К.Брайант хүлээлт үүсгэсэн асуултын хариулт болгож эргэн ирлээ

 

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирал өчигдөр эхэлсэн. Шилдэг тоглогч Л.Жеймс “Морин цэргүүд”-ийн хамтаар дахин финалд гарч ирэх үү, өнгөрсөн улирлын аварга “Голден Стэйт Уорерз” хэрхэн тоглох зэрэг олон асуудал үзэгчдийн сонирхлыг татаж байгаа. Тэдгээрээс К.Брайант хамгийн их хүлээлт үүсгээд байсан.

 

Ирээдүйн алдрын танхимын гишүүн, бүх цаг үеийн шилдэг тоглогч К.Брайант хэдийгээр 37 настай ч талбай дээр оноо авах чадвар нь хэвээр байгаа. Түүний асуудал “Лос Анжелес Лэйкерс” баг дотор нэн тэргүүнд яригдах ёстой. Дасгалжуулагч Б.Скотт Кобигийн талаар хэлэхдээ “Магадгүй К.Брайантын сүүлийн улирал байж болно. Гэхдээ тэр энэ улирлын тоглолт бүрт хичээж тоглох хэрэгтэй. Яагаад гэвэл багийн хувь заяа түүнтэй салшгүй холбоотой. Гэмтэл авахгүй бол хүссэн тоглолтоо гаргах боломжтой. Харин өөрт нь хэт их ачаалал өгч болохгүй, хүсснээрээ тоглох нэг улирал үлдлээ” гэсэн аж.

 

Өнөөдөр “Лос Анжелес Лэйкерс” шинэ улирлын анхын тоглолтоо “Миннесота Тимбер Уолвек” багийн эсрэг хийлээ. Хэдийгээр “Тайгын чононууд” 112:111-ээр хожсон ч домогт К.Брайант 24 оноо авсан. Карьерынх нь сүүлийн улирал болж магадгүй байгаа Кобе бүхий л хүчээ гарган найман сар талбайд тоглохоор шийджээ.

 

К.Брайант 1996 оны драфтын эхний бүсийн 13 дахь сонголтоор NBA-д орж ирсэн. Түүнээс хойш бүтэн 20 сагсан бөмбөг сонирхогчдыг байлдан дагуулж, дэлхийн тамирчин болжээ. Тэрээр 2000, 2001, 2002, 2009, 2010 онд таван удаа аварга, 2009, 2010 онд хоёр удаа финалын үнэ цэнэтэй тоглогч, 2008 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, 17 удаагийн бүх оддын тоглолтын гишүүн, дөрвөн удаа бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, хоёр улирлын онооны лидер тоглогч, “Лос Анжелес Лэйкерс” багийн бүх цаг үеийн онооны лидер тоглогч, 11 удаа бүх NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгдэж байлаа.

 

Мөн АНУ-ын “Мөрөөдлийн баг”-ийн хамтаар “Бээжин 2008”, “Лондон 2012” зуны Олимпийн их наадмын аварга, 2007 онд “Пан Америка” тэмцээний алтан медаль хүртсэн юм.

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)