Дасгалжуулагчид С.Карригаар шийдвэрлэх шидэлтийг хийлгэхийг хүсчээ

 

Манай гарагийн хамгийн алдартай сагсан бөмбөгийн лиг NBA-ийн 2015-2016 оны улирал энэ сарын 28-нд нээлтээ хийнэ. Улирлын эхэнд тус лигийн албан ёсны цахим хуудас 30 багийн ерөнхий дасгалжуулагчдын дунд санал асуулга явуулдаг. Өнөө жилийн хувьд ихэнх дасгалжуулагч “Клевлэнд Кавалейрс”-ийн Л.Жеймсийг улирлын MVP буюу үнэ цэнэтэй тоглогчоор шалгарна гэжээ. “Хаан Жеймс” өмнө нь 2009, 2010, 2012, 2013 онд дээрх шагналыг авч байсан.

 

Мөн “Хэрэв та шинэ баг бүрдүүлэх бол ямар тоглогчийг авахыг хүсдэг вэ” гэсэн асуултанд “Нью Орленс Пеликанс”-ийн Э.Дэвисийг нэрлэсэн. Ирээдүйн алдрын танхимын гишүүн Э.Дэвис 2012 оны драфтыг тэргүүлж, Нэгдсэн улсын мөрөөдлийн багийн хамтаар Олимп, дэлхийн аваргад түрүүлсэн. Мөн шинэ улирал эхлэхээс өмнө лигийн хамгийн үнэтэй гэрээг багтайгаа байгуулж чадсан юм.

 

Бусад санал асуулгын хувьд “Лигийн хамгийн сайн хамгаалагч”-аар “Сан Антонио Сперс”-ийн К.Леонард, “Лигийн хамгийн бие хаа сайтай тоглогч”-оор “Оклахома Сити Тандер”-ын Р.Уэстбурк, “Лигийн хамгийн шилдэг мэргэн бууч”-аар “Голден Стэйт Уорерз”-ийн С.Карри, “Лигийн хамгийн хурдан тоглогч”-оор “Вашингтон Визардс”-ийн Ж.Уолл, “Лигийн хамгийн шилдэг дамжуулагч”-аар “Лос Анжелес Клипперс”-ийн К.Пол, “Лигийн шилдэг зургаа дахь тоглогч”-оор “Голден Стэйт Уорерз”-ийн А.Игуадола, “Лигийн хамгийн ширүүн тоглогч”-оор “Мемфис Гризлес”-ийн Т.Аллен нарыг нэрлжээ.

 

Мөн санал асуулгад оролцсон нийт дасгалжуулагчийн 52 хувь нь “Шийдвэрлэх мөчид С.Карригаар шидэлтийг хийлгэнэ” гэсэн байна. Сагсан бөмбөгийн гайхамшгийг дэлхий нийтэд мэдрүүлсэн С.Карри өнгөрсөн улиралд хамгийн шилдэг нь байсан. Тэрээр багийнхаа хамтаар өрнөд бүсийг тэргүүлж, аваргын бөгж, улирлын үнэ цэнэтэй тоглогч, бүх оддын тоглолтын гурван онооны шидэлтийн аварга зэрэг маш олон шагналыг өөрийн болгосон билээ.

 


Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)