Аваргууд шинэ улирлыг ялалтаар эхлүүллээ

 

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2015-2016 оны улирал өнөөдөр нээлтээ хийлээ. Манай гарагийн сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг NBA-ийн шинэ улиралд уламжлал ёсоор 30 баг оролцож байгаа аж. Өнөөдөр “Детройт Пистонс”-“Атланта Хаукс”-ийг 106:94, “Чикаго Буллз”-“Клевлэнд Кавалейрс”-ийг 97:95, “Голден Стэйт Уорерз”-“Нью Орленс Пеликанс”-ийг 111:95-аар тус тус хожлоо.

 

Сүүлийн таван улирлын шигшээд тоглосон Л.Жеймс “Клевлэнд Кавалейрс” багийг ахлаж байгаа. Өнөөдөр тэрээр шилдэг тоглолтоо үзүүлж, 25 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч дабль-дабль хийсэн. Гэвч багийн нөхөд нь өнгөрсөн улирлынх шиг хангалтгүй байв. М.Уильямс 19 оноо, 7 оновчтой дамжуулалт, К.Лав 18 оноо, 8 самбар, Р.Жефферсон 10 оноо авсан. Харин Т.Мозгов, Ж.Ар Смит, М.Деллаведова нарын идэвхитэй тоглолт дутагдаж байлаа.

 

Тэдний өрсөлдөгч “Чикаго Буллз”-ын залуус ямар ч байсан улирлыг ялалтаар эхлүүллээ. “Морин цэргүүд”-ийн эсрэг Н.Моритич 19 оноо, 9 самбар, 18 оноо, 5 оновчтой дамжуулалт, Ж.Батлер 17 оноо, Э.Мур 11 оноо, Т.Шнейл 11 оноо тус тус авсан.

 

Энэ өдрийн гурав дахь тоглолт “Голден Стэйт Уорерз”-“Нью Орленс Пеликанс” багуудын хооронд болов. С.Керр дасгалжуулагчтай “Алтан мужийн дайчид” өнгөрсөн улиралд гайхалтай байж, аварга цол хүртсэн. Тэд энэ улирлыг нь ялалтаар эхлүүллээ. Талбайн эздээс С.Карри 40 оноо, 7 оновчтой дамжуулалт, 6 самбар, Ф.Эзили 13 оноо, А.Богут 12 оноо, 5 самбар, 5 оновчтой дамжуулалт, Д.Грин 10 оноо, 8 самбар, Х.Барнес 8 оноо, 9 удаа самбараас бөмбөг авч шилдэг тоглолтоо үзүүлсэн.

 

Тэдний өрсөлдөгч “Нью Орленс Пеликанс”-аас түлхүүр тоглогч Э.Дэвис 18 оноо, 6 самбар, И.Смит 17 оноо, 9 оновчтой дамжуулалт, Э.Гордан 14 оноо, Д.Чуннингэм 13 оноо авсан ч баг нь ялагдал хүлээлээ.

 

Харин маргааш 14 гайхалтай тулаан биднийг хүлээж байна. Тодруулбал “Вашингтон Визардс”-“Орлэндо Мэжик”, “Филадельфи 76”-“Бруклин Нэтс”, “Юта Жаз”-“Детройт Пистонс”, “Шарлотте Хорнетс”-“Майами Хит”, “Индиана”-“Пэйзерс”-“Торонто Рэпторс”, “Денвер Нагеттс”-“Хьюстон Рокетс”, “Клевлэнд Кавалейрс”-“Мемфис Гризлес”, “Нью Йорк Никс”-“Милуоки Бакс”, “Сан Антонио Сперс”-“Оклахома Сити Тандер”, “Даллас Маверикс”-“Финикс Санс”, “Нью Орленс Пеликанс”-“Портлэнд Блэзерс”, “Лос Анжелес Клипперс”-“Сакраменто Кингз”, “Лос Анжелес Лэйкерс”-“Миннесота Тимбер Уолвез” багууд оноолт таарчээ.

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)