Ёкозүна Какүрюү Ананд зүүний тэргүүн магнайд бичигдлээ

 

Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны өнгөрсөн есдүгээр сарын башёд 71 дэх ёкозүна Какүрюү Ананд түрүүлсэн. Манай их аваргын хувьд хоёр дахь эзэн хааны цом нь байсан юм. Харин энэ оны сүүлийн тэмцээн буюу арваннэгдүгээр сарын кюүшюү башёгийн банцүкэ (эрэмбэ) гарчээ.

 

Зүүний тэргүүн магнайд ёкозүна Какүрюү Ананд, барууны тэргүүн магнайд ёкозүна Хакухо Даваажаргал, зүүний дагавар магнайд ёкозүна Харумафүжи Бямбадорж бичигдсэн байна. Мөн Монголын бусад бөхчүүдээс Тэрүнофүжи Ган-Эрдэнэ озэки цолтнуудыг тэргүүлсэн бол өнгөрсөн тэмцээнд тавиас дээш хувийн амжилтаа үзүүлсэн Ичиножёо Ичинноров маэгашира цолтнуудын нэгд бичигджээ.

 

Аки башёд хоёр ёзозүнаг дараалан өвдөг шороодуулсан Ёшиказэ комүсүби цол авлаа. Уг нь 11 даваа, 4 унаатай тэмцээнээ дуусгасан ч хоёр сэкиваки тавиас дээш хувийн амжилтаа үзүүлсэн учир түүнд заан цолны орон зай гарч ирээгүй юм. Мөн Кёкүшюүхо Эрдэнэбаатар маэгаширагийн 7, Тамаваши Мөнх-Оргил М-9, Токитэнкү Хүчитбаатар М-14, Асасэкирюү Дашням М-16-гаас ирэх сард барилдахаар болжээ.

 

Харин өнгөрсөн тэмцээнд тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадаагүй Сэйро Өнөболд, Кагамио Нанжид, Таканоива Баасандорж нар жюүрёо зиндааг тэргүүлэн барилдах аж.

 

Сүүлийн арав гаруй жил Монгол бөхчүүд дээд зиндаанд ноёрхож байна. Мөн 2006 оны нэгдүгээр сараас хойш Япон бөх эзэн хааны цом хүртэж чадаагүй цуврал үргэлжилж байгаа аж. Иймд Япон хүн бүр өөрийн орны бөх түрүүлэхийг нь хүсэж байгаа ч тэдний санаснаар болохгүй л байна. Итгэл хүлээлгэсэн озэки Кисэносато, Котошёогикү, Гоэйдо нар түрүүлэх нь байтугай арслан цолныхоо хэмжээнд барилдаж чадахгүй байгаа учир дахиад хэдэн жил энэ уламжлал үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр байна.

 

 

Японы мэргэжлийн сумод сүүлийн 12 жил түрүүлсэн бөхчүүд

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)