Т.Данкан тэргүүтэй NBA-д хүчин зүтгэж буй гадаадын үе үеийн шилдэг тоглогчид

 

Далайн чанадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн 2015-2016 оны улирал өнөөдөр эхэлж байна. Т.Данкан, К.Брайант, К.Гарнетт зэрэг ахмад үе, Л.Жеймс, Д.Уэйд, Д.Ховард, К.Бош, К.Пол зэрэг үзэгчдийн шүтээн тоглогчид, К.Лавази, Э.Дэвис нарын залуучууд шинэ улиралд сагсан бөмбөгийн гайхамшгийг мэдрүүлэхэд бэлэн болжээ.

 

Өнгөрсөн улиралд NBA-д 110 гадаад тоглогч байсан. Тэдний 11 нь “Сан Антонио Сперс” багийн бүрэлдэхүүнд хүчин зүтгэж байлаа. Харин энэ оны драфтаар Доминиканий К.Энтони Таунс, Ардчилан Конго улсын Э.Мудия, Канадын Т.Лэйс, Сербийн Н.Милутинов, Туркийн К.Осман, Испанийн Г.Хернангомез, Аргентиний Х.Пабло Ваулет зэрэг 18 тоглогч Нэгдсэн улсын сагсан бөмбөгийн лигийн гишүүн болсон.

 

NBA-д өөрийн гайхалтай ур чадвараар “од” болон гялалзаж, нэрээ үлдээсэн цөөнгүй гадаад тоглогчид байдаг. Тэдгээрээс Нигерийн Х.Олажувон, Францын Т.Паркер, Германы Д.Новицки нар финалын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн. Харин АНУ-ын бус гаралтай ганцхан тоглогч “Бүх оддын тоглолт”-ын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч байв. Тэр нь АНУ-ын Виржиний арлууд улсаас гаралтай домогт Т.Данкан юм. Ингээд АНУ-ын сагсан бөмбөгийн мэргэжлийн лигт өөрийн нэрийг үлдээсэн шилдэг тоглогчдын тухай цувралаар хүргэж байна.

 

1. Хамгийн эхэнд яах аргагүй Т.Данкан бичигдэнэ. Түүнд ганцхан амьдрал байдаг нь сагсан бөмбөг юм. Тэрээр 1976 оны дөрөвдүгээр сарын 25-нд Виржиний арлууд улсын Кристианстед хотод төрсөн. 1997 оны драфтын эхний бүсийн нэг дэх сонголтоор Техас мужийн “Сан Антонио Сперс” багт иржээ.

 

 

 

Түүнээс хойш 18 улирал тоглохдоо 1999, 2003, 2005, 2007, 2014 оны улирлын аварга, 1999, 2003, 2005 оны улирлын финалын үнэ цэнэтэй тоглогч, 2002, 2003 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, 15 удаагийн Бүх оддын тоглолтын гишүүн, 2000 оны Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч болсон.

 

Мөн NBA-д тоглох хугацаандаа 25.974 оноо авч бүх цагийн үеийн мэргэн буучдын жагсаалтын 14-т бичигддэг. Түүний өмнө К.Абдул Жаббар, К.Мэлоун, К.Брайант, М.Жордон, У.Чемберлен, Ш.О’Нил, О.Робертсон, Х.Олажувон, М.Мэлоун, Д.Уилкинс зэрэг домгууд л байдаг аж.

 

2. Хаким Абдул Олажувон Африкийн Нигери улсын нийслэл Лагос хотод 1963 оны нэгдүгээр сарын 21-нд төрсөн. Тэрээр алдарт 1984 оны дрфатын эхний бүсийн нэг дэх сонголтоор “Хьюстон Рокетс” багт ирж байлаа. 1984 оны драфтаар М.Жордан, Ч.Баркли, Ж.Стоктон, К.Уильс зэрэг шилдгүүд орж ирж байлаа.

 

 

Хаким “Пуужингууд”-ын төлөө 17 жил тоглохдоо 1994, 1995 оны улирлын аварга, финалын үнэ цэнэтэй тоглогч, 1994 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, 12 удаагийн бүх оддын тоглолтын гишүүн, 1989, 1990 оны улирлын самбараас бөмбөг авалтын лидер тоглогч, “Хьюстон Рокетс” багийн бүх цаг үеийн онооны лидер тоглогч, мөн баг нь түүний 34 дугаарыг нь алдрын танхимдаа мөнхөлсөн.

 

Тэрээр 2002 онд зодог тайлсан бөгөөд карьерынхаа туршид 26.946 оноо, 13.747 самбараас бөмбөг авалт, 3830 блок-шотт гүйцэтгэсэн. Харин Нэгдсэн улсын сагсан бөмбөгийн шигшээ “Мөрөөдлийн баг”-ийн хамтаар 1996 он Атланта хотод болсон зуны Олимпийн наадамд түрүүлсэн юм.

 

3. Герман улсын хамгийн алдартай сагсан бөмбөгч Д.Новицки далайн чанадын мэргэжлийн лигт ч өөрийн нэрийг тодоор үлдээсэн. Тэрээр 1978 оны зургаадугаар сарын 19-нд хуучнаар Баруун Германд төрсөн. Анх 1998 оны драфтын эхний бүсийн ес дэх сонголтоор “Милуоки Бакс” багт ирсэн ч тэр зундаа солилцоо наймаанд хамрагдаж, Техас мужийн “Даллас Маверикс”-т тоглох болсон. Энэ бол түүний бүхий л амьдралын хувь заяаг шийдсэн явдал байлаа.

 

 

Д.Новицки өнөөдрийг хүртэл “Даллас Маверикс” багийн төлөө тоглохдоо 2011 онд NBA-ийн аварга, финалын үнэ цэнэтэй тоглогч, 2007 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, 13 удаагийн бүх оддын тоглолтын гишүүн, 2006 оны улирлын холын зайн шидэлтийн лидер тоглогч, багийнхаа бүх цаг үеийн онооны лидер тоглогчоор шалгарч байлаа.

 

Мөн шигшээ багийнхаа хамтаар 2002 оны дэлхийн аваргын хүрэл, 2005 оны Европын аваргын мөгөн медаль хүртсэн. 2002 онд АНУ-ын Индианаполис хотод болсон дэлхийн аваргад талбайн эзэд шөвгийн наймд гутамшигт ялагдал хүлээсэн бол Германы шигшээ гуравдугаар байр эзэлсэн. Өөрийн багаа гайхалтай удирдсан Д.Новицки тус тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор нэрлэгдсэн нь олон нүдээ олсон шагнал боллоо гэж байсан юм.

 

4. “Хорватын пуужин” хочид Т.Кукоч хоёр улсын шигшээ багийн нэрийн өмнөөс тоглож байлаа. Тэрээр 1968 оны есдүгээр сарын 18-нд хуучнаар Югослав улсын Сплит хотод төрсөн. 1990 оны драфтын хоёрдугаар бүсийн 29 дэх сонголтоор “Чикаго Буллз” багт ирж, гайхалтай долоон улирлыг өнгөрөөсөн. Энэ хугацаанд 1996, 1997, 1998 оны NBA-ийн аварга, 1996 оны улирлын шилдэг зургаа дахь тоглогч болсон.

 

 

1990-ээд оны үед Югослав улс задран унахад Т.Кукоч Хорват улсын иргэн болж байлаа. Анх Югославын улсын шигшээ багт тоглож байхдаа 1988 оны Сөүлийн зуны Олимпийн наадмын мөнгө, 1990 оны дэлхийн аварга, Европын аваргаас 1989, 1991 онд алт, 1987 онд хүрэл медаль хүртсэн. Харин дараа Хорват улсын шигшээ багт тоглохдоо 1992 оны Барселонагийн зуны Олимпийн наадмын мөнгө, 1994 оны дэлхийн аваргын хүрэл, 1995 оны Европын аваргаас хүрэл медаль авч байсан аж.

 

Т.Кукоч алдарт дасгалжуулагч Ф.Жексоны удирдсан “Чикаго Буллз” багт домогт М.Жордан, С.Пиппен, Д.Родман, Р.Харпер, Л.Лоунгли, Х.Грант нартай гурван удаа аварга болж, карьерынхаа туршид 9810 оноо, 3555 самбар, 3119 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн шилдэг тоглогч байлаа.

 

Үргэлжлэл бий...

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (43.242.243.181)

    2015-10-30

    Энэ одоо хаанаас юу хулгайлаад байнаа