсруулалт хийн гаргаж ирэх, илүү өндөр үнэ цэнээр борлуулах тал дээр анхаарах шаардлагатай байх.

Эх сурвалж: Өдрийн сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.186.26)

    2025-02-10

    Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй.