К.Брайант 2016 оны Олимпийн наадамд оролцох хүсэлтээ илэрхийллээ

 

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн тэмцээний бүх цаг үеийн шилдэг тоглогч, ирээдүйн алдрын танхимын гишүүн К.Брайант 19 дэх улиралдаа мэргэжлийн лигт тоглож байна. Тэрээр лигийн тэмцээнээс гадна АНУ-ын шигшээ “Мөрөөдлийн баг”-ийн хамтаар “Бээжин 2008”, “Лондон 2012” зуны Олимпийн наадамд түрүүлсэн.

 

Мөн ирэх онд Бразил улсын Рио де Жанейро хотод болох зуны Олимпийн ХХХI наадамд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр энэ тухай “Би Риод очиж тоглохыг хүсэж байна. Тэгвэл их сайхан байхсан. Дахин шилдгүүдийн дунд тоглох нь гайхалтай мэдрэмжийг өгнө шүү” гэсэн аж.

 

Нэгдсэн улсын сагсан бөмбөгийн шигшээ “Мөрөөдлийн баг” 2004 онд Грекийн Афин хотод болсон зуны Олимп, 2006 онд Япон улсад болсон дэлхийн аваргад түрүүлж чадалгүй, хүрэл медаль хүртсэн.

 

Тухайн үед Ш.О’Нил, К.Брайант нарыг “Мөдөөдлийн баг”-т урьсан ч “Лос Анжелес Лэйкерс” багийнхаа дасгалжуулагч Ф.Жексоныг Олимпод явбал тоглоно гэж байсан. Гэхдээ энэ хүсэлтийг нь АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо хүлээж авагүй юм. Уламжлал ёсоор М.Кыржижевский дагсалжуулсан ч олон жилийн амжилт нь тасалдсан аж.

 

Харин энэ алдаагаа тэд засаж, “Бээжин 2008”, “Лондон 2012” зуны Олимп, “Турк 2010”, “Испани 2014” дэлхийн аваргуудад дараалан түрүүлсэн. Мөн ирэх жил Олимпийн наадамд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Олимпийн багт ихэнхдээ залуучуудыг авдаг боловч 2-3 ахмад тоглогчийг элсүүлдэг. Иймд К.Брайант дахин нэг Олимпийн наадамд тоглох боломжтой юм.

 

 

Манай гарагийн сая сая сагсан бөмбөг сонирхогчдыг шүтээн “Алдарт” К.Брайант 1978 оны наймдугаар сарын 23-нд Пенсильваниа мужийн Филадельфи хотод төрсөн. Анх 1996 оны драфтын эхний бүсийн 13 дахь сонголтоор NBA-ийн “Шарлотте Хорнетс” багт элссэн. Гэвч тэр зундаа солилцоо наймаанд хамрагдаж, “Лос Анжелес Лэйкерс”-т ирсэн.

 

Энэ үеэс К.Брайант сагсан бөмбөгийн хамгийн шилдэг тамирчин болох гараагаа эхэлж, 2000, 2001, 2002, 2009, 2010 онд аваргын бөгж, 2009, 2010 оны финалын үнэ цэнэтэй тоглогч, 17 удаагийн бүх оддын тоглолтыг гишүүн, дөрвөн удаа бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, хоёр удаа улирлын онооны лидер тоглогч, “Лос Анжелес Лэйкерс” багийн бүх цаг үеийн онооны лидер, 2006 оны нэгдүгээр сарын 22-нд “Торонто Рэпторс”-ийн эсрэг 81 оноог авч чадсан гайхалтай тоглогч билээ.

 


Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)