Р.Уэстбрук энэ улирлын анхны трипль-даблаа хийлээ

 

 

NBA-ийн талбайд өнөөдөр долоон тоглолт боллоо. Эдгээрээс “Клевлэнд Кавалейрс”-“Юта Жаз” 118:114, “Оклахома Сити Тандер”-“Вашингтон Визардс” 125:101, “Майами Хит”-“Лос Анжелес Лэйкерс” 101:88, “Нью Йорк Никс”-“Торонто Рэпторс” 111:109, “Бостон Селтикс”-“Милуоки Бакс” 99:83, “Шарлотте Хорнетс”-“Миннесота Тимбер Уолвез” 104:95, “Нью Орлесн Пеликанс”-“Даллас Маверикс”-ийг 120:105-аар тус тус хожсон.

 

Өнөө цагийн хамгийн шилдэг тоглогч Л.Жеймс сүүлийн таван улирлын финалд тоглосон. Энэ улиралд багаа амжилттай удирдаж, найм дараалан хожоод байна. Өнөөдөр талбай дээрээ “Юта Жаз” багийг хожиход Л.Жеймс 31 оноо, 8 оновчтой дамжуулалт, 7 самбар, М.Уильямс 29 оноо, 6 самбар, 6 оновчтой дамжуулалт, К.Лав 22 оноо, 8 удаа самбараас бөмбөг авсан. Тэдний өрсөлдөгч багаас А.Буркс 24 оноо, Д.Фаворс 17 оноо, 9 самбар, Г.Хэйуард 17 оноо, Р.Хүүд 16 оноо, Т.Бурке 16 оноо, Р.Нето 15 оноо зэрэг зургаан тоглогч нь араваас дээш оноо авсан ч ялалт байгуулж чадсангүй.

 

2014-2015 оны улиралд “Оклахома Сити Тандер” багийн хоёр шилдэг тоглогчоос К.Дюрант гэмтэл авч, санасан хэмжээндээ тоглож чадаагүй. Харин Р.Уэстбрук багийн лидер тоглогчийн үүргээ амжилттай биелүүлж, лигийн тэмцээний бүх цаг үеийн түүхэнд домог болон үлдсэн.

 

Тэрээр өнгөрсөн оны хоёрдугаар сард дөрөн удаа трипль-дабль хийсэн. Нийтдээ улирлын турш долоон удаа трипль-дабль гүйцэтгэж байлаа. Харин өнөөдөр “Аянганууд” нийслэлийн багийн талбайд зочлон тоглоход Р.Уэстбрук 22 оноо, 11 самбар, 11 удаа оновчтой дамжуулалт гүйцэтгэж, энэ улирлын анхны трипль-даблаа хийлээ. Түүний багийн андуудаас Д.Уэйтер 25 оноо, С.Ибака 23 оноо, 6 самбар, К.Дюрант 14 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч шилдэг тоглолтоо үзүүллээ.

 

Харин “Вашингтон Визардс”-ийн Р.Сессионс 15 оноо, 5 оновчтой дамжуулалт, М.Гортат 15 оноо, О.Портер 14 оноо, Г.Нэйл 14 оноо, К.Оубер 11 оноо авсан юм.

 

Р.Уэстбрук өнгөрсөн улиралд домогт сагсан бөмбөгч О.Робертсон тэртээ 1960-1961 онд таван тоглолтонд 200 оноо, 54 самбар, 52 оновчтой дамжуулалт өгч байсан амжилтыг 201 оноо, 61 самбар, 56 оновчтой дамжуулалт гүйцэтгэж нэгэн өвөрмөц рекордын эзэн болжээ.

 

Энэ бүх сүрдэм амжилт нь түүнд “Хүн робот” гэдэг хочийг өгөхөд хүргэсэн.  Тэрээр 1988 оны арваннэгдүгээр сарын 12-нд Калифорни мужид төрсөн. “UCLA”-гийн их сургуульд хоёр жил суралцаж, 2008 оны драфтад нэрээ дэвшүүлжээ. Улмаар эхний бүсийн дөрөв дэх сонголтоор хуучнаар “Сиэтл Суперс Соникс” багт ирсэн юм. Үүний дараа баг нь “Оклахома Сити Тандер” нэртэй болж, К.Дюрант, С.Ибака, Р.Уэстбрук гэсэн залуу их гурвал багийнхаа шинэ түүхийг бичиж эхэлсэн байна. 2011-2012 оны улиралд “ОКС” бүсийн аварга болж, финалд “Майами Хит”-ийн Л.Жеймс, Д.Уэйд, К.Бош нарт ялагдсан.

 

Найман жил NBA-д тоглохдоо гурван удаа нэгдүгээр багт нэрлэгдэж, дөрвөн удаа бүх оддын тоглолонд оролцсон. Мөн 2015 оны бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан байна. Харин АНУ-ын “Мөрөөдлийн баг”-ийн хамтаар 2010 онд Турк болсон дэлхийн аварга, 2012 онд Лондон хотод болсон зуны Олимпийн их наадамд түрүүлсэн шилдэг тоглогч билээ.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)