“Алтан мужийн дайчид” тав дараалан хожлоо

 

NBA-ийн талбайд өнөөдөр арван тоглолт боллоо. Улирал эхэлснээс хойш өрнөд бүст хоёр баг нэг ч хожигдолгүй явж байсан. Харин өнөөдөр дөрөв дараалан ялаад байсан “Голден Стэйт Уорерз”-“Лос Анжелес Клипперс” багууд хоорондоо тоглолоо. Зочин баг “Клипперс”-ээс К.Пол 24 оноо, 9 оновчтой дамжуулалт, Б.Гриффин 23 оноо, 10 самбар, Ж.Рэйдик 13 оноо, Д.Андре Жордан 11 оноо, 13 удаа самбараас бөмбөг авч хоёр ч тоглогч нь дабль-дабль хийсэн. Гэсэн өнгөрсөн улирлын аваргууд илүү хүчирхэг байж С.Карри 31 оноо, 5 самбар, Х.Барнес 17 оноо, 9 самбар, К.Томпсон 16 оноо, Ф.Эзили 12 оноо, Д.Грин 10 оноо авч “Голден Стэйт Уорерз” өрсөлдөгчөө 112:108-аар хожсон юм.

 

Өнөө цагийн хамгийн шилдэг тоглогчдын нэгд зүй ёсоор орж буй С.Карри өнгөрсөн улиралд Бүх оддын тоглолтын гурван онооны шидэлтийн аварга, улирлын үнэ цэнэтэй тоглогч, багаараа аварга цол хүртсэн. Энэ улиралд С.Карри гайхалтай тоглолт үзүүлэн одоогийн байдлаар 35.8 оноог нэг тоглолтонд дунджилж, бүх тамирчдыг тэргүүлж байна.

 

Мөн өнөөдөр далайн чанадын мэргэжлийн лигийн таван удаагийн аварга, домогт Т.Данканаар удирдуулсан “Сан Антонио Сперс” баг “Вашингтон Визардс”-ын талбайд зочлон тоглосон. Нийслэлийн багаас Б.Бэйл 25 оноо, Ө.Портер Жи Ар 19 оноо, Ж.Уолл 17 оноо, 13 оновчтой дамжуулалт, М.Гортат 10 оноо, 8 удаа самбараас бөмбөг авсан. Харин зочин багаас К.Леонард 23 оноо, 9 самбар, Т.Паркер 17 оноо, Д.Грин 12 оноо, М.Жинобили 12 оноо, Л.Алдриж 10 оноо, 14 удаа самбараа бөмбөг авчээ.

 

Дээрх хоёр багийн тоглолт тун сонирхолтой өрнөсөн. Үндсэн цаг дусахаас 07.3 секундын өмнө тооны харьцаа 99:96 байсан. Гэтэл хожигдож буй “Сан Антонио Сперс”-ээс туршлагатай тоглогч Т.Паркер алсын зайнаас амжилттай довтлож, 99:99 болгон тэнцүүлсэн. Ингээд тоглолт дуусахад гуравхан секунд дутуу байхад “Вашингтон”-ы Б.Бэйл өөртөө итгэлтэй шидэлийг хийж, баг нь 102:99-өөр хожсон аж.

 

Өнөөдөр болсон бусад тоглолтын хувьд “Индиана Пэйзерс”-“Бостон Селтикс” 100:98, “Атланта Хаукс”-“Бруклин Нэтс” 101:87, “Клевлэнд Кавалейрс”-“Нью Йорк Никс” 96:86, “Хьюстон Рокетс”-“Орлэндо Мэжик” 119:114, “Милуоки Бакс”-“Филадельфи 76” 91:87, “Торонто Рэпторс”-“Оклахома Сити Тандерс” 103:98, “Портлэнд Блэзерс”-“Юта Жаз” 108:92, “Финикс Санс”-“Сакраменто Кингз”-ийг  118:97-гоор тус тус буулган авлаа.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)